Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япон цэргүүдийг мөнхөлсөн түүх

Өнөөдөр сонин
2015 оны 1 сарын 30
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"70 жилийн тэртээх зүйлийг ярина гэхээр одоо зүүд зэрэглээ мэт санагдах юм” хэмээх энэ буурайг Б.Буниа гэдэг. 1945 оны чөлөөлөх дайны дараа Монголд ажиллах хүч болж ирсэн олзлогдсон Япон цэргүүдийн зарим нь өвчнөөр нас барахад ясыг нь хамаагүй хаясан байсныг тэрбээр олж, оршуулжээ. Энэ нь өнөөгийн Япон цэргийн дурсгалын цогцолборын суурь болсон аж. Гэвч эл түүхийг мэдэх хүн одоо хуруу дарам цөөн үлдэж. 91 нас зооглож буй ч наснаасаа ануухан харагдах Буниа гуайтай ярилцлаа. Зарим он болон тоо баримтыг санахад нь түүнд бага охин Ц.Эрдэнэчимэг нь тусалсан. Дутуу нярайн эмч байсан охин нь 63 настай гэхээр Буниа гуай “Түүхийн хуудас” юм.

-Япон цэргүүдийг та яагаад оршуулах болсон юм бэ?

-Би Увс аймгийн Түргэн суманд төрсөн. 1951 онд МУИС-ийн Хүний их эмчийн факультет төгсөж, их эмч болсон түүхтэй. Насаараа сүрьеэгийн эмч хийж. 36 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тухайн үед Төв больниц гэж улсын ганц эмнэлэг байлаа. Тэрний нэг буланд нь Сүрьеэгийн тасаг байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд нэг давхар, одоогийнхоор бол хаус шиг байшингуудад эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.

Байшин бүрд сэтгэл мэдрэл, халдварт, дотор гэх мэт нэг тасаг байдаг. 1969 онд хамгийн сүүлчийнхийг нь нурааж, нэгдүгээр эмнэлгийг барьсан.

Тэр үед Монголд сүрьеэ өвчин их байлаа. Төв больницод дотрын эмчээр ажиллаж байсан намайг Эрүүлийг хамгаалахын сайд Туваан дуудаж “Дамбадаржаагийн больницыг сүрьеэгийн эмнэлэг болгоно, ерөнхий эмчээр нь ажилла” гэсэн.

Ажил, хөдөлмөр, амьдрал аз жаргалыг бий болгодог. 

Сүрьеэ нийгмийн халдварт өвчин учраас эмнэлгийг хотоос зайдуу байлгахгүй бол болохгүй. Тэгэхэд сүрьеэгийн эмч байдаггүй. Ганц нэг л орос эмчтэй. Нас баралт их байлаа. Монголын анхны боловсон хүчин нь би.

Дамбадаржаагийн больниц Орос цэргүүдийн эмнэлэг байж байгаад дайн дууссаны дараа, олзлогдсон Япон цэргүүдийн дунд бөөсний хижиг өвчин гарснаар тэднийг эмчилдэг болсон. Тийм өвчтэй хүмүүсийг тусгаарлахгүй бол болохгүй. Тухайн үед хуучин циркээс цааш айлгүй байлаа шүү дээ. Уг нь бид тэр эмнэлгийг сүрьеэгийн зориулалтаар ашиглах гэж байтал бөөсний хижиг гарсан тул Япончуудыг оруулсан юм. Тэднийг явсны дараа ариутгал хийж, бид орсон.

Сувилагч, асрагч нар Сэлбийн голоос ус зөөж, цэвэрлэгээ хийдэг байлаа. Гэтэл тэд ийм ч гавлын, тийм ч дунд чөмөгний яс байна гэх болсон. Шарил хадгалах газар байхгүй учраас нас барсан Япон цэргүүдийн цогцсыг эмнэлгийн хашаанаас гаргах төдий, газар ухаад л булдаг байж.

Тэр чигээрээ өвчний голомт учраас халдваргүйжүүлэлт хийе гээд Эрүүлийг хамгаалах яам, Улаан загалмайн нийгэмлэгт хэл хүргэлээ.

Ингээд эмнэлгээс 7-8 км зайд, уулын энгэрт 16 нүх ухан, цэргүүдийн ясыг цуглуулж, оршуулсан. Аж ахуйн албаны дарга Жамбаа гэж хүн 16 хайрцаг хийж, нэг хайрцагт тавь гаруй хүний шарил байрлуулан, булснаар 16 овгор шороо үүссэн юм. Нийт 836 цэрэг оршуулсан гэсэн албан ёсны тоо байдаг.

-Бөөсний хижиг гэж ямар өвчин байдаг вэ. Япончууд яагаад ийм өвчин туссан юм бол?

