Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүлэмжийн үзэгдэл гэж юу вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 30
IKON.MN

Манай нарны аймгийн гаригууд зарим нь хэт халуун, зарим нь хэт хүйтэн нөхцөлтэй байдаг бол харин манай дэлхий л харьцангуй зөөлөн, дулаан цаг ууртай байдаг.

Үүний шалтгаан нь атмосфер хэмээх нимгэн хийн давхаргаар бүрхэгдэн хамгаалагддагаас болдог юм.

Гэсэн хэдий ч цаг уурын судлаачдын 97 хувь нь хүн төрөлхтөн сүүлийн 200 орчим жил атмосферт хүчтэй нөлөө үзүүлснээр дэлхийн дулааралд хүргэж байна гэж үздэг.

Дэлхийн дулаарлын шалтгааныг тодруулахын тулд эхлээд хүлэмжийн үзэгдлийг ойлгох хэрэгтэй.

 

Энергийн солилцоо

 

Өдөр бүр дэлхий даяар энергийн тэнцвэржилтийн үйл явц өрнөж байдаг. Сансар огторгуйгаас цацраг дэлхий рүү нэвтрэх, зарим хэсэг нь ойгоод буцаж огторгуй руу гарч одох гэх мэт.

Дэлхий нь голдуу нарнаас асар их цацраг туяагаар бөмбөгдүүлж байдаг. Нарны цацраг нь атмосферт орж ирэх хүний нүдэнд харагдах гэрэл, үл харагдах нил ягаан туяа (UV), хэт улаан туяа (IR) зэрэг бусад туяануудаас бүрддэг.

Нил ягаан туяа нь гэрлээс богино долгионы урттай, илүү их энергитэй байдаг бол хэт улаан туяа нь урт долгионы урттай, сул энергитэй байдаг.

Дэлхийд бууж байгаа цацраг туяаны 30 орчим хувь нь үүл, мөс, цас, элс зэрэг ойлгогч гадаргуудаас ойн сансар огторгуй руу буцна. Үлдсэн 70 хувь нь далай тэнгис, газар болон атмосферт шингэдэг гэнэ.

Тэдгээр нь далай тэнгис, газар, атмосферыг халааснаар хэт улаан туяаны халуун цацраг буцаан ялгаруулна. Үүссэн туяа нь буцаад атмосферээс гарч сансар огторгуйд нүүдэллэдэг.

Хүлэмжийн үзэгдэл дэлхийд

NASA-гийн тодорхойлж байгаагаар энэхүү энергийн солилцоо нь манай дэлхийг тогтмол Цельсийн 15 хэм орчимд байлгаж, амьдрах нөхцлийг бүрдүүлдэг гэнэ.

Хэрвээ атмосферын тэнцвэржүүлэх үзэгдэлгүй бол манай дэлхий яг сар шиг хүйтэн, амьдралгүй, эсвэл Сугар шиг шатам халуун байх байжээ.

Сар л гэхэд бараг атмосфергүй, сүүдэр талдаа Цельсийн -153 хэм байдаг. Харин Сугар гариг маш шигүү атмосфертэй тул нарны бүх цацрагийг шингээж Цельсийн +462 хэм орчим байдаг гэнэ.

 

Хүлэмжийн үзэгдэл

 

Дэлхийн энергийн шингээх, гаргах явц нь хүлэмжийн ажиллах зарчимтай ижил тул хүлэмжийн үзэгдэл гэдэг.

Ирж байгаа нил ягаан туяа хүлэмжийн шилэн ханыг хөнгөхөн нэвтэлж дотрох ургамал болон хатуу гадаргуудад шингэдэг. Халсан гадаргаас ялгарах хэт улаан туяа нь шилэн ханыг буцан нэвтэлж чадалгүй хүлэмжин дотор үлдэж дулаан байлгадаг. Энэ үзэгдлийн ачаар халуун орны ургамал ч дүн өвлийн хүйтэнд хүлэмжинд ургаж чаддаг байна.

