Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжилгээний бичиггүй хүнсний бүтээгдэхүүн авахаас болгоомжил

Р.Төгс
2015 оны 1 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Уг баярыг тохиолдуулан зарим худалдааны төвүүд чанаргүй, амархан гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд олноор гаргадаг.

Тиймээс энэхүү болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж сар болгон мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулах арга хэмжээ авсаар ирсэн. Тэгвэл 20 хоногийн дараа болох гэж буй Сар шинийн баярыг угтан МХЕГ-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт явуулжээ.

Тодруулбал, НМХГ-ын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх” удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх МХХ-ээс гаргасан хяналт шалгалтад хамрагдах “Жуков”, “Баянзүрх”, “Жанжин”, “Итгэлт” худалдааны төвүүдэд хуваарийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Ариун цэврийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийсэн байна.

Уг шалгалтыг Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчид компанийн менежер, эрүүл ахуйч эмч, малын эмч нарыг байлцуулан нийт хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 274 лангуу, павильонд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулжээ.

Тухайлбал, шалгалтаар “Жуков” худалдааны төвд худалдаалагдаж байсан түргэн гэмтэж чанар байдлаа алдсан 13 нэрийн 29 кг 233,9 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг тухайн компанийн дотоод хяналтын ажилтнууд устгаж акт ирүүлсэн аж.

Мөн шинжилгээний баталгаа байхгүй зургаан нэрийн төмс хүнсний ногоо, есөн нэрийн жимс, жимсгэнэ, нэг даршилсан ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний таван дээж, цагаан идээний зургаа, мах махан бүтээгдэхүүний гурав, бууз баншнаас 11 дээж авч, НМХГ-ын төв лабораторид бохирдлын үзүүлэлт тодорхойлуулахаар шинжилгээнд хамруулсан байна.

НМХГ-ынхан өнгөрсөн хугацаанд маш олон хяналт шалгалт хийж түргэн гэмтэж чанар байдлаа алдсан хүнсний бүтээгдэхүүнийг тэр дор нь устгалд оруулж байсан нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ гэсэн үг.

Уг нь хүнсний аюулгүй байдал гэдэг улс орон бүрийн нэн түрүүнд анхаарлаа хандуулах зүйлийнх нь нэг. Гэтэл манай улс өмнө нь хор болсон хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа компаниудын бизнесийн нэр хүндийг бодоод энэ талаарх мэдээллийг төдийлөн олон нийтэд ил болгодоггүй байсан.

