Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Хөгжлийн Банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Япон Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжих “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төсөл, “Монгол Улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Сангийн яаманд боллоо.

Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын захирал Аюүми Кониши нар гарын үсэг зурав.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлснээр, тус яам Азийн Хөгжлийн Банктай 1993 оноос хойш хамтран ажиллаж, байгаль орчны салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэ хамтын ажиллагаа улам өргөжиж, өнөөдөр дахин хоёр төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

“Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төслийг “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-тэй уялдуулан Монгол орны ой бүхий таван аймгийн таван суманд хэрэгжүүлэх аж. Төслийн зорилго нь ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэн, үлдэгдэл, хаягдал, гишүү, мөчир, унангийг бутлан шахмал түлш үйлдвэрлэх зорилготой юм.

Төсөл хэрэгжсэнээр био түлшний үйлдвэрлэлийг цаашид өргөжүүлэхэд шаардлагатай технологи, санхүүжүүлэх арга зам, зөвлөмжтэй болж, ойн хаягдал модоор био түлш үйлдвэрлэдэг болно. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулах гэхчилэн эдийн засаг, экологийн ашиг тусаа өгөх ажээ.

Орон нутгийн иргэдэд түшиглэсэн түлшний үйлдвэрийг туршиж нэвтрүүлснээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд дэм тусаа өгөх юм. Уг төсөл нь ойн нөөцийн зохистой менежмент, үр ашигтай хэрэглээг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход Монгол Улсад туслах, хувийн хэвшлийн шинэлэг, бусдад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг дэмжих гэсэн Азийн Хөгжлийн Банкны бодлого, стратегитэй уялдаж байгаа тухай БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцлон тэмдэглэсэн.

“Монгол Улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төслийн хувьд ус намгархаг, хүлэрт газрыг хамгаалах, түүний зохистой хэрэглээг бий болгох, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол Улсад ус намгаргах газрын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм.

Ус намгархаг газар нь манай орны ус чийг ихээр агуулдаг.

Уг төслийн хүрээнд Монгол орны ус намгархаг газрын нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийж, ус намгаргах газрын зохистой хэрэглээ, түүний менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулан, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, энэ чиглэлээр орон нутгийн байгууллагууд, нутгийн иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх аж.

Ус намгархаг газар нь манай орны ус чийг ихээр агуулдаг, олон төрлийн амьтан ургамал оршин амьдрах чухал орчин болдог. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ус намгархаг газар хатаж ширгэх эрсдэл учирч байгаа тул төслийн ашиг тус их ажээ.

Рамсарын конвенцийн хүрээнд зохион байгуулдаг Дэлхийн ус намгархаг газрын өдөр удахгүй хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиох юм.