Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын сууг мэдье гэвэл алив хөдөө яв дарга нар аа

ikon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Цэгмэдийн Ширчин, Гомбын Санлиг нар,

"Бага насны тэмдэглэл-3" нийтлэлчдийн бүтээлүүд...


Монголын мал 51.7 саяд хүрлээ.

Түүхэндээ байгаагүй том тоо л доо. Соц нийгэм нуран унаж байх мөчид малыг малчдад хувьчилбал ёстой л нөгөө аюул гээч нь болоод хүмүүс хамаг малаа хагалаад идчихнэ гэж сурталддаг байсан үе түүх болон үлджээ. Сталины даалгавараар монголын малыг 150 саяд хүргэнэ гэж үзээд 20 сая даваагүй мал, малчдад очсоноос хойш хорь гаруйхан жилд бүтэн нугарч өслөө. Энэ бол капитализмын буян.

Нэг их олон зохиолын дуучид моодонд оров оо. Бодоход 2000-аад он юмдаг. Тэр үед Улаанбаатарын хүн ам огцом өсөж, өмнө нь зэлүүд суурин байсан хотын зах хашаа хорооллоор дүүрээд ирэв. Малчдын хот руу нүүдэллэх, шилжих хөдөлгөөн дээд цэгтээ хүрсэн үе. Амьдрал хэцүү, хөдөөгийн амьдрал шальдар бульдар байснаас гадна хэдэн жил дараалсан “харын зуд”-наас тийн үүдэв.

Зун нь хамар хатгах өвсгүй шахам нар хамгийг нь хуйхлаад ёлтойсон халуунаар хуурай салхи үлээж, өвөл нь цас унахгүй зутрааснаас миний санаж байгаагаар зарим аймаг хагас сая малаа барж байсан удаатай. Гурван жил дамнасан зудны хөлд малчид хөөрхий зутарч гүйцэв. Нутаг алгасан оторлож, очсон газраасаа хөөгдөж, ийш тийш тууварт нухлагдсан мал тамираа барж онд мэнд орох нь хэт цөөрсөн цаг.

Манай Бүрэнгийнхэн хойш оторлож засмал зам өнгөрөөд Өндөр ширээт дамнан Лүн, дээшлээд төв аймгийн хойд сумдын нутгаар тархав. Малгүй шахам үлдсэн Бүрэнгийн хөндийг Эрдэнэдалай, Адаацагийн мал суурь сууриараа нүүдэллэж ёстой л хөл толгойгоо алдсансан. Зарим малчин хүйтэнд хөдөлгөсөн мал тэнхрэхгүй гэж байхад нөгөө зарим нь өвсний сөл хайн гэрээс хэдэн зуун бээрийг зорино.

Тэр үед үхэр хамгийн ихээр хоргодсон юм. Саалийн цөөхөн үнээтэй айлууд хар цайтай золгож, зарим нэгэн нь хотоос хуурай сүү захиж эгээтэй л амьдралын бараан хадууныг халаглаж суусан цаг. 

Мянга мянган жил отор нүүдэл хийж, өвсний сөл, усны тунгалгийг даган бэлчээрлэж асан Монголчуудад байгаль эх ширэв татав уу гэлтэй тийм л хүнд үе тохиосон юм. Дээхнэ үеийн өвгөчүүдийн амнаас “мичин жилийн зуд” гээд өдий төдий домог шиг яриа дуулж байсан ч нүдээр үзсэн эл харын зуд бол монголын малчдыг тамирдуулж нэг чадсан.

Үхэр гэдэг сүртэй, бараатай амьтан атал хахир хүйтэн, хоолгүй залгахтаа зэрэг эврээрээ даарч төдөлгүй сөгчөөд өгөх. Өвөөгийнх маань тэр жилүүдэд төв аймгийн хэдэн сум дамнан оторлож, ямар ч байсан хотоо харлуулалгүй гарсан. 2000 оны хавар Лүн сумын баруунхантай хэсэг толгодын дунд өвөлжив. Эмээ хотоос хуурай сүү захиулж байгаадаа халаглан шүүрс алдах аж. Ихэнх бодууд нэмнээнд орж, зарим нь эзнээрээ өргүүлж, овьёос энэ тэрхэн хивэх аж. Тэр үеэр “хиамныхан” гэж малын эрлэг гарч ирэв. Бэлчээрт байгаа малыг тэр даруйд нь нядлаад л аваад явчихдаг тийм нэгэн хэцүү хэрэг хаа сайгүй тохиолдоно.

Би авга ах нартайгаа хөр цасыг зүсэн, хүрз савраар зузаан зузаан хөрсөлсөн давхаргыг нээж, дороос нь цухуйх өнгөрсөн намрын өвсийг ил гарган савраар малтана. Бог малын хөл шигдээд явахын нөхцөл үгүй. Мөнөөх цас ханзалж ярсан хэсэгтээ хонь ямаадаа өргөн аваачина. Өнгөрсөн намрын борог өвсийг цас туулан дэлгэж, явсан мөрөөрөө малаа бэлчээрлүүлнэ. Ядаж байхад тэмээ хөндлөн хазах дайны өвстэй байдаг газар тэр жилүүдэд хувхай цайтал ган, царцаа хоёрт идэгдсэн байв. Хоргодсон малын зэмийг газар ухан булна. Тэгэхгүй бол халдварт өвчин дэгдэх аюултай. Авга ах Ширээбазар маань гэрээс холгүйхэн арван бээрт орших туул голоос ус авахаар нэгэн хонгор хязааланг унаад хорьтын пиавар сав ганзагалаад явав. Нэлээд удсаны хойно явган алхсаар ирэв. Өнөөх морь нь тамирдаад сөгчиж унасан гэнэ. Морийг ачиж ирэхээр “Аавын цээж” асааж туулын эрэгт очвол аль хэзээний “хиамныхан” ирээд мөнөөх залуу үрээг алаад арьсыг нь өвчөөд явсан байх. Усны канестр дээр 500 төгрөг орхиод явжээ. Ямар зэрлэг балмад хэрэг байсан гэж санана. Тэгээд араасаа хар төрүүлэхгүйн тулд хэдэн халтар төгрөг үлдээгээд явсан нь даапаалж буй хэрэг мэт. Харын зудны хажуугаар хар сэтгэлийн зуд нүүрлэсэн, халуун хошуут малтайгаа тэгж л зэрлэг харьцсан жилүүд байж.

Өвөө маань соц нийгмийн үед улсын сайн малчин, “чанарын аварга” цол тэмдгээр шагнагдаж өдий дайны өвлийг түүрдэхгүй давж асан нэгэн. 1979 онд билүү дээ, улсын аварга болоод Москва, Ленинградаар сар гаруй шагналын амралтаар явсан нэгэн. Ганц удаа гадаад явж үзсэн тэр л дурсамжаараа оросыг төсөөлөх.

Өвөөгийнхөн бог малын гарз багатай өвлийг давав. Нялх хурга ишиг тойлохоос эхлээд өдий төдий бод мал гар асаргаанд орсон юмдаг. Өнгөрсөн зун нь эмнэг хангалаараа гайхуулсан бүдүүн морьд тэр үед малчин эзнийхээ “гарт орж” аврал эрсэн нүдээр ширтэх нь өрөвдөлтэй. Монголын радиогоор Соёлын гавьяат Зундуйн Дорж гуайн эрхэлж байсан “Буянт мал бузар гар” гэж нэвтрүүлэг байсхийгээд л нэвтэрнэ. Радиогоо тээр дээр унины тэрүүхэнд бэхлээд мөнөөх нэвтрүүлгийг явах үеэр асаана. Бусад үед нь зайгаа хэмнээд унтраана. Цаг агаарын сэрэмжлүүлэг ая гэж цаанаасаа нуруу хүйт даахаар аястай. Тийм аяз нэг их яваагүй бол малчин ард баяртай. Тийм аяз яваад эхлэнгүүт л өвөө, эмээгийн царай барайдагсан.

Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж Элбэгдорж Ерөнхийлөгч нэгэнтээ хэлсэн. Үнэхээр үнэн үг. Малын эмч, хариулганы мэргэжилтэн, маллагааны мастер, заа тэгээд өрөм зөөхий, айраг исгэнэ гээд олон нэр төрлийн үйлдвэрлэл хийдгийг нь яривал үнэхээр мянга хүрч мэдэхээр мэргэжлийн эзэд. Ургамал шинжээч, цаг агаарын мэргэжилтэн, уул усны нэвтэрхий толь гээд малчны мэргэжил барагдахгүй. Харин тэр зудтай жил би өвөөгийн нэгэн эрдмийг үнэнхүү биширсэн билээ. Өвөл бэлчээрт яваад жиндээд ирсэн бог мал хотондоо дулаан хонох учиртай. Мал барагтай бол бэлчээрт даарч сүйд болохгүй. Гол нь хотондоо хүйтэн хоновол тэгсхийгээд л шулбайчихдаг талтай. Тиймээс хонины хот дулаан байх учиртай. Өвөө хонины хотыг уур савстал дулаан байлгаж чаддаг нэгэн. Орчин цагийн “шалнаас халдаг байшин” гэдэг шиг, малчны хотыг ч дороос нь нэмэх хэмээр дулаацуулж болдог арга байдаг ажээ.

Малаа бэлчээрт гарсны хойно, хотондоо өөр хоорондоо хэдэн алдын зайтай гурван том нүх ухна. Нэг нүхний тойрог хоёр алд, гүн нь мөн нэг алд гаруй гурван нүх чандамлуулж ухна. Тэгээд хөлдүү хоргол хөрзөнгөө тийш асгаж орхино. Тэрний дээрээс хуурай хоргол дэвсэнэ. Ингээд хотныхоо нойтон хорголыг өдөр бүр эргүүлж хуурайчилна. Ухсан нүхэнд чигчиж хийсэн хөлдүү хоргол шөнөдөө дулаан ялгаруулаад хононо. Гурван газар чандманалж ухсан нүхний эргэн тойронд бүлээн бууц бий болно. Ингэснээр хот бүхэлдээ халуун дулаан болж таарна. Бэлчээрээс ирсэн бог мал дулаан хэвтэрт тав тухтай хононо. Улмаар маргааш нөгөөдрийн хүйтэн шуургыг ядах юмгүй даваад гарна. Ажилтай сүрхий малчид өвөөгийн энэ аргыг заалгаж хэрэглэх. Залхуу хойрго нэгэн нь хотоо харлуулах ч энүүхэнд. Өвөө энэ аргыг өвгөдөөсөө сурсан гэх. Малчин хүн ийм айхтар физикч болохыг мэдээд хэн хүнгүй бишрэх.

Мал маллана гэдэг зүгээр нэг адгуус дагаж цагаа барахын нэр биш ээ. Зарим хотынхон гайхах, учир нь уулын мухарт өвгөн эмгэн хоёр баахан малтай өвөлжиж байхыг үзээд “уйддаггүй юм байх даа”, атар зэлүүдэд дассан, хүний нийгмээс хөндийрсэн зэрлэг бүдүүлэг мэтээр төсөөлнө. Хотынхон баахан сүр болон орчин цагийн төмөр хүлэг тэрэг болсоор хөдөө очоод агаарын сайхныг нь, малын буяныг нь нэгэн өдрийн хагас шүтнэ. Тэгсхийгээд нүднийх нь гал бүдгэрээд нэг хонь хагалуулж аваад хотруугаа давхина.

Гэтэл тэдний тоосонд үлдэж байгаа буурайн хотонд хоёр зуун бог нь ертөнцийн бүх явдлыг огоорон тайван хивж үзэгдэнэ. Эмгэн өвгөн хоёр ганцаардаж, уйдахгүй. Тэдний хувьд голомт залгасан тоонот нь, хотонд нь хургалсан хонь бүхэн дотны анд нөхөд нь. Өвлийг өнтэй давах хамтран зүтгэгчид нь. Дэм дэмэндээ биесээ ойлгох гэр бүлийнхэн нь байдаг. Хоёр хөгшин хоёр зуун халуун амины манаанд тийнхүү өвлийн тэсгимийг давж буй тухай хотынхон тэр бүр анзаарахгүй.

Тэр жил харын зуд нүүрлэсний хойтон бас л цас унаж өгсөнгүй. Бүрэнгийн хойд талаар нутаглах хэсэг айл Лүнгийн худаг дээр дугаарлаж малаа усална. Усны ундарга тэгсхийгээд барагдчих тул шөнө дөлөөр эртлэн босч түнэр харанхуй шөнө хоттой хонио тууж худаг руу алхацгаана. Ёстой л гялтайх гэрэлгүй тэмтэр тунтар ахуйд малын дуу чимээ, хөлд гишгэгдэх хөрсний өнгийг баримжаалан өөр хоорондоо дуу авалцан худаг дээр очино. Тэгж л тэр өвлийг давсан даа. Олон шөнө настай өвөө, эмээ минь малын захад жиндүүхэн хонож байхад би гэдэг хүн паартай байшинд, халуун устай хот руу сургуулийн шалтгаар өвөлжихөөр явахдаа сэтгэл өвдөнө.

Заримдаа ном унших, хичээл хийхээс залхуурах үе байлгүй л яахав. Яг тэр үед өндөр настай өвөө, эмээ минь энэ байтугай бэрхийг сөрж, өдийд хонио хотлуулж, хар хүйтэн жаврыг өлчир ухаанаар даван үнээгээ сааж буй гэж бодонгуут огло харайж босоод хичээл номоо шүүрч авдагсан. Бидний мэдэх зовлон тэдний үзсэн зовлонгийн дэргэд юу ч биш ээ.

Өвөө, эмээ минь багахан юманд баярлана. Хотын тансаг ресторонд их улс төр, улс орны хөгжил ярьсан нөхдүүдтэй нэг хооллох мөнгөний хумсын толиогоор эмээ, өвөөдөө атга чихэр аваад очиход баярлана. Ямар их юм авчирдаг юм гэж талархана. Өвөө, эмээгийн гэр дэндүү эгэлхэн. Хуучны хоёр зуугийн төмөр ор, буурлаас нь дамжиж ирсэн, бас анхлан “гэр барихад” –аа агентаас авсан хуучны авдар, залуу зандан насандаа гараа гаргаж хатгасан хэдэн хатгамал...Тэгсхийгээд бургасаар хийсэн эргэнэг, он удаан жилийн тортог сууж, аавын минь үеэс эдэлсэн элэгдэж хуучирсан зуух. Одоогийн хямдхан машины үнэд хүрэхгүй тавилга сэлтдээ тэд хайртай. Эгэл даруухнаар хорвоог туулж ирсэн шигээ эгэл даруухан ахуйдаа хайртай хүмүүс, тэд. 

Эмээ соц үед мандаж явсан олон жилийн гавшгайч. Ямар сайндаа тарвага өвчилтийн улсын аварга болж, 18 минутад 3 тарвага өвчиж дээд рекорд эвдсэн гэхэв дээ. Өдрийн турш 55 тарвага өвчөөд аймгийн аварга болж байсан удаатай. Хурдан шуурхай гэж жигтэйхэн. Хөдөлмөрийн баатар Батмөнх гэж Бүрэнгийн нэгдлийн дарга эмээгийн нээсэн шинэ технологийг шагшин магтдаг нэгэн. Байсхийгээд л 69-тэй дарга нарыг өвөөгийнд авчирна. Эмээгийн нээсэн нээлт бол тарваганы арьсыг халимлаж өвчөөд өнгөн хөрсийг нь гэмтээхгүй авах. Тэгээд махаар нь тулам хийж “Шар махны боодог” гэгчийг хийнэ. Соц үед тарваганы арьсанд хал балгүй, гэхдээ дарга нарын шавайг бол хангачих эд дээ. Дарга нар арьстай боодгийг хорьсон ч мөнөөхөн дуртай зангаа тавьж чадахгүй байж ядаж байтал нэг малчны авгай ийм технологийг нээсэн хэрэг.

Өдгөө өвөө, эмээ хоёр минь сүүлийн хэдэн жил хотод өвөлжив. Та нар дулаан байранд суу гэхэд өөрийн гэрээд тэмүүлээд арилж өгнө. Бараа бараандаа биесээ санагалзаж, нэг нь эзгүйд нөгөө нь NOKIA-гаа авч залгуулна. Өвөө ер зүгээр суудаггүй зангаараа ная хол гарсан хэрнээ өмдний өлгүүр, гэрийн багажны сав, морины хусуур, шагайн харвааны хашлага урлаж хэд гурван төгрөг болгоно. “Зуун айл”-руу алхаж дөрвөлжин шургаа ширхэглэж аваад сандал, эргэнэг хийж айл хунарт өгнө. Эмээ бол хүүхэд насанд минь амтархан хүртдэг байсан яг тэр амттай гамбир, боорцгийг тогоо тогоогоор нь хайраад бидэнд явуулах.

