Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганхуяг: 2015 онд Монголд хөрөнгө оруулалтын хоёр дахь давалгаа эхлэх нь тодорхой

Б.Өнөртогтох
2015 оны 1 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ 2015 оны төсвийг тодотголоо. Таны хувьд хэр бодит хөрсөнд буусан төсөв гэж харж байна вэ?

-Улсын төсвийн орлогыг төсвийн хуулийг боловсруулж, өргөн мэдүүлсэн Засгийн газар ч, хэлэлцэж баталсан УИХ ч аль болох бодит хөрсөн дээр буулгахыг хичээсэн. Тодорхой ахиц гарсан болов уу гэж бодож байна. УИХ 2012 онд өмнөх Засгийн газарт таван тэрбум хүртэл долларын бондыг гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргаж санхүүжилт босгох эрхийг өгсөн. 

Эрх өгсөн шалтгаан нь гол нэрийн экспортын  ашигт малтмалын түүхий эд үнэтэй үед сонгуулийн амлалтаас улбаалан хоёр тэрбум ам.долларыг бэлнээр, үүнээс нэг орчим тэрбум ам.доллар нь 2012 оноос  хойш онуудад улсын төсөвт орох орлогыг урьдчилж зээл аваад тараачихсанаас улсын төсвийн орлого бүрдэлт тэр хэмжээгээр дутагдаж байсантай холбоотой ийм шийдвэрийг УИХ гаргасан болов уу гэж бодож байна.

Засгийн газар дээрх шийд­вэрийн  хүрээнд 1.5 тэрбум ам.долларын "Чингис", 300 гаруй сая ам.долларын "Самурай"  бондын санхүүжилтийг гадаадын хөрөнгийн зах зээлээс босгосон.

Гэвч УИХ энэ бондын зээлээ Засгийн газрын өрд хамруулах, төсөвтөө суулгахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэлгүй 1.5 жилийн хугацааг алдсан. Харин саяхан эвслийн Засгийн газар байгуулагдсаны дараа 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр энэ асуудлыг шийдвэрлэлээ. 

Ингэснээр Монгол Улс гадаадад ч, дотоодод ч нэг төсөвтэй болж, төсвийн үзүүлэлт бодит байдалд нийцсэн нь хамгийн том үр дүн юм. 2008 оноос хойш 2014 оныг дуусах хүртэл хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан, эсхүл баригдаж эхэлсэн барилгын асуудлыг үргэлжлүүлж дуусгах, шаардлагагүй гэж үзвэл худалдах, баригдаж дууссан барилгын сан­хүү­жилтийн асуудлыг Хөгж­лийн банкны санхүүжилтээр шийдэх үүргийг Засгийн газарт даалгасан.

Ийм эрхийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөхгүй бол дутуу баригдсан олон барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж их хэмжээний хөрөнгөөр улс хохирч магадгүй болоод байсан.

-Засгийн газраас тэвчиж болох зардал гэж оруулж ирсэн бүх халамж хэвээр үлдлээ шүү дээ. Нөгөө талаар хасалт таналтыг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой гэх шүүмжлэл байгаа. УИХ-ын гишүүдийн хууль санаачлахад олгодог мөнгө хэдэн төгрөгөөр тухайлбал хасагдав? 

-Бух улс төрийн албан тушаалтантай холбогдох урсгал зардлыг таван хувиар хасч, төсвийн зарлагыг 470 орчим сая төгрөгөөр бууруулсан. Энэ дотор УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид ордог. Дээр нь Засгийн газар төрийн захиргааны албан хаагчдын тоог 15 хувиар цомхотгосон. Мөн 2012-2014 оны хооронд төсвөөс цалин ав­даг хү­мүү­сийн тоонд су­дал­гаа хийж харь­цуулж үз­лээ. 

