Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон төрлийн сонсгол явуулж байхаар хуульд тусгажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Цог нар тус тус танилцууллаа.

УИХ-ын хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль санаачлагч, төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэм хэмжээ тогтоосон акт болон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан энэ хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Хуулийн төсөлд хууль тогтоох: 

  • Ерөнхий хяналтын, 
  • Төсвийн хяналтын, 
  • Томилгооны, 
  • Мөрдөн шалгах, 
  • Захиргааны хэм хэмжээний 
  • Төлөвлөлтийн, 
  • Орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна.
Мөн хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг тус тус явуулахаар тусгажээ.

УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах бөгөөд УИХ-аас мөрдөн шалгах сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулах, УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулах, Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой асуудлаар төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулна

Харин Орон нутгийн сонсголыг УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавихдаа, сонсголыг ямар байгууллага хариуцах, сонсголыг явуулах үндэслэл нь юу байх, анхлан санаачлагч нь хэн байх, мөрдөн шалгах сонсгол гэдгийг хэрхэн ойлгох, сонсгол нь нээлттэй хэлэлцүүлгээс юугаар ялгаатай байх, сонсголыг зохион байгуулах хүсэлтийг хэн, хэрхэн гаргах, нийтийн сонсголын талаарх олон улсын парламентын туршлагыг хэрхэн харгалзан үзэж тусгасан, мөрдөн шалгах сонсголыг явуулах эрх нь яагаад хязгаарлагдмал байгаа, томилгооны сонсголын зохицуулалт ямар байх, энэ хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хуулиудтай хэрхэн уялдуулсан,сонсголыг улс төрийн болон хувийн ашиг сонирхолдоо ашиглах тохиолдлыг хэрхэн хязгаарлах, хаах зэрэг асуудалд илтгэгчийн анхаарлыг хандуулж хариулт авав.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар уг асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ.