Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвжав: Хаагдсан уурхайн бүс нутгийг хэрхэн “амьдруулдгийн” бодит загвар нь Налайх болох ёстой

ikon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, БНСУ-ын Кён Хы их сургуулийн докторант, судлаач Б.Пүрэвжавтай ярилцлаа. 

-Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн нэрээс үйл ажиллагаа, чиглэл нь тодорхой мэдрэгдэж байна. Танай байгууллага хэзээ байгуулагдсан бэ. Ямар ажлууд хийв?

-Манай төрийн бус байгууллагатай зорилго, чиглэл ойролцоо, ийм үйл ажиллагааг дэмжин түгээн дэлгэрүүлдэг танай сайтын зочноор оролцох боломж олгосонд баярлалаа.

 “MOSHEA” буюу Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийг 2013 оны арваннэгдүгээр сард салбартаа туршлагатай хүмүүс санаачлан байгуулсан.

Байгуулагдсан цагаасаа үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрөө баталж, төр захиргааны байгууллагуудад танилцуулахаас бидний ажил эхэлсэн. Ингэсний үр дүнд БОНХЯ, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, Нийслэл болон Налайх дүүргийн төр захиргааны байгууллагуудтай ойр нягт хамтран ажиллаж байна. 

Манай нийгэмлэг өнгөрсөн хугацаанд уул уурхай, барилгын салбар дахь аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрүүл ахуйн горимыг хангуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж, сургалт, зөвлөгөө өгч, судалгаа хийхэд үйл ажиллагаагаа голчлон чиглүүллээ. 

-“MOSHEA” нийгэмлэгээс Налайх дүүргийг нийслэлийн дагуул эко хот болгох төсөл хөтөлбөрийг боловсруулсан гэсэн. Налайх дүүрэг цагтаа Монгол Улсыг тэжээж байсан ч уурхай хаагдаж хаа сайгүй ухсан нүх, ямар ч хамгаалалтгүй ажлын талбар л өнөөдөр тэнд зонхилж байх шиг. Нууцгүй хэлэхэд сайнаасаа саар мэдээ л дуулдах юм?

-Аж үйлдвэрийн ууган голомт Налайхын уурхайн 100 жилийн ой энэ жил тохионо. Оросын түүхч И.И.Майскийн номонд 1915 онд Монгол Улсад аж үйлдвэрийн салбар гэж хэлж болох ганц зүйл нь Налайхын нүүрсний уурхай байв гэж тэмдэглэсэн байдаг.

Энэ эх сурвалжаас тооцож үзвэл уурхай байгуулагдаад 100 жил өнгөрсөн ч тэнд суурьшиж буй ард иргэдийн амьдрал уурхай хаагдсанаас хойших 20-иод жил үнэндээ тарчиг хэвээр.

Осол гэмтэл, хүний амь эрсдэх явдал буурахгүй байна. Гэтэл 100 жилийн ойг ямар ч хувирал өөрчлөлтгүй, бүх зүйл бахь байдгаараа угтаж болохгүй биз дээ. Тиймээс Налайхыг эко хот болгох төсөлдөө бид бүхий л талуудыг харгалзан үзэж, ач холбогдол, үр дүн, эрсдэл, хөрөнгө санхүү гэх мэт тооцоо судалгааг гаргасан. Гагцхүү одоо бидэнд энэ уурхайд түшиглэсэн дүүргийг дагуул хот болгон сэргээж, тэндхийн ард иргэдийн амьдралд шинэ агаар оруулах төрийн дэмжлэг л чухал байна.

-Хаагдсан уурхайн хотыг дагуул, эко хот болгох санал санаачилгыг Налайхчууд хэрхэн хүлээж авч байгаа вэ? 

-Бид төслөө тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн ИТХ-д танилцуулаад байна. Мэдээж дүүргийн иргэд ихэд талархан хүлээн авсан.

Манай нийгэмлэгийг дэмжигч иргэдийн хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, үйл ажиллагаа, зорилго нэг гэдгээ илэрхийлж байгаа. Нөгөө талаар миний хувьд энэ чиглэлээр эрдмийн судалгааны ажил хийж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Уул уурхайг түшиглэн байгуулсан хот тосгон”-ы асуудлыг нухацтай авч үзээд зарим нэг хөтөлбөр, үзэл баримтлал гаргаад ажиллаж байна.

