Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хүнд ногдох зээлийн хэмжээ зургаан сая төгрөг болжээ

М.Ган
2015 оны 1 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Өрийн удирдлагын тухай болон холбогдох хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын хувьд олон улсын төвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагатай болсныг Сангийн сайд Ж.Эрдэнэбат чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Гишүүдийн асуултад Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулав

Р.Амаржаргал:

-Хуулийн төслийн 13.1.3-т дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн нь үнэт цаас гаргахыг хөгжүүлэхэд нь санхүүжилт хийнэ гэсэн үг үү, эсвэл зах зээлийг дэмжих зорилгоор Засгийн газрын бондыг тогтмол гаргадаг тогтолцоо руу орно гэж ойлгохуу.

Засгийн газрын бондын эргэн төлөгдөх хүүгийн төлбөрийн эх үүсвэртэй холбоотой асуудлууд байгаа. Чухам ямар эх үүсвэрээс эргэж төлнө гэж байгаа вэ. Мөн төслийн 17.1-д өрийн хязгаарыг 70, 20 байлгана гэсэн заалт орж ирсэн.

Энэ тоог яаж гаргасан юм бэ. Жишээ нь өрийн 70 хувь гэж үзвэл Засгийн газрын бонд хэдэн хувийг нь, бусад өрүүд нь хэдэн хувийг эзлэх юм бэ?

Ж.Эрдэнэбат:

-Засгийн газрын үнэт цаасны төрөл гаргах зориулалт дээр үнэт цаасны зах зээлийг дэмжих гэсэн зорилго байгаа. Энэ нь байнгын арилжаатай болгох зорилготой.

Засгийн биржээр арилжаалагддаг бусад төрлийн өрийн хэрэгслүүдийн суурь үнэт цаас болдог учраас Засгийн газрын бондын зах зээлийг хөгжүүлэх нь системийн ач холбогдолтой.

Бондын эргэн төлөлт төсвийн орлогоор эргэж төлөгдөх ёстой. Төсөв дээр тусгаж байгаа учраас орлого зарлагын төлөвлөгөөнд тусгагдаад мөн үндсэн төлбөрүүд нь ч төсвийнхөө төлөвлөгөөнд тусгагдаад явна.

Өрийн хязгаар дээр 70 хувиар Засгийн газрын өрийгхязгаарлах, Засгийн газрын баталгааг ДНБ-ны 20 хувьтай тэнцэх хэмжээгээр хязгаарлах заалт хуулийн төсөлд тусгагдсан.

Энэ хязгаарууд нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгодог өрийн эрсдэлд орохгүй байх тэр хязгааруудтай нийцүүлсэн байдлаар хийж тусгагдсан санал байгаа.

Ц.Баярсайхан:

-Монгол Улсын гаднаас авсан өрийн асуудал тодорхойгүй. Ялангуяа дамжуулан зээлдүүлсэн зээлийг хэн эргэн төлөх нь тодорхойгүй гээд асуудлууд байгаа гэж ойлгодог. Энэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулж чадах уу. Ялангуяа орон нутгийн засаг захиргаа төсвийнхөө дутагдлыг нөхөх зорилгоор зээл гаргаж болно гэж оруулж ирлээ.

Өмнө нь орон нутгийнхаа өмчийг үл хөдлөх хөрөнгөдөө үндэслээд тодорхой хэмжээнд өрийн бичиг, бонд гаргаж болох юм гэдэг хувилбарыг тодорхой хуулиудад тусгасан.

Монгол Улсын гаднаас авсан өрийн асуудал тодорхойгүй.

Мөн орон нутагт концессийн эрх өгсөн байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд өрийн удирдлага нь тодорхойгүй байсан одоо орон нутагтаа дахиад ийм байдал давтагдах нь.

Дээр нь 36.2-т зааснаар орон нутгийн болоод орон нутгийн өмчид давамгайлсан өмчит газрууд салбарынхаа сайдаар дамжуулаад өрийнхөө хүсэлтийг тавьдаг, засгийн газрын гишүүд нь бас өр үүсгэх процесст оролцоод явчихдаг болох юм бол
нэгдсэн удирдлага, нэгдсэн бодлого хаана зангидагдах юм бэ?

Ж.Эрдэнэбат:

-Дамжуулан зээлийн хувьд тусгайлан зохицуулсан бүлэг бий. Хуулийн төсөлд орон нутагт юмуу эсвэл Засгийн газрын байгууллагуудаар дамжуулан зээл олгохоор тусгасан. Бизнесийн салбар руу өгч байгаа зээлийг арилжааны банкуудаар дамжуулан дамжуулан зээлийн хэлбэрээр олгохоор байгаа.

Харин орон нутагт хоёр янзын зохицуулалт хийж өгсөн. Ингэснээр Улаанбаатар хотын хувьд хөрөнгө оруулалтын зориулалтаар бонд гаргаж болдог байхаар, бусад аймагт зөвхөн төсвийн богино хугацааны дутагдлаа нөхөх зорилготойгоор улирлын шинж чанартай богино хугацаатай зээл гаргахаар зохицуулсан.

Богино хугацаатай зээлийн эргэн төлөгдөх эх үүсвэр нь төсвийн орлого байх юм. Энэ нь төсвийн алдагдлыг нөхөх бус зөвхөн богино хугацааны дутагдлыг нөхөх зориулалттай учраас төлөгдөөд явна. Засгийн газрын бондын хувьд хувийн хэвшлийн зээллэгийн эх үүсвэрийг шахан зайлуулах үзэгдэл гардаг. Улсын өрөн дээр тодорхой хязгаарлалт тавьж өгч байгаа. Мөн стратегийн хувьд Улсын Их Хурлаар батлуулж мөрдөж явна.

С.Бямбацогт:

-2012 оноос хойш арилжааны, богино хугацаатай, өндөр хүүтэй нэлээд хүнд нөхцөлтэй зээл авдаг болсон. Иймээс энэ асуудлыг ярих цаг нь болсон. Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 9,7 тэрбум ам.доллар, нэгхүнд ногдох зээлийн хэмжээ зургаан сая төгрөг болсон.

Дээрээс нь аж ахуйн нэгж байгууллага нь хоорондоо өртэй, ирэд нь тэтгэвэр, цалингийн зээл гээд бүхэлдээ өрийн сүлжээнд холбогдчихсон байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. 1991 оноос өнөөдрийг хүртэл хөнгөлөлттэй, арилжааны зээл хэдийг авсан болон үүнээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлөлт ямар байна. Эдгээрээс эзэнгүй болсон зээл байна уу үгүй юу?

Ж.Эрдэнэбат:

-Өрийн авах болоод төлөх асуудлыг маш олон хуулиар өмнө нь зохицуулж байсан. Жишээ нь Гадаад зээл тусламжийг зохицуулах тухай, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Валютын зохицуулалтын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай гээд 10 гаруй хуулиар зохицуулдаг. Зарим хуулиар зээл авах эсэхийг нь зохицуулсан мөртөө эргээд хэрхэн төлөх, юунд зарцуулах асуудлыг зохицуулдаггүй. Иймээс үүнийг нэгтгэж нэг болгож зохицуулах зайлшгүй шаардлагын үүднээс хуулийн төслүүдийг өргөн барьсан гэлээ.

Мөн Сангийн яамны ажлын хэсгээс өгсөн тайлбартаа, 1990 оноос хойш нийтдээ 2.8 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авч ашигласан. Үүнээс 1,3 тэрбум орчим ам.долларыг дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, орон нутагт дамжуулан зээлдүүлсэн байдаг.

Дамжуулан зээлдүүлсэн зээлийн хувьд эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуй, харилцаа, холбооны салбарт гол хувийг эзэлж байгаа. Үүнээс хамгийн хүндрэлтэй эргэн төлөгддөг хэсэг нь эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуйн салбар. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд банкаар дамжуулан олгосон зээлүүд нэлээд сайн эргэж төлөгддөг.

Төрийн өмчтэй аж ахуйн нэгж, компаниудад олгогдсон зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй байгаа эсвэл чанаргүй болж төлөгдөхгүй байгаа зээлүүд тодорхой байгаа. Нарийн мэдээллүүдийг гишүүдэд гаргаж өгөх бололцоотой гэв.

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 73,8 хувийн саналаар дэмжив.

Зураг