Гол нь УИХ-аас гар­сан шийд­вэ­рийг Зас­гийн га­зар хэ­рэг­жүү­лэ­хээр орон тоо нэ­мэгд­дэг ханд­ла­га бай­гаа нь ха­раг­даж бай­на. Тө­рийн за­хир­гаа­ны ал­бан хаагч­дын тоо бол нэ­мэг­дээ­гүй ба­га са­гаар буур­сан бай­на лээ. Ха­рин тө­рийн үйл­чил­гээ­ний сал­барт ажил­лаг­са­дын тоо нэмэгдсэн байсан. Тэр нь шинээр сургууль, цэцэрлэг барихаар нэмэгдэх нь ч аргагүй л байх. Түүнээс гадна төрийн тусгай албан хаагчдын тоо нэмэгдсэн байсан. УИХ-ын гишүүдийн хуу­ль санаачлах, судалгаа хийцтэй холбогдсон зардал 40 орчим сая төгрөгөөр буурсан байх.

УИХ-ын хэлэлцүүлгийн явцад шатахууны онцгой албан татва­рыг 230 орчим төгрөгөөр нэмэгдүүл­сэн. Шалтгаан нь дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 50 орчим хувиар огцом буурчихлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гол нийлүүлэгчдээс авдаг шатахууны хилийн үнийг түүхий нефтийн биржийн үнээс тооцдог тэгшитгэл буюу аргачлалтай болсноор шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаж чадсан ба, ингэснээр энэ бүтээгдэхүүний үнийн бүрдэлт ил тод болсон. 

Гэхдээ түүхий нефтийн үнэ огцом буурахаар дагуулаад шатахууны жижиглэнгийн үнийг буулгачихаар эргээд өсөхөөр нь нэмэхэд хүндрэл гардаг. Тиймээс энэ удаад татвараа нэмэх зохицуулалтыг хийсэн.

 Цалин тэт­гэв­рийг 10 ор­чим ху­виар нэмэхээр болсон.

Нефтийн үнэ эргээд огцом өсвөл татвараа буулгаж, жижиглэнгийн үнээ тогтвортой байлгах зохицуулалтыг хийх боломжтой юм. Тиймээс цаашид онцын өөрчлөлт гарахгүй бол бензиний үнэ нэмэгдэхгүй тогтвортой байх боломжтой гэж үзэж байна. 

УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлснээр гол халамжуудыг хасахгүйгээр хэвээр нь үлдээхээр боллоо. Тухайлбал одонтой эх­чүүдийн мөнгө, нярай хүүхэдтэй эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө бүгд буурахгуйгээр хуучин хэвээрээ олгогдохоор төсвийн хуулийн төслийг өөрчилж баталлаа. Эдгээр халамж бол хүн ам зүйн бодлоготой, хүн ам цөөтэй манай оронд  хүн амыг өсгөхтэй холбоотой бодлогыг хэрэгжүүлэх сан­хүү­жилт юм. Мөн дээ­рээс нь цалин тэт­гэв­рийг 10 ор­чим ху­виар нэмэхээр болсон.

-Нефтийн бүтээг­дэ­хүү­ний онц­­гой ал­бан тат­­ва­рыг нэг хувь бол­гож эх үүс­вэ­рээр нь ца­лин тэт­гэ­вэр та­ви­на гэж бай­на. Энэ та­лаар байр суу­риа илэр­хий­лэхгүй юу.

-Зөв зүйтэй алхам гэж дүгнэх байна. 2015 оны нэгдүгээр сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэх тогтоол гарсан.

Дээрх татвараас жилд ойролцоогоор 220 орчим тэрбум төгрөгийн татварын орлого Улсын төсөвт төвлөрөх юм. Энэ мөнгө цалин, тэтгэвэр зэрэгт зарцуулагдана. Улс орны эдийн засаг өсөлт буурч байгаа үед ийм арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.  

-Таныг сайд байх үед ажил хэрэг болсон 106 лицензийг эргэж олгох ажил эхэллээ. Үүний үр дүнг хэрхэн харж байгаа бол. Хэтэрхий замбараагүй олголт хийгдээд үр дүн гарахгүй байх вий гэсэн болгоомжлол ч байгаа? 

-Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрлийн  23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл олгоод байна гэсэн. 

Дээрх 15 талбайн 12 талбайд  өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд  шалгарсан байна. Гурван талбайд нь өрсөлдөгч компаниуд шалгарсан ба өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг буцаан олгож хохиролгүй болгосон байна. 

Дараагийн ээлжийн геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон 13 талбай болон өмнө зарласан 23 талбайгаас нэг оролцогч санал ирүүлсэн таван талбайд дахин сонгон шалгаруулалт зарлаж нийт 18 талбайд сонгон шалгаруулалтыг явуулж байгаа гэсэн мэдээллийг УУЯ-наас ирүүлсэн.

 Ер нь Ашигт малтмалын тухай болон бусад хууль тогтоомжинд зааснаар нийт газар нутгийн 70 гаруй хувьд нь тусгай зөвшөөрөл олгох болон олборлолт явуулах боломжгүй байгаа. Үлдсэн 30 орчим хувийн газар нутагт тусгай зөвшөөрөл олгохдоо тодорхой шалгуур нөхцөл тавьж байгаа учир дахиж замбараагүй байдал үүсэх боломжгүй гэж үзэж байна.

-Засгийн газар, Монгол ­банк­тай хамт­ран эдийн зас­гийг тогт­вор­жу­улах хө­төл­бө­рүүд хэ­рэг­жүү­лээд хоёр жи­лийн нүүрийг үзэж буй. Үүнд Уул уурхайн яам ша­та­хууны жижиглэнгийн ху­дал­даа­ны үнийг тогтворжуулах хө­төлбөрийг хариуцан ажил­лаж байгаа. Та тус яамны сайд байсан хүний хувьд хөтөлбөрийн эдийн засагт нөлөөлсөн бодит үр дүн нь юу байсан гэж харж байна вэ?

-Хөтөлбөрийн үр дүн маш тодорхой байгаа. Хөтөлбөр хэ­рэгжиж эхэлсэнээр шата­хууны нөөц 2.3 дахин нэмэгдсэн. Тухайн үед шатахууны 44.000 орчим тонны нөөцтэй байсан бол одоо 2.3 дахин нэмэгдсэн.

Нөөц нэмэгдсэнээр шатахууны хангамжийн хомсдол үүсэх, улмаар байсхийгээд үнэ нэ­мэгдэх үзэгдэл сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гар­сангүй. 2012-2014 онуудад валютын ханш 35 орчим хувиар нэмэгдсэн хэдий ч шатахууны үнэ тогтвортой байгааг та бүхэн мэдэж байгаа. 

Гол шалтгаан нь энэ хэрэгжүүлсэн хөтөлбөрөөс гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гол нийлүүлэгчдээс авдаг бензиний хилийн үнийг түүхий нефтийн биржийн үнээс тооцдог тэгшитгэл буюу аргачлалтай болсноор хилийн үнийг дунджаар шатахууны төрөл бур дээр 350 орчим ам.доллараар бууруулсантай холбоотой. 

Шата­хууны жижиглэнгийн үнэ тогт­вор­той байснаар хоёр жил га­руйн хугацаанд  иргэдээс гарах зард­лыг ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгөөр хэмнэсэн гэсэн тооцоо бий. Хэрэв эдгээр арга хэмжээг авч чадаагүй бол шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдэж, дагаад бүх бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд хүндээр тусах байсан.

-Хөтөлбөр хэрэгжихээс өмнө 2011 онд гэхэд шатахууны үнэ огцом нэмэгдэж түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэнэт өсч байсан. Хэрэв хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол шатахууны үнэ хэд хүрэх байсан талаар тооцоо судалгаа байгаа юу?

-2011 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дээр яг энэ асуудлаар ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байсан юм. 2011 оны сүүл, 2012 оны эхээр бензиний үнэ огцом нэмэгдсэн.

Тухайн үед Ажлын хэсэг дээр ч нэлээн судалгаа хийгдсэн. Тухайн үед жижиглэнгийн шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр байж болох талаар зөвлөмж Монгол банканд хүргүүлж байсан. Энэ зөвлөмжийг Монгол банк болон өмнөх Засгийн газар ажил хэрэг болгосон. 

