Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цандэлэг: Тариаланчид алган дээрээ мөнгөгүй цагаан сар тэмдэглэх болчихоод байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, МУГЖ С.Жавхлан нар газар тариалан эрхлэгчид болон ХХААЯ-ны хооронд гарсан үл ойлголцлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс ОХУ-аас улаан буудай импортлосноос болж Монголын тариаланчид маш хүнд байдалд орсон гэж мэдэгдлээ. Мөн төр засгийн зүгээс гаргасан тариаланчдынхаа урмыг хугалсан, хэдхэн компанийн эрх ашгийн төлөө 40 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх зөвшөөрөл олгосон шийдвэрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” ХХК-н захирал Ц.Баатарсайхан нарыг буруутгаж байгаа аж.

Учир нь тэдний зүгээс ард иргэдэд “70 мянган тонн улаан буудайн дээр импортоор оруулж ирсэн 20 мянган тонн улаан буудайг нэмчихвэл Монголын улаан буудай чанартай болно” гэсэн худал мэдээллийг тарааж, өөрсдийн гаргасан буруу шийдвэрээ няцааж байна гэв.

Яг үнэндээ Монголын тариаланчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай болсон гэж мэдэгдлээ.

Мөн гурилын үйлдвэрүүд тариаланчдын будааг намар авчихаад одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа учир тун хүнд байдалтай байгаа аж.


 

Энэ талаар “Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг “Өнөөдөр гурван жилийнхээ хөдөлмөрийн хөлсийг аваагүй байгаа тариаланчид алган дээрээ мөнгөгүй цагаан сар тэмдэглэх болчихоод байна гэсэн юм.

Мөн “Ерөнхийлөгч нь улаан буудай импортлоход хориг тавьчихаад байхад өнөөдөр хилээр 22 вагон улаан буудай ороод ирчихсэн байна. Тиймээс энэ бүх шударга бус зүйлийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 4-нд тариаланчид жагсаал хийнэ” гэж мэдэгдлээ.  

Мөн энэ үеэр хоёрдугаар сарын 4-нд болох жагсаалд “Хамаг Монгол” хөдөлгөөн үзэл бодлоороо нэгдэж, оролцоно гэдгийг МУГЖ С.Жавхлан илэрхийллээ.

Тэрбээр “Би тариалан эрхэлдэгтээ энд ирээгүй. Хамгийн гол нь Монголынхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гээд бор зүрхээрээ явж байгаа энэ хүмүүсийн үнэ цэнэ, Монголын хүнс үнэ цэнээ алдаж байгаад харамсаж, эмзэглээд энд ирчихсэн юм. Би сая тариалангийн бүс нутгаар яваад ирлээ.

Тариаланчид тариагаа агуулахдаа хураачихаад нулимс нь цийлэгнээд, уйлаад сууж байна. Тиймээс би энэ жагсаалд оролцож дуу хоолойгоо өргөнө” гэв.