Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгын биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2015 оны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, “Цаашид тус албаны хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, албаны бэлэн байдлыг дээшлүүлж, албан хаагчдын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, давтан сургаж бэлтгэх, багаж, техник хэрэгслийн чадавхыг бэхжүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн эрүүл мэнд, орон байрны асуудлыг шийдвэрлэх, хангамж, цалинг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж гадаад улс орны тусламж дэмжлэгийг авч гадаад харилцаагаа өргөжүүлэхэд салбарын сайдын хувьд анхаарч ажиллана, Онцгой байдлын албаны удирдах бүрэлдэхүүн та бүхэн ч анхаарч ажиллах ёстой” гэж хэллээ.

Онцгой байдлын албаны мэргэжлийн боловсон хүчин, аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэн, сургаж мэргэшүүлдэг бие даасан сургууль, сургалтын төвтэй болох хэрэгтэй байгааг ч мөн хэлсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 20-30 удаа цаг агаарын аюулт үзэгдэл тохиолддогийн гуравны нэг орчим нь гамшгийн хэмжээнд хүрч, жил тутам 5-7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирдаг байна. 

Зөвхөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Онцгой байдлын албаны офицер, ахлагч нар нийтдээ 9000 гаруй хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, иргэдийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Алба хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэх, хангалтыг сайжруулахад зориулж 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх болсон

Аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг 100 хувьд хүргэхэд 240 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж. Түүнчлэн хүн амын хэт төвлөрөл, үйлдвэржилт, хотжилт, хот төлөвлөлт, хөгжлийн бодлоготой уялдуулан зарим аврах, гал унтраах анги, салбарыг өргөтгөх, шинээр барих шаардлага ч тулгараад байгаа тухай зөвлөгөөний үеэр яригдсан.  

Онцгой байдлын салбарт энэ жил аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж энэ онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх болсныг Шадар сайд У.Хүрэлсүх дуулгасан юм.  

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж 5.2 сая Евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл нийлүүлэх болжээ.