Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нармандах: Бэртлээ эдгээчихвэл амжилтаа ахиулахын тулд хичээх болно

Ж.Цэцэгмаа
2015 оны 1 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Ази тивийн хүрэл, мөнгө, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, 2007 оны Кураш бөхийн Ази тивийн анхны аварга,бөхийн чөлөөт барилдааны улсын дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахыг энэ удаагийн зочны хойморьт урьж ярилцлаа. Монгол хэмээх зургаан үсгийг дэлхийд данслахад өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан гавьяаттай оролцсон тэмцээн бүрийг нь яриулж болох ч өдий амжилт гаргахад ямар хүнд бэрх замыг туулсан хийгээд амьдралыг нуруун дээрээ үүрч яваа эх хүний энгийн хэрнээ, чин сэтгэлээсээ ярьсныг хүргэж байна. 

-Аймагтаа Шийрэв арсланд шавь орж самбо, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Чөлөөт бөхөөр Намшир багш дээрээс гараагаа эхэлсэн гэж сонссон? 

-Тийм ээ. 

-Таны спортод эрчимтэй хичээллэж эхэлсэн түүхийг зухасхан сонссон. Бас л нэлээд ээдрээтэй түүх байсан. Дургүйцэхгүй бол уншигч олонтойгоо хуваалцаач? 

-Юуг нь ч нуух билээ дээ. Би чинь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Зургаан хүүхэдтай айлын тав дахь нь. 2002 оны үед манайх чинь нутаг усандаа л мал, ахуй ихтэй, дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байлаа. Аав, ээж минь мянгат малчин байсан юм. Тэр үед аав, ээж хоёр минь хотруу орж бэлтгэл сургуулилтаа хийх гэтэл “Хүний газар, таних мэдэх хүнгүй миний охин өлсөж цангана. Энэ жил малаа маллаад гэртээ өвөлж” гэсэн.

Би ч түүнийх нь дагуу тэр өвөл гэртээ өвөлжтөл цагаан сарын дараахан бүсэлхийнээс дээш татсан цас ороод зуд болдог юм байна. Тухайн үед өнөөх их мал чинь тав зургаан гэр барьчихсан юм шиг л овоороод үхээд байдаг. Хонь мал чинь тэр үед үхсэн, амьд хамаагүй байгаагийнхаа ноосыг зулгааж идээд.

Үнэхээр хэцүү дүр зураг одоо хэр нь сэтгэлд байдаг юм. 300 гаруй адуунаас хоёр, гуравхан нь л үлдэж байсан. Энэ үед л үзээгүй зовлонгоо үзсэн гэхэд болно. Яг тэр хүнд хэцүү цагт ганцхан л зүйл толгойд минь эргэлт буцалтгүй эргэлдэж байлаа. 

-Юу юм бэ? 

-Спортоороо тууштай хичээллэж аав, ээж, гэр бүлийнийхээ амьдралд тус хүргэх тухай бодол юм л даа. Хамгийн гол нь сэтгэлийн дэм өгөх болов уу л гэж тэр. 

-Түүнээс хойш зорилготой бэлтгэл хийж эхэлжээ дээ? 

-Тийм ээ. Энэ цаг үеэс өмнө өсвөр, залуучуудын тэмцээнд ирэн очин оролцдог байсан. 2002 оны зуд болсон жил хотруу буцаж бэлтгэлдээ орох гээд аав, ээж хоёр минь замын унаанд суулгаж өгөөд явуулж байлаа.

Дөрвөн өдөр зам манаж машин тосон Баянхонгор аймагтаа ирэн цаашлаад хот орж байсан санагдана. 

-Аавын тань бүх насны хөдөлмөр нэг дор сүйрчихээр үнэхээр хэцүү байсан байх даа? 

-Зам манаад сууж байтал манайх овгор дээрээс харагдана. Аав, ээж хоёр минь үхсэн малаа цэгцэлж янзлаад л явж байгаа нь харагддаг байсан. Тэр үеийн зураглал үнэхээр хэцүү шүү. Машин сахиж суусаар орой гэртээ очиход аав минь “Миний 60 жилийн хөдөлмөр ингээд л сүйрчихлээ” гээд л уйлж байсан. /Нүдэнд нь нулимс цийлэгнэв/ Ээжийн минь ч дуу гарахаа больсон.

Тухайн үед хүүхэд байсан болохоор сэтгэл зовьнож уйлахыг мэддэггүй байж. Одоо эргээд аав, ээжийнхээ тухайн үеийг бодохоор зүрх шимшрэх шиг л болдог юм. 

-Мал гаргаж идэх ч эрхгүй л үлдэж дээ? 

-Яг л тийм зүйл болсон. Аав минь ядаж байхад малдаа их хайртай. Мянга гаруй малаас 30-аадхан нь л үлдсэн байх. Гэтэл байгаа хэд нь ч тогтохгүй. Ер нь хүнд үе байсан. Зундаа ганц ч мал гаргахгүй өвөл нь хийсэн борцоо идээд зусч байлаа. 

-Зорилгоо тодорхойлчихсон хотруу буцаад хамгийн эхэнд ямар амжилт үзүүлж байв? 

-Би хаваржин бэлтгэл хийсэн. Тэр үед залуучуудын улсын аварга Ховд аймагт болсон юм. Мөнгөн медаль хүртчихээд тохойгоо маш хүнд гэмтээсэн.

Тэгэхээр нь буцах замдаа гэртээ буусан юм. Хэсэг хугацаанд гэртээ эмчилгээ хийлгэсэн. Медаль хүртээд гэртээ ирэхэд аав, ээж минь их баярлаж байсан. 

-Ээжтэйгээ жижиг гэрээ аваад хотруу дахиад ирсэн гэсэн? 

-Тийм ээ. Тохой ч овоо эдгэсэн. Ээжтэйгээ хотод ирж айлын хашаанд буусан. Тухайн үед шигшээ баг гэж байсангүй. Түүнийгээ дагаад цалин мөнгөний асуудал их байлаа. Өсвөрийн хүүхэд болохоор тоогоод цалинжуулчих ч газар байгаагүй.

Хамаатан садан гээд туслачих хүн ч байхгүй болохоор ёстой л бор зүрхээрээ бэлтгэл сургуулилтаа хийж ээжтэйгээ амьдарч байсан. Автобусанд гүрийх үедээ гүрийгээд л…/Инээв/ Заримдаа 50 төгрөг өгч сууна.

Энэ мэтээр бэлтгэлээ эрчимтэй хангаж байсан. Намар нь Кураш бөхийн улсын аварга болоод сарын дараа нь Энэтхэгт Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон жиндээ түрүүлж, алтан медаль хүртсэн. Гэтэл уран барилдааны шагнал гээд 500 ам.доллар өгдөг юм байна.

Тэмцээнээс ирээд хамгийн түрүүнд ээж дээрээ гүйх шахам очоод “Ээжээ би баян болсон” гээд мөнгөө үзүүлээд баярлаж билээ. Ээж бид хоёр чинь нуулгүй ярихад бараг л нэн ядуу байдалд орчихож байгаа юм чинь. Суух сандал ч үгүй. Гудамжнаас мод аваад л зуухныхаа хоёр талд тавиад суучихдаг байсан. /Инээв/ Тэгээд л тэр мөнгөөрөө гэртээ тавилга авч байсан. 

-Амжилт гэдгийн амтыг тэр үед л мэдэрчээ дээ? 

-Тийм ээ. Шагнал хүртэнэ гэдэг аав, ээжийгээ баярлуулж байгаа учир их сайхан санагдаж байсан. 

-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Нармандах амжилтаа зүүдэндээ харсан гэдэг. Энэ үнэн үү? 

-Үнэхээр сонин шүү. Энэтхэгт тэмцээнд явж ирснийхээ дараахан хавиргандаа хүнд гэмтэл авч гурван сар гаруй гэртээ хэвтсэн юм. Найман сарын үе л байсан байх. Гэрийнхээ хойморьт унтаж байхдаа чөлөөт бөхөөр их том амжилт гаргаж байна гэж зүүдэлсэн. Тэр цагаас хойш ерөөсөө л чөлөөт бөхийн спортоороо дагнан хичээллэе гэж шийдсэн.

Ингэснээр Монгол Улсын гавьяат тамирчин Намшир багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Тухайн үед "Нарантуул"-ын Сайхансамбуу захирлын ивээлээр Намшир багш тоотой хэдхэн хүүхдийг хичээллүүлж эхэлсэн. Түүнд нь багтаж их спортоороо хичээллэж эхэлсэн хүн. 

-Бас сонссож байсан юм байна аа. Намшир багш хөвгүүдтэй барилдуулж эхэлсэн гэдэг билүү? 

-/Инээв/ Тийм ээ. Багшийн сэтгэлд хүрсэн үү. Би чамайг таван сар хичээллүүлээд дэлхийн аварга болгоно гэж байсан. Гэхдээ өдий болтол багшийнхаа сэтгэлд хүртэл барилдаж чадаагүйдээ жаахан харамсангуй л байдаг юм. 

-Таныг бөхийн дөрвөн төрлөөр хичээллэж үндэсний бөхөөр хүртэл барилдсан гэдэг юм билээ? 

-/Инээв/ 2007 оны дэлхийн аваргын бэлтгэлийг бид Булганы үндэсний бөхчүүдтэй нэг галд хийсэн юм. Тэр үеийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын багш байсан.

Хоёр багш тэр зунжингаа үндэсний бөхөөр барилдуулсан. Тухайн үед шигшээгийн тамирчид надад бүгд ялагдана. Нэг мэдсэн арслан гэдэг цолтой болчихсон явсан. 

-Савхан цагаан Арслан биз дээ?

-/Инээв/ Тийм ээ. Хөл нь чааваас их нарийхан байсан юм шиг байна билээ. 

-Гэхдээ та амжилтдаа харамсаад байх шаардлаггүй шүү дээ. Дэлхийн аваргын медаль байна. Гавьяат тамирчин болчихсон…? 

-Мэдэхгүй юм аа. Багшийн минь “дэлхийн аварга” болгоно гэсэн үг хүчтэй нөлөөлсөн нь энэ байх. Нас ч нэлээн явж байна. 

-Харин ч эд нас юм шиг. Дэлхийн шилдэг тамирчид чинь 30 гараад л томоохон амжилт гаргадаг үе байдаг шүү дээ?

-Баярлалаа. Олон жил хичээллээд ирэхээр бэртэл гэмтэл гэж аюултай зүйл л шаналгах юм. 

-Жаахан тодруулахгүй юу? 

-Нурууны үе солиулах хагалгаанд ор гээд байгаа. Нэгэнт л спортыг сонгосон болохоор тоохгүй л гүйж байна. Сүүлдээ бэлтгэл ч хийж чадахгүй нь жаахан хүнд юм. Хоёр цагийн зайтай өвчин намдаах эм уугаад л явж байгаа. 

-Өнгөрсөн жилийн Станбулын дэлхийн аваргад ийм бэртэлтэй орсон юм уу?

-Тийм ээ. Гэхдээ маш их тэвчээр гаргасан гэж боддог юм. Миний жинд гурван тамирчин өрсөлдсөн. Хоёр ч удаа сонгон шалгаруулалт хийн байж эрхээ хүртэж оролцсон. 

-Шагналт тавдугаар байрт шалгарсан. Манай эмэгтэй шигшээ багийн хувьд гуравдугаар байр эзлэхэд таны таван оноо маш их нөлөөлсөн? 

-Тийм ээ. Медалийн үзүүрээс атгаад алдсан ч гэсэн шагналт байрт орж багийн дүндээ нөлөөлсөндөө баяртай явдаг. 

