Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгө оруулагч татахын тулд том төслүүдээ явуулахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна"

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайдын захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж, анхны хуралдаанаа хийлээ.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ "Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа нь макро эдийн засгийг тогтворжуулах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мега болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр санал, дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэнэ.

Эдийн засгаа сэргээхийн тулд  бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй шаардлагатай.

Эдийн засгаа сэргээхийн тулд  бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулагчдаа татахын тулд том төслүүдээ явуулахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Эдийн засгийн хүндрэлийн ард гарахад  та бүхний мэдлэг, чадвар, туршлага хэрэгтэй" гэлээ.  

Эдийн засгийн зөвлөл нь: 

  • Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ
     
  • Монгол Улсын эдийн засгийн орчинд таагүй нөлөө үзүүлж болох сөрөг хандлагын эсрэг авах арга хэмжээ
     
  • Банк, санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах, нөлөөллийг бууруулах, зүй зохистой горимд оруулах зорилгоор хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулан Эдийн засгийн Үндэсний хороонд танилцуулах үүрэгтэй.

Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хөгжлийн төлөв байдлын талаар гадаад улсад сурталчлах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр авах арга хэмжээний талаар санал зөвлөмж гарган Эдийн засгийн Үндэсний хороонд танилцуулах юм байна.