Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэг ахмад настан жилд дунджаар 340 мянган төгрөгийн зээлийн хүү төлж байна”

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг өрийн дарамтаас гарах бодлого боловсруулж байгаа талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгээс “Ардаа чилээсэн өрийг даръя” уриан дор эхний ээлжинд ахмадуудад учирсан өрийн дарамтыг сард 0.3-0.5 хувиар нимгэлэх зорилго бүхий УИХ-ын тогтоолын төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ

Н.Номтойбаяр “Өнөөдрийн байдлаар ахмадууд сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг арилжааны банкуудаас авч байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчийн 60 орчим хувь буюу 190 мянга нь тэтгэврийн зээлтэй ба нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байна.

Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ огцом өссөн. 2012 оны үетэй харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байна.

Хэрэв зээлдэгч тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг "ёс зүйгүй" зарчим үйлчилж байна” гэв.

Тиймээс энэ асуудлыг цэгцлэх гарц байгаа эсэхийг МАН-ын бүлгээс судалж үзээд дараах боломжит хувилбаруудыг танилцууллаа. 

  • Нийгмийн даатгалаас арилжааны банкинд хадгалуулсан хуримтлал 10.7 хувийн хүүтэй ба арилжааны банкнаас ахмадуудад өгч байгаа тэтгэврийн зээл 18 хувийн хүүтэй. Энэ хоёр хүүний зөрүү нь 7.3 хувь. Харин банкуудын зээл олгох үйл ажиллагааны зардал нэг хувьд ч хүрэхгүй байх магадлалтай. Үлдэх 6.3 хувьд ногдох хэсэг банкинд ашиг болон үлдэж байгаа нь ойлгомжтой байна. Энэ асуудлыг зөвшилцөлд тулгуурлан зохицуулах боломж бий. 
  • Зээлийн хүүгийн хэмжээг сард 0.3-0.5 хувиар бууруулъя. Ингэж чадвал ахмадууд жилдээ 12-18 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг банкны хүүнд өгөх бус халаасандаа үлдээж, амьдралдаа нэмэрлэх боломжтой.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж байгаа ч арилжааны банкуудаар дамжуулан жилийн 21 орчим хувийн өндөр хүүтэй цалингийн зээл авч байгаа нь шударга бус гэдгийг Н.Номтойбаяр онцолсон. Түүний хэлснээр одоогийн байдлаар 260 мянган хүн цалингийн зээлтэй ба үүнд 1.4 их наяд төгрөг эргэлдэж байгаа аж. 

Тиймээс цаашид цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байгаа бөгөөд шийдвэрлэх алхмыг удахгүй танилцуулна хэмээн мэдэгдлээ.