Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын үйлчилгээг өөрт ойр банкны салбараас авах боломж бүрдлээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн Даатгалын Ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээгээр нийгмийн даатгалын орлого зарлагын гүйлгээг шуурхай, чирэгдэлгүй, нэмэлт хураамжгүй гүйцэтгэх, тэтгэвэр тэтгэмж, үйлчилгээний төлбөр тооцоо хийх зэрэг банкны гүйлгээний харилцааг зохицуулах юм.  

Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга Ц.Уртнасан "Манай байгууллагын зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаар, тэтгэвэр тэтгэмжийг арилжааны банкуудаар дамжуулж иргэддээ хүргэдэг.

Бид өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж 1.3 их наяд төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн байгаа. Энэ бүх ажлыг арилжааны банкуудтай хамтарч хийдэг. Тиймээс энэ харилцаагаа бататгаж хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгуулж байна" гэлээ.

Уг гэрээ байгуулагдсанаар ажил олгогч, даатгуулагч, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ авагч иргэд болоод байгууллага нийгмийн даатгалын үйлчилгээг өөрт ойр банкны салбар нэгжээс авах боломж бүрдэж байна.

“Төрийн банк”-ны Гүйцэтгэх захирал Д. Батсайхан “Өнгөрсөн жил манай банкны зүгээс Нийгмийн Даатгалын Ерөнхий газартай хамтраад  нийгмийн даатгалын үйлчилгээний картыг үйлчилгээнд гаргасан. Уг картыг ашиглаад 540 манай банкны салбар, 260 бэлэн мөнгөний машин, 1500 гаруй картаар үйлчлэгч байгууллагаас тэтгэвэр авагчид маань үйлчилгээ авах боломжтой болсон.

Энэ мэт  иргэдийн цаг, мөнгийг хэмнэсэн үйлчилгээ санаачилгуудыг нэвтрүүлэхээр Нийгмийн даатгалын газартай хамтран ажиллах болно” хэмээн ярилаа.

Хамтран ажиллах гэрээг Нийгмийн Даатгалын Ерөнхий газар нь 

  • “Хаан банк”
  • “Төрийн банк”
  • “Капитал банк”
  • “Хас банк”
  • “Улаанбаатар банк”
  • “Голомт банк”
  • “Капитрон банк”
  • “Чингис хаан банк”
  • “Худалдаа хөгжлийн банк”
  • “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” зэрэг арилжааны 10 банктай  байгууллаа.