Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

open.parliament.mn
2015 оны 1 сарын 29
open.parliament.mn
Зураг зураг

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.45 цагт 51.3 хувийн ирцтэй эхэлсэн.

Хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бий болгож байгаа юм.

Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагатай гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурьдсан. 

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 73,8 хувийн саналаар дэмжив

Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 43 нь буюу 70,5 хувийн саналаар дэмжлээ. 

Ингээд хууль, тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.