Мэдээж хэрэг Шатахууны хилийн үнийг тонн тутамд 350 орчим ам.доллараар буу­руулаагүй, түүнчлэн дэд хө­төл­бөрийг хэрэгжүүлээгүй, төрөөс зохицуулалт хийгээгүй, им­порт­логч нарт бага хүүтэй зээл ол­гоогүй байсан бол шатахууны үнэ 2200-2300 төгрөгт хүрэх төлөвтэй байсан.

-Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтвор­жуу­лах хөтөлбөр цаашид хэр удаан хугацаанд үргэлжлэх бол. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авсан зээлийнхээ эргэн төлөлтийг компаниуд буцаад төлж байгаа мэдээлэл байсан?

-Энэ хөтөлбөр гурван жил орчим хугацаанд хэрэгжлээ. 2015 онд үргэлжлээд дуусна гэсэн. Хилийн үнэ буурч байгаа учраас Монгол банкнаас хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хүү жилийн 4.8 хувь байсныг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жилийн 14 хувь болгосон гэсэн.

Буцаан төлөлтөд асуудал үүсэхгүй байх аа. Шалтгаан нь борлуулж байгаа шатахууныг нь нь барьцаалдаг гэж ойлгосон. Энэ асуудлыг Монгол банк, улмаар арилжааны банк хариуцна байх.

-Хөтөлбөрт хэдэн аж ахуйн нэгж хамрагдсан бэ?

-Хөтөлбөрт 14 аж ахуйн нэгж хамрагдсан байсан. 

-УИХ-ын зарим гишүүн ирэх жил хөтөлбөрийг зогсоох хэ­рэгтэй гэдгийг онцолж бай­гаа. Хэрвээ хөтөлбөрийг зог­соо­вол ямар үр дагавар гарах вэ?

-Зогсоож болох байх. Гэхдээ төр, засаг Үндсэн хуульд заасны дагуу төр эдийн засгийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийн тогтвортой өсөлтийг хангах зохицуулалтыг хийх үүрэгтэй.

Улмаар Засгийн газар гол нэрийн бараа буюу стратегийн нөөцийн бараа болох иргэдийн амьжиргаанд голлох нөлөөтэй бензин, мах, гурил гээд 10 гаруй барааны жижиглэнгийн үнийг нөөц бүрдүүлэх болон бусад арга хэрэгслээр тогтвортой байлгах үүргийг хуульд заасны дагуу хүлээсэн байдаг. 

Тодруулбал “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.4 газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангам­жийн тасалдал, хомсдол үүсэх нөхцөлд зохицуулалт хийх, Өрсөлдөөний тухай хуу­лийн 13.3. Гэнэтийн буюу да­вагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учир­сан хохирлыг нөхөх, эдийн зас­гийн хямралыг даван туу­лах, стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд заасны дагуу УИХ-аас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байд­лыг бүрдүүлэн хэрэглэг­чийн амь­жиргааны төвшний тогтвор­той байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тоо­цохгүй” гэж тус тус заасан байдаг. Ийм зохицуулалтыг ихэнх оронд хэрэгжүүлдэг. 

-Оросын эдийн засаг тогт­воргүй болоод эхэллээ. Мэ­дээж энэ таагүй байдал манай улсад нөлөөлнө. Тэгэ­хээр хөтөлбөрийг зогсоос­ноор шатахууны үнэ цаа­шид тогтвортой байх бо­ломжтой юу?

-Гурван жилийн хөтөлбөр юм. 2015 онд үргэлжлээд дуусна. Цаашид үнэ тогтвортой байх боломжтой.

Бид одоогоор 5-6 улс орноос шатахуун авч байгаа болов уу. Нэг улсын нэг компаниас хэт хараат байдал ихэд буурсан. 

-Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унаад байхад манайд нэмэгдээд байна гэх юм. Гэхдээ бид экспортлогч гэдгээ мартаж болохгүй. Хоёрдугаарт онцгой албан татварыг нэг хувь болгосноор ирэх онд шатахууны үнэ нэмэгдэх юм биш биз гэсэн болгоомжлол ч байгаа? 

-Бид шатахуунаа дэлхийн зах зээлийн үнээр авдаг болоод хоёр жил гаруй болж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ баррель нь 105 ам.доллараас 49 болтлоо буурлаа. Үүнийг дагаад манай улсад импортлогдож байгаа нэг тонн шатахууны хилийн үнэ 1100 ам.доллараас 649 болж буурсан. 