-Таны үндсэн жин болох 59 кг-д хүчтэй өрсөлдөгч олонтой. Ийм олон жил улсын болон нэрэмжит тэмцээнд финалдах амаргүй байсан байх?

-Манай жинд нэг тэмцээнд 17 гаруй тамирчин өрсөлддөг. Тэдний хэнийг нь ч сул гээд хэлчихэж болохооргүй. Хэн бэлтгэл сайн байж тэр өдрийн од нь гийнэ .Тэр л ялалт авдаг. Нуруугаа эмчлүүлчихвэл тийм ч амархан бууж өгөх болоогүй шүү. /Инээв/

-Дэлхийн аварга хэмээх эрхэм тэмцээнээс медаль хүртэж байсан үеэ дурсаач? 

-Өө. Сайхан байлгүй яах вэ. Энэ тэмцээнд оролцож ирчихээд найман онд хүүтэй болсон. 

-Гурван удаа дэлхийн аваргад оролцож хоёр удаа айрагджээ дээ? 

-Мориор ярьвал шүү дээ. /Инээв/

-Гэр бүлийн тань хүн бас спортынх уу? 

-Үгүй ээ. Спортын хүн байгаагүй. Хүүгээ нэг ойтой байхад хоёр тийш болсон. Одоо миний хүү гурван настай үймээний эзэн байгаа. Хүүгээ чирээд л амьдарч байна даа . 

-Бэлтгэл сургуулилт, хажуугаар нь амьдралаа авч явна. Дээр нь хүүгээ ганцаараа өсгөх амаргүй л байх даа. Уучлаарай, амьдралд шантрах үе хэр олон гарах юм? 

-Заримдаа хэцүү зүйл гарна. Өрх толгойлсон эмэгтэй гэдэг нэрнээсээ эхлээд л ямар олиг байх вэ дээ. Хүний амьдрал гэж сонин л юм. Хүүг минь Болдмандах гэдэг. Нармандахын шүү дээ…/Бодлогширов/ Гэхдээ амьдрал урт байна.

Хүүгээ л хүн шиг хүн болгоод, орох оронтой болоод авбал болох нь тэр. Мөн бэртлээ эдгээчихвэл амжилтаа ахиулахын тулд хичээх болно оо.

-Санаа зөв бол, заяа зөв гэдэг шүү дээ. Уучлаарай амьдрал руу чинь дэндүү өнгийж байгаад. Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Нэг хэсэг айлын хашаанд гэр бариад, мөн хажуу өрөө хөлсөлж хүүтэйгээ цуг амьдарч байсан. Жаахан хүнд юм билээ. Одоо Баянхонгорт ээжийндээ байгаа. 

-Баянхонгороос наашаа ирж бэлтгэл сургуулилтаа хангадаг юм уу. Та хаана харьяалагдаж барилддаг юм бэ? 

-Тийм ээ. Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэст харьяалагддаг юм. Тэндээсээ цалинжаад л амьдралаа залгуулж байна. Хотод ирэхээрээ нэг эгчийндээ л байдаг юм. 22 насандаа дэлхийн аваргын медаль хүртэж, гавьяат цол хүртэхдээ дөрвөн ханатай гэрт байсан. Эргээд нутаг руугаа буцахдаа дөрвөн ханатай гэрт л байна

-Одоо чинь шагнал хүртээд эх орныхоо нэрийг өндөрт гаргасан тамирчид байр машин гээд л хүссэн зүйлийг нь өгч байна шүү дээ? 

Хүн жаахан ядраад зовж явахад хүний эцэг гэдэг хамгийн түрүүнд л бодогддог юм байна. 

-Сайхан сэтгэлтэй ах, эгч нар байсан л байх. Тэгж гэр оронтой болох чинь бас л нэг менежмент юм шиг байгаа юм. Чадаагүй ээ. 

-Шагналд хүртсэн мөнгө тань амьдралд чинь хүрэлцээгүй юм уу? 