-Их аюултай, бөөснөөс үүсэлтэй, цусаар дамждаг халдварт өвчин. Бөөсөнд хазуулснаар халдвар тархдаг. Япончууд өөрсдөө тусдаа эмчтэй байсан. Монголоос С.Чулуун гэж эмч, Аюуш гэж сувилагч тэнд эмчилгээ хийж байсныг манай охин саяхан мэдсэн байна лээ.

-Нас барсан Япон цэргүүдийг оршуулсныг Засгийн газар нь мэдсэн болов уу?

 -Дипломат харилцаа байгаагүй учраас юу мэдэх вэ дээ. 1957 oнд Үйлдвэрчний долдугаар их хурлаар нэг Япон төлөөлөгч ирж “Манай хоёр улс дайтаж байсан. Нас барсан цэрэг эрсийн булш бий юу” хэмээн асууж. Тэр үед цэргүүдийг оршуулсан газрыг зааж өгсөн гэдэг. Хэрэв оршуулаагүй бол манайханд хэлэх үг олдохгүй байсан биз.

Япончууд ийм л шалтгаанаар, “Дайснаа хүртэл хайрлаж, хүн ёсоор оршуулсан агуу ард түмэн” гэж манайхныг хүндэтгэх болсон гэсэн.

Чөлөөлөх дайны дараа Монголчууд ЗХУ-аас ажиллах хүчний тусламж хүссэнээр олзлогдсон 12 мянга гаруй Япон цэрэг манайд ирсэн байдаг. Тэднээс 1597 нь бурхан болж, үлдсэн нь нутаг буцсан.

-Оршуулах газрыг яаж сонгосон бэ?

-Оршуулсан газрын доохно талд Дамбадаржаагийн хийдийн харьяа “Жавхлан”, хажуу талд нь “Шадивлан” сүм байсан. Бид лам нараас хаана оршуулахыг асуухад тэр газрыг зааж өгсөн юм.

-Оршуулах зан үйлийг хэрхэн хийсэн бэ. 800 гаруй хүний яс цуглуулах амаргүй байсан байх.

-Үүнийг эмнэлгийн хүн л хийхгүй бол хэр баргийн хүн хийж чадахгүй. Зарим яс нь олдохгүй, хайна. Хүний яс барих цаанаа л ёозгүй. Хлорминаас өөр ариутгах бодисгүй, бүр спирт ч үгүй байлаа. Хлорминаар л гараа угаана.

Монгол хүн буяны ажил хийж байж яаж зүгээр байх вэ. Өвчтөнүүдийнхээ хоолноос илүү гарсан будаагаар оршгуулгын дараа будаалгын ёс үйлдсэн. Сүрьеэгийн эмнэлэг хангалт сайтай. Туслах аж ахуйтай, малтай байлаа. Манай хүүхдүүд намайг сайн үйл хийсэн гэдэг. Тухайн үед бол Япончуудыг оршуулсан хүн хамгийн муу нэр зүүнэ дээ. 800 хүний яс цуглуулсан гэвэл хамгийн муу, нүгэлтэй хүн л гэнэ.

Хожим Улаан загалмай нийгэмлэгийнхэн шарилыг тойруулан хашаа барьж, удалгүй Япончууд бүх шарилыг чандарлаад авч явсан. Одоо Японоос ирсэн хүн болгон тэнд очдог. Музей дотор байдаг бунханд хэдэн яс, малгайны саравч, гутлын түрийний шир байдаг. Хоёр жилд нэг удаа онгойлгодог гэсэн.

-Таны ээж ч бас олзлогдсон Япон цэргүүдэд хоол хүнс өгөн, тусалж байсан гэл үү?

 

 

-Би нэгдүгээр арван жилийн сургууль төгсөн, их сургуульд ороод удалгүй нутгийнхаа залуутай танилцаж, хүүхэдтэй болсон юм. Миний хань Цэргийн шүүхийн дарга Цэдэн гэж хүн байсан. Тэгээд сургуулиа орхичихсон. Үүнийг дуулсан ээж маань хамаг малаа заран, хэл усгүй хэрнээ Орос цэргийн машинд гэрээ ачаад хүрээд ирсэн.

Ээж намайг үргэлжлүүлэн сургана гээд багштай уулзаад, дөрвөд аялгаар ярьж өглөө. Би ч гэмтэй хүн коридорт зогсоод л харж байсан. Багш ээжийн яриаг ойлгодоггүй. Би “Манай ээж намайг сургуульд аваач ээ гэж гуйж байгаа юм” гэлээ. Багш “Хаа байгаа Увсаас ирээд, хүүхдээ сургах гэж байдаг. Яасан ухаантай хүн бэ” гээд намайг сургуульд авсан. Манайх Буриад хороололд амьдардаг. Ээж манай хүүхдийг хараад өнжинө. Дэргийн шүүхийн дарга хангамж сайтай. Max, түлээ, тамхи, талхыг нь өгчихнө. Гэрт нэг цэрэг үйлчилдэг. Бид чинь талх идэж сураагүй, манай хүн тамхи татахгүй.