Тэд өдийд тэсгим жавар тачигнасан хөдөөх талд өөрийнхөө өвөлжөөнд хонь малаа шинжсэн шигээ, тэнгэрийн байдал ажсан шигээ ажин түжин суухыг хүсэж л байгаа. Задгай тэнгэрт цоролзон түгсэн сая сая оддын дор нүүдлийн монгол ахуй мянга мянганаар үргэлжилж ирсний гэрч болсон өвөө, эмээ хоёр минь эх орны минь дөрвөн зүг найман зовхист малын буян шүтэж, төрийн сүлдэндээ залбирч суугаа олон буурайн нэгэн.

Хүн амын талаас илүү хувь нь хотжиж, гоё ганган машин тэрэг, ухаалаг утас, ухаалаг хэрэглээнд илүү шунасаар. Тэгэхгүй гээд ч яах билээ.

Сайхан морь эдэлдэг монгол харчууд цөөрч, эр эмгүй мордох хужаа моцикл олширсоор. Сур элдэж, чөдөр ногт зангиддаг монгол эрчүүд хумигдсаар. Нарантуулын лангуун дээрээс хятад шидмэс тэдгээрийг орлох болж, монгол хүн монгол ахуйгаасаа холдсоор. Холдон холдсоор нэг л өдөр бид өөрсдийгөө ч танихаа байх нь.

Монгол ахуйтай хамт мэндлэх хүндлэх ёс, монгол хэл, монгол бахархал улдсаар. Гадаадын олон ангит кино, хийсвэр сэтгэлгээний цахим тоглоом, утга учиргүй мэт үргэлжлэх олон баяр ёслол, ёслолын буудлага үргэлжилсээр. Юуны ч юм мэдэхгүй олон алдар гавъяатнууд төрсөөр, оны шилдэг, мянганы гайхамшигт хөөрцөглөсөн их хотынхон олширсоор. Одон медаль, өнгөт төмрийн төлөө өөрөө өөрийгөө мянгантаа магтсан өргөдөл тодорхойлолт цуварсаар...

Бүх ертөнц монголоос эхтэй, бид Чингисийн удам хэмээх хоосон хийрхэлд хүн байсан бол гулгихаараа нэг боллоо. Хэлбэр хөөсөн алдартнууд хотоор нэг “жийпэлдэж” байхад агуулгаараа тунаж үлдсэн эгэл даруу малчин хэдэн малынхаа араас “Өндөр ээж” шиг шуурга сөрөн аж төрж байна.

Соц үед нэмнээ, шүдэнз, илгээлтийн эзэн гээд их аян болдог байж. Одоо бол “хувийн малдаа улсаас татаас авах гэлээ”, “Яасан даварсан малчид” вэ хэмээн төрийн эрхэм сэнтийгээс өндөр дуугаар онолдсоор. Шилжилтийн тэр хүнд жилүүдэд монгол хүн малгүй байсан бол яаж “модоо барьж” байх байсныг хэн ч төсөөлөхгүй. Солонгос, Япончууд дайны дараа малгүй байсан тулдаа хөдөлмөр гээчийн амтыг яс махандаа тултал мэдэрсэн ард түмэн. Харин бид хэдэн малынхаа буяныг дааж явах ухаанаа гээмээргүйсэн. 

Мэдээж малын төрөл толгойг сайжруулах, бэлчээрийн менежмент, үр ашгийг сайжруулах гээд түмэн ажил бий. “Монгол малаа төрийн хамгаалалтад авчаад хүнээ авсангүй” гэж сөргөх зарим нь ч бий. Гэхдээ малчны амьдрал бол тендер будлиантуулж, мөнгө угааж ашиг олохоос хавьгүй цэвэр, харьцуулашгүй шударга хөдөлмөр юм шүү.

Халуунд халж, хүйтэнд хөрж үзээгүй, монгол ахуй мэдэхгүй, ардын ухаан таниагүй бүдүүн бүдүүн зангиа зүүсэн эрхмүүд амьдрал дээр нэг бууж эгэл ардынхаа зовлон жаргалыг мэдрээсэй. Болж өгвөл хөдөө яв. Болохгүй бол малчны үгийг сонсож бай. “Халхын говьд эрдэнэ бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэж үг бий. Ардын чинь суу билиг ухаалаг утсанд чинь биш, утаа савсуулсан монгол гэрийн хойморт налайх өвгөд эмгэдийн тань аманд бий юм шүү, таминь.


С.Эрдэнэболд

Тэмдэглэлийг:  

Сүхбаатарын Эрдэнэболд,   

@erdenebold