Хилийн үнэ буурсан тул дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй хүүтэй зээл, форвард хэлцлийн валютын ханш, татвар зэрэгт үзүүлж байсан хөнгөлөлтүүдийг зогсоосон гэсэн.

Хамгийн сүүлд 2015 оны нэгдүгээр сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар нэг тонн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг дээд хязгаар /А-80  252000₮, АИ-92  259000₮,  Дизель түлш  265000₮/-т хүргэн тогтоолоо. Татвар ногдуулахдаа шатахууны үнэ нэмэгдүүлэхгүй байхаар тооцсон гэсэн.

-Эцэст нь 2015 оны төс­вийн хуулиас иргэд юуг хүлээж, яах ёстой вэ. Энэ хуу­лийг Засгийн газар хэ­рэгжүүлэх үүрэгтэй биз дээ?

-Монгол улс Парламентын за­саг­лал­тай, хувийн хэвшилд суу­рил­сан зах зээлийн эдийн засаг­тай орон. Тиймээс Улсын төсөв бол иргэдийн эдийн засгийн амьдралтай чухал холбоотой. Засгийн газраас ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг 4.8 хувьтай байх хуулийн төслийг өргөн барьсан. УИХ энэ хувийг таван хувь болгож 0.2 функтээр буюу 50 дөхүү тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа. Энэ хэмжээгээр эдийн засаг тэлж, хүмүүс ажилтай болно. 

Төр засаг, төсөв, эдийн засаг, мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогын зохицуулалтыг хийх үүрэгтэй байдаг. Эдийн засгийн өсөлт бууралттай байгаа учир эдийн засгийг тэлэх зорилгоор төрийн зүгээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хэмжээг өмнөх онтой харьцуулахад тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Эндээс Монгол банк зах зээлд нийлүүлэх мөнгөний хэмжээнийхээ зохистой байдалд анхаарсан бодлого явуулна байх. 

Ингээд Монголчууд 2015 онд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлэх, импортыг аль болох багасгаж, үндэсний үйлдвэрээ урьд урьдаасаа илүү дэмжиж бүтээлчээр хамтарч ажиллах шаардлагатай байна. Мөн үрэлгэн зарцуулалтаас төр, засаг нь ч иргэд нь байнга татгалзах хэрэгтэй. Монголчууд эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр өнөөгийн ялимгүй хүндрэлийг давж гарна гэдэгт эргэлзэхгүй байна. 

Харин улстөрчид бид янз янзын судалгаагүй, түүнчлэн тодорхой бус нийгэмд таалагдах болон бусдаасаа ялгарах зорилготой мессеж, эсхүл мэдэгдэл хийж хөрөнгө оруулагч баялаг бүтээгчдийг болгоомжлол болон айдастай байдалд оруулдгаа аль болох тэвчих хэрэгтэй байна. Өнөөгийн хөгжилтэй орнуудын улстөрчид бодит салбарын байдалд судалгаа хийж, түүнд үндэслэн  бизнес эрхлэгчдэд дэм болох мэдэгдэл, мессежийг ихэнхдээ гаргадаг. 

Энийг “bottom up” менежмент гэдэг. Хөрөнгө оруулалтын тухайд 2012-2014 оны хооронд эдийн засагт голлох нөлөөтэй уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчин тогтвортой болж, өрсөлдөх чадвартай, таатай орчныг бүрдүүлж чадсан. Иймээс 2015 онд Хөрөнгө оруулалтын хоёр дахь том давалгаа эхлэх нь тодорхой гэж бодож байна.

Төсөв болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх хөрөнгө оруулал­тын арга хэмжээг Засгийн газар 100 хувь хэрэгжүүлвэл зүгээр байна. Өрхийн эдийн засгаас үндэсний эдийн засаг хамаардаг. 2015 онд Монголчууд хамгийн өндөр бүтээмжтэй ажиллаж, хамгийн их баялгийг бүтээх болно гэж бодож байна.

Зураг