Ээж өглөө эрт хоёр хувингаа цагаан давуугаар бүтээгээд л ус авахаар явна. Замдаа тамхи, талхаа барилга барьдаг Япон цэргүүдэд өгдөг байсан. Тэд хашааны завсраар гараа гарган, талх, тамхийг нь авдаг гэсэн. Бас даавууны өөдсөөр гарт нь боолт хийж өгнө. Ээж маань тэднийг өрөвдөн “20-иодхон настай, нус нулимс нь гоожчихсон жигтэйхэн хүүхдүүд байдаг юм. Хөөрхий амьтад” гээд л уйлаад сууж байдагсан. Анх бол япон цэргүүдийг жагсаад явж байхыг хараад, “Үүн шиг дайсан байхгүй” гээд зугтдаг байж. Яваандаа, яр шархандаа баригдсан тэд хүүхэд шиг нь харагдаж, өрөвдөх болсон гэдэг.

Ээжийг нэг нь “Цэргийн шүүхийн дарга Цэдэнгийн хадам ээж Япончуудад талх тарааж байна гээд таны зурагтай мэдээ сонин дээр гарчихсан байна лээ” хэмээн даапаалахад ээж “Ёстой тийм юм байхгүй.

Би өглөө усандаа л явдаг” гээд тас гүрийсэн байгаа юм. Талх, тамхи аваачиж өгөхөөр Япон цэргүүд булаацалдан, хоорондоо хэрэлдэж, зодолдоно.

Хүн зөв сурч, зөв хөдөлмөрлөх хэрэгтэй.

Тэгсэн нэг удаа ээжийн нүдэн дээр цэргүүдийг дарга нь айхтар зодож. Түүнээс хойш хашаанаас хол очоод хувингаа цохиж дуугаргахад хэд нь ирж талх, тамхийг нь авдаг болсон юм.

-Япон цэргүүдийг Монгол эмэгтэйчүүдтэй гэр бүл болох нь элбэг байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Нэг л Япон цэрэг Монгол эхнэртэй болсон юм билээ. Касүгова Юу сан гэдэг тэр хүн Монгол, Японы хооронд их явдаг байсан. Манайд дайны төлбөр гэж “Говь” комбинат болон "Өлзийт" хороололд өнчин хүүхдийн асрамжийн газар байгуулж өгсөн түүхтэй.

Манай улс үүнийг нь үнэлж, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон олгосон юм билээ. "Говь” комбинатыг байгуулахад том хүү Ц.Батбаяр маань анхны таван ажилтных нь нэг болж байлаа. Япон цэргүүдээс нэг нь л оргосон гэдэг. Тэр хүний талаар мэдээлэл байдаггүй.

-Та Япон цэргүүдтэй уулзаж үзсэн үү?

-Муусайн дайснууд гэж боддогоос хүн гэж тоодоггүй, таарахаас ч айдаг байлаа. Хожим оршуулгын газрыг үзэхээр ирсэн Япончууд чихэр, бэлэг дурсгалын зүйл өгсөн. Нахилзаж, бөхөлзсөн улсууд байдаг юм билээ.

-Тухайн үед хүмүүс хүүхдээ сургуульд сургах дургүй байсан. Та яаж сургууль номын мөр хөөсөн юм бэ?

-Манай хажуу айл их баян. Хүүхдийг нь сургуульд явахад би "Та намайг сундлаад аваад яваач” гэж гуйхад зөвшөөрсөн. Тэгээд л сургуульд сурах болсон. Гурван жил сурч, дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшин, Ховд аймагт очиж дунд ангид элссэн юм.

Улаанбаатар хотод ирж, Нэгдүгээр арван жилийн сургуулийн наймдугаар ангид сурсан даа.

-Урт наслахын нууц юу вэ?

-Зогсоо зайгүй хөдөлмөрлөх. Хань маань эрт нас барж би гурван дүү, дөрвөн хүүхэд, гурван хөгшин гээд 10 хүнийг тэжээх гэж борви бохисхийлгүй ажилласан. Ямар сайндаа ганц охиноо сургуульд сураад нэг cap болсныг мэдэхгүй байх вэ дээ.

-Тэгвэл таны амьдралын туршлагаас харахад аз жаргалыг юу бий болгодог юм шиг байна.

-Ажил, хөдөлмөр, амьдрал аз жаргалыг бий болгодог. Хүн зөв сурч, зөв хөдөлмөрлөх хэрэгтэй. Би сурахын төлөө их хичээсэн. Зав л гарвал ном уншина. Орос хэлийг ном уншиж сурсан.

Зураг