Тухайлбал, бараг үндсэндээ мартагдах шахуу болтлоо орхигдсон Нийслэлийн алслагдсан дүүрэг Налайх хотыг улсын зэрэглэлтэй аялал жуулчлалын бүс нутгийн үлгэр жишээ “Улаанбаатарын дагуул хот” болгох тухай асуудлыг хөндсөн.

-Налайхчуудын ойрын ирээдүйг нь хэрхэн харж байгаа вэ. Энэ дүүрэгт ямар боломжууд бий бол?

-Бид Налайх хотыг улсын зэрэглэлтэй, аялал жуулчлалын хот, дагуул хот болгон хөгжүүлж чадвал олон асуудлыг шийдэж чадна. Юуны өмнө тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн ая, тухтай амьдрах орчныг бүрдүүлж, улмаар Улаанбаатар хотын энэ их замбараагүй төвлөрлийг сааруулах ажлыг тэндээс эхлэх болно. Өнөөдөр Налайх дүүрэг 33.500 хүн амтай, улсын зэрэглэлтэй хот болох бүрэн боломжтой, дэд бүтцийн хөгжил сайтай хот шүү дээ.

Тэнд хот бүрдүүлэгч бүхий элементүүд нь байна. Гагцхүү орон нутгийн болон төр засгийн хүсэл эрмэлзэл байхад л хангалттай. Нийслэлээс 42 км-т оршдог, авто зам, төмөр зам, нисэх зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн.

Налайх хотыг улсын зэрэглэлтэй, аялал жуулчлалын хот, дагуул хот болгон хөгжүүлж чадвал олон асуудлыг шийдэж чадна. 

Улс орны маань сүр сүлд болсон аялал жуулчлалын гол бааз Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, Цонжин болдог цогцолбор, рашаан сувиллын Ар, Өвөр жанчивлан бааз, төмөр зам, автозамын сүлжээ бүхий авиа тээврийн өргөн боломж, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай уудам газар нутаг, энэ бүхэн дээр Улаанбаатар хоттой холбогдсон хурдны замын ирээдүй гэх мэт сайхан боломжууд их бий.

Магадгүй Төв аймагт сүндэрлэх Майдар цогцолбортой зам сүлжээгээрээ холбогдсон нь илүү их давуу талыг гаргаж өгч болох юм. Тэр хооронд Монголдоо анхныхад тооцогдох салхины эрчим хүчний төвлөрсөн шугам явж байгаа гэх мэтийг бодохоор хотын хөгжилд манай улсад өргөн боломж байсаар байна. Товчхон дүгнэвэл, орхигдсон уурхайн хотыг хэрхэн өөрчилж “амьдруулж” болдгийн бодит жишээ загвар нь Налайх болох ёстой.

-Бидний ярилцлага яалт ч үгүй таны судалж буй сэдэв рүү “халтирч”орох нь. Үндсэн хуулиар “хот” гэдэг засаг захиргааны нэгжийг устгасан гэсэн асуудал олон жилийн турш эрх зүй, орон нутаг, улс төр судлаачид болон жирийн иргэдийн дунд яригдсаар ирсэн. Энэ талаар судлаач хүний хувьд Таны бодлыг сонсъё?

-Юуны өмнө засаг захиргааны нэгж гэдэг нь юу юм бэ, хот гэдэг нь юу юм бэ гэх мэт ойлголтын зөрүүгээ арилгах хэрэгтэй. Хүмүүс ярьдаг шүү дээ, урьд нь хот гэж засаг захиргааны нэгж байсан, үүнийг Үндсэн хуулиар үгүй хийчихлээ гээд. Тэгвэл ер нь хот гэдэг чинь өөрөө юу юм бэ, хот өөрөө засаг захиргааны нэгж мөн үү гэх мэт өөр хоорондоо уялдаатай олон асуудлууд гарч ирнэ л дээ.

Өмнөх тогтолцооны үед аж ахуйн үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагаа хоёр хэт их холилдсон байдалтай явж ирсэн. Тэр нь тухайн үеийн тогтолцоондоо магадгүй зохицсон байж болно. Гэхдээ удаан үргэлжлэх тусмаа явцгүй нь харагдаж байсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн үйл ажиллагаагаа дагуулж засаг захиргааны нэгж байгуулаад байх нь алсдаа төр өөрийн захиргааны зардлаа дийлэхгүйд хүрэх нөхцөлийг бүрдүүлж байсан.