-Тухайн үед авсан мөнгөө багштайгаа хувилж, хуваан авдаг байсан. Тэмцээнд оролцох замын зардал гээд зээл тавьчихна. Буцаагаад өнөөхөө дарна. Энэ маягаар л таардаг байсан. 

-Дэлхийн аварга, олимпод медаль хүртсэн тамирчид сар бүр цалинжихаар болсон. Амьдралд чинь нөлөөлөх байлгүй дээ?

-Үгүй ээ. Биднийг хасчихсан байна билээ. Би ч, бус Энхжаргал, Отгонцэцэг гээд л байна. Олимпийн бус жин гээд хасчихсан байгаа юм. Уг нь Монгол Улс шууд олимпын жинд медаль хүртчихээгүй шүү дээ. Бид эхлэлийг нь тавьсан хүмүүс. Тэгвэл яагаад бидэнд гавьяат өгсөн юм бол. Гайхаад л байгаа юм.

Нэгэнт л ингэж цөөхөн хэдэн тамирчнаа хассан юм бол гавьяат ч гэсэн өгөөгүй нь дээр байсан. Бид яг л адилхан хөлсөө дуслуулж авсан медаль. Энхжаргалын хувьд ууган медалийг эх орондоо авч ирсэн. Би хоёрдахийг нь гээд л байгаа. Ер нь хасагдсан нь тавхан охин л байна.

Ингэж болмооргүй санагддаг юм. Үлдсэн хэд нь өнчин өрөөсөн л хүүхдүүд. Би байлаа гэхэд тэд сар бүр хэдэн төгрөг аваад байвал амьдралд нь хэрэгтэй. Хүн жаахан ядраад зовж явахад хүний эцэг гэдэг хамгийн түрүүнд л бодогддог юм байна. Эгч нь чамд нэг түүх ярьж өгөх үү.

-За? 

-Аав минь алтан медаль хүртэх тоогоор надад жороо морь өгдөг байлаа. Хэрвээ тэр их зуд болоогүй бол одоо би адуугаар тэр хавьдаа тэргүүлэхээр л хүүхэн байх байсан. /Инээв/ Гэхдээ зөв явбал бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг. 

-Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг дээ. Болно оо. Та хүүгээ спортын хүн болгох уу. Магадгүй бөх?

-Магадгүй л юм. Ямар ч байсан энэ есөн сараас өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг нутгийнхаа хүүхдүүдэд зааж сургах бодол байна. Чөлөөт бөх гэдэгт нэгэнт л эргэлт буцалтгүй ууссан юм хойно, үүнийхээ төлөө л дуусах бодол байна.

“Эгч нь хэлэх гэсэн үгээ шууд л хэлчихдэг юм. Дотроо юм бодож явахгүй амар. Заримдаа энэ байдлаасаа болж хүнд их ад болно оо. Шигшээ багт байхад хүмүүсийн үнэнийг нүүрэн дээр нь хэлчихээр бүр их ад болно” гэх сэтгэлийн шаналал бүхнээ дотроо нууж, амьдралд тэмцэж яваа Д.Нармандах эгчийн үг бүр шударга юм аа. Хүнд бэртлээс болж ид үе шигшээ барилдаж, бэлтгэл сургуулилт хийж чадахгүй байгаа ч тэмцээн болгонд Д.Нармандах хэмээн нэрээ дуудуулж, хэдийн финалдчихсан гүйж явдаг түүгээр бөхөд хайртай ард түмэн нь бахархдаг.

Би ч бас. Магадгүй аавынхаа амьд сэрүүнд дэлхийн аваргын медалиа харуулж чадаагүй ч, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцон Монгол хэмээх зургаан үсгийг аавынхаа нэрийн хамтаар овоглуулахад чинь хайртай ээж, адтай жаахан хүү, тэнгэрт байгаа аав тань бахархдаг байх. Таны хэлдгээр амьдрал даанч урт. Санаа чинь зөв юм чинь, заяа тань тэгшхэн л байж таараа.

 

Зураг