Хүлэмжийн ажиллах зарчим

Үүнтэй ижил үзэгдэл нартай, хүйтэн өдөр зогсоол дээр байгаа машинд үйлчилдэг. Машины дотор талыг гаднаас ирэх нарны цацраг халаагаад халсан гадаргаас ялгарах туяа нь эргээд гарч чадалгүй машины шилэнд хоригдон үлддэг байна.

 

Хүлэмжийн хий ба дэлхийн дулаарал

 

Хэт улаан туяаны халуун цацрагийг шингээсэн их хэмжээний хийн молекул нь цаг уурт нөлөөлөх чадвартай.

Ийм төрлийн хийн молекулуудыг хүлэмжийн хий гэдэг.

Карбон Диоксид (CO2) зэрэг бусад хүлэмжийн хийнүүд нь хэт улаан туяаны цацрагийг өөртөө шингээж сансар огторгуйд буцаалгүй үлдээдэг байна. Яг хүлэмжийн шилэн хана шиг хийн давхарга үүсгээд сансарт гарах ёстой туяаг атмосферт үлдээдэг гэсэн үг.

Ингэж алгуурхнаар дэлхийн гадаргуу, атмосферыг халаах үзэгдлийг дэлхийн дулаарал гэнэ.

Байгаль орчныг Хамгаалах Агентлагийн (EPA) тодорхойлсноор хүлэмжийн хийнд усны уур, CO2, метан, нитро оксид (N2O) зэрэг хийнүүд багтдаг гэжээ.

Үндэсний Далай тэнгис, Цаг уурын Захиргааны (NOAA) тодорхойлсноор 1800-аад оноос эхлэн үйлдвэрлэл эрчимжиж нүүрс, газрын тос, шатахууны хэрэглээ ихэссэнээр атмосфер дэхь CO2 төрлийн хүлэмжийн хийг үлэмж нэмэгдүүлсэн байна.

Мөн тэдний мэдээллээр ой модны устгал нь хоёр дахь том хүлэмжийн хийн эх сурвалж болох карбон диоксидыг үйлдвэрлэж энэ нь атмосферын 6-17 хувийг эзлэх болжээ.

Атмосфер дэхь CO2-ын хэмжээ аж үйлдвэржилтийн хувьсгал эхэлснээс хойш 40 гаруй хувиар нэмэгдэж 1800-аад оны 280 ppm (parts per million)-ээс өнөөдөр 400 ppm болсон гэнэ.

Сан Диего дахь Калифорнийн Их сургуулийн судлаачдын баталж байгаагаар дэлхийн CO2-ын хэмжээ хамгийн сүүлд 3-5 сая жилийн өмнөх Плиоцены эринд ийм хэмжээнд хүрч байжээ.

Хэрвээ дэлхийн дулаарал энэ мэт үргэлжилбэл цаг уурт ноцтой өөрчлөлт оруулж далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, далайн ус хүчилшиж, олон гамшиг дагуулж болохыг NASA болон EPA-гийн судлаачид, бусад эрдэм шинжилгээний байгууллагууд, засгийн газрууд үзэж байгаа юм.

 

Хүлэмжийн үзэгдлийг өөрчилж болох уу?

 

Олон эрдэмтэд хүлэмжийн үзэгдлийг зогсоож чадах цэгээс нэгэнт өнгөрсөн эсвэл тэр цэгт тун ойр байна гэж үздэг.

Харин хүн төрөлхтөн цаашдаа яаж амьдрах талаар дараах хувилбаруудыг гаргаж байна.

  • Юу ч хийлгүй үр дагавартай эвлэрч амьдрах
  • Цаг уурын өөрчлөлттэй зохицох арга хэмжээнүүд авах (далайн усны түвшин нэмэгдэх, үерлэх зэргийн эсрэг)
  • CO2-ын атмосферт цацагдах хэмжээг хатуу бодлогын тусламжтай бууруулах

Гэвч олон эрдэмтэд байдал эргэлт буцалтгүй хэмжээнд хараахан хүрээгүй байгаа тул олон улсын гэрээ, хамтын ажиллагаагаар эх дэлхийгээ аврах боломж байгаа гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: LiveScience