Тухайн үед улс ардын аж ахуйг тав таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлэхдээ тухайн төлөвлөгөөт жилдээ дэвшүүлсэн зорилтоо хангахын тулд модны, нүүрсний, уул уурхайн аж ахуй, хөдөө аж ахуй гэх зэрэг аж ахуйн хэлбэрийг төрөөс зориуд дэмжин шинээр байгуулж, тэр болгондоо хүн амыг зохион байгуулалттай суурьшуулж байсан юм.

Үүнийг дагуулж бий болгосон хот, тосгодыг бид сайн мэднэ. Тосонцэнгэл, Шарын гол, Эрдэнэт, Хөтөл, Дархан гэх мэтээр хот тосгодыг байгуулж, тэр хэрээрээ засаг захиргааны нэгж бий болгож явсан байдаг. Одоогийн нөхцөлд яг ийм байдлаар аж ахуйн үйл ажиллагааг дагуулаад хот тосгодыг олноор бий болгож тэр болгонд нь засаг захиргааны нэгж бий болгож байна гээд төсөөл л дөө. Тэгвэл юу болох вэ? Өдрийн хэдэн арваараа байгуулагдаж байгаа аж ахуйн нэгж, хэдэн арваараа дампуурч буй аж ахуйн нэгжийг дагуулаад засаг захиргааны нэгж байгуулна гэвэл үнэхээр санаанд багтамгүй байгаа биз.

Ийм л байдлыг тухайн үеийн Үндсэн хууль тогтоогчид маш сайн олж харсан байгаа юм. Тийм ч учраас шинэ Үндсэн хуулиар өмчийн олон хэлбэрт аж ахуйн хэвшлийг хөгжүүлж, тэдгээр нь төрөөс хамааралгүй байхаар зохицуулж өгсөн. Ер нь зах зээлийн эдийн засагтай улсад үүнээс өөрөөр байх ч арга байхгүй. Эндээс л бидний асуултын хариулт гарч ирэх учиртай л даа.

Хот нь тухайн нутагт суурьшсан хүн амын ая тухтай, амьдрах орчныг бүрдүүлэгч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэц бүхий аж ахуйн үйл ажиллагааны нэгдэл юм. Өөрөөр хэлбэл, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэгч, цэвэр, бохир усны шугам сүлжээ, зам харилцаа, хог зайлуулах болон харилцаа холбоогоор хангагч аж ахуйн нэгжүүд гээд бүхий л аж ахуйн үйл ажиллагаа хамаарна. Мөн хүн амыг ажлын байраар хангагч аж ахуйн үйл ажиллагаанууд бүгд хамаарна.

-Өнгөрсөн хугацаанд шинээр хот бараг байгуулагдсангүй. Ер нь Монголд шинээр хот байгуулах боломж хэр байгаа вэ?

-Бололгүй яахав, нээлттэй шүү дээ. Гэхдээ бид өнөөдөр хот шинээр байгуулна гэхээсээ илүүтэй байгаа хотоо хөгжүүлэх, томруулах тухай ярих ёстой л доо. Харамсалтай нь хот төлөвлөлт, хот байгуулалт, хотын аж ахуй, хотын хөгжил зэргийг тус тусад нь яриад байна.

Уг нь Засаг захиргааны нутаг дэвсгэрийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хөгжил, түүний удирдлага, зохион байгуулалт, түүн дээр нэмээд хотын ерөнхий төлөвлөгөө, байгуулалт, аж ахуй гэх мэтээр цогцоор нь хамтад нь авч хэлэлцдэг бол их үр дүнтэй байх юм.

Хот шинээр байгуулна гэхээсээ илүүтэй байгаа хотоо хөгжүүлэх, томруулах тухай ярих ёстой.

Гадаадын бусад орнуудын жишгийг харвал хотыг яг ямар чиглэлээр хөгжүүлэхийг тухайн орон нутгийн онцлогтой уялдуулан тогтоодог.

Тэр бүү хэл үйлдвэрлэл дотроо аж үйлдвэрийн, хөнгөн үйлдвэрийн гээд хуваагддаг жишээтэй. Хаана ямар хот байгуулах, ямар хотыг тэлэх гэх мэтээр яривал их сонирхолтой л доо.

-Та судлаач хүн. Өнөөгийн Улаанбаатар хот маань ер нь ямаршуу дүр төрхтэй байна, ирээдүй нь ямраар төсөөлөгдөж байна вэ?

-Улсын нийслэл, хүн амын тал нь төвлөрсөн хотод маань хотын хөгжлийн явцад тулгардаг сөрөг үр дагаврууд илт үүсээд байгаа. Хүн ам, машин техникийн авцалдаагүй их төвлөрөл, бөөгнөрөл, замбараагүй барилгажилт, утаа, шороо тоос гээд. Үүнийг л ухаалгаар мэдэрч хуулийн хүрээнд зөв бодлого явуулж шийдвэрлэх гарцыг олох хэрэгтэй л дээ.

Гэхдээ би бүх зүйлийг болохгүй талаас нь хармааргүй байна. Судлаачийн зүгээс хэлбэл өнөөдөр онцгой статустай Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг яаралтай задлах хэрэгтэй байна. Гэхдээ үүнийг зөнд нь урсгалаар биш төр засгийн бодлогын түвшинд хийх хэрэгтэй. Энэ ажлыг хийхэд төр, засгийн зүгээс айхтар их хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Зөвхөн ингэх хүсэл сонирхол эрмэлзэл байгаагаа төр засгийн аль ч түвшинд илэрхийлчих юм бол хөгжлийн үйл явц аяндаа өрнөөд ирнэ.

-Таны ярианаас шинэ хот байгуулах гэж яарахаасаа илүү хуучныгаа өөд нь татах нь дээр гэж ойлголоо. 

-Тийм ээ. Нэг талаар бид дээр дурдсан саналаа бодитоор хэрэгжүүлж чадвал та бид хоёрын ярилцлагын эхэнд хөндөгдсөн Үндсэн хуулиар үгүй хийсэн гэх хотын асуудалд ч хотын хөгжлийг хангах хууль эрх зүйн боломж байгааг нотлох сайхан боломж бүрдэнэ. Шинэ хот байгуулах хүсэл тэмүүлэл олон хүнд байж болно.

Гэхдээ өнөөгийн бодит нөхцөл байдлаа харахаар шинэ хотыг цогцлоон байгуулах гэхээсээ өмнө хотжих процесст ухамсартайгаар нөлөөлж хуучин байсан хот, тосгодоо хөгжүүлэх нь өнөөгийн үед тулгамдсан асуудал болоод байна.

Ер нь төвлөрч хотжих процесстойгоо \урбанизаци\ хамт задарч төвлөрөл саарах /децентрализаци/ үйл явц зэрэг явагдаж байдгийг төр засгийн түвшинд маш сайн ойлгох хэрэгтэй. Ийм процесс баруун Европод аль эрт XVIII зуунд болоод өнгөрсөн ч манай орны тухайд одоо л эхэлж байгааг судлаачийн хувьд онцолъё.

-Хот руу тэмүүлэх хөдөөгийнхний урсгал тасрахгүй, хөдөө эзгүйрлээ гэдэг шүү дээ?

-Би үүнийг зөвхөн барилга байгууламж талаас нь юм уу дан ганц их нүүдлээр төсөөлж харахгүй байна. Улаанбаатар хотын энэ их хөл хөдөлгөөнөөс хүмүүс залхаад эхэлснийг батлах хотын ойр орчимд баригдаж байгаа олон таун хаус, хорооллуудын талаарх өдөр тутмын тоймгүй их зар сурталчилгаатай та таардаг байх.

Хөдөөнөөс шилжин суурьшигчид их хотод дасан зохицохын тулд хотын ойр орчимд өдөр хоногоор суурьшин тэндээ суурин газруудыг бий болгож байгааг Эмээлт, Банзүрх, 61-ийн гарам, Хонхор хавийн айлуудаас харж болно. Энэ мэтээр хөдөө-хот-хөдөө-хот процесс эрчимтэй үргэлжилж байна.

Зарим аймаг, орон нутаг ч хүн амаа алдахгүйн тулд эрчимтэйгээр хотын хөгжлийг бий болгож буйг Даланзадгад, Баруун-Урт хотын жишээн дээрээс харж болно. Гагцхүү үүнд төр засгаас ухамсартайгаар алсаас нөлөөлж удирдан залах ёстой гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа. 


Н.СҮРЭН