Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний аппараттай боллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын "Руйсанса" корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын "Руйсанса" корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж, төхөөрөмжүүдийг танилцуулсан байна.

Тус корпорациас 140 ширхэг шээсний шинжилгээний аппаратыг мөн тооны өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх юм.

Уг аппаратууд нь цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргаж,  интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлэг дээр заавал очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байгаа юм. Мөн хүнд өвчтэй, хэвтэрт байгаа өвчтөн болон бага насны хүүхдийн шинжилгээг гэрээр нь очиж авах боломжтой гэдгээрээ онцлогтой.
 

Эдгээр аппарат нь гурван тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд эрүүл мэндийн салбарт дэвшилттэй зүйл болж байна гэдгийг холбогдох салбарынхан хэлж байв.

Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хотын Захирагч Э.Бат-Үүл "Руйсанса" корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун, "Руйсанса" корпорацийн ерөнхий захирал Хо У Бүн, “Шинэ тосгон” холбооны тэргүүн Б.Жаргал нарыг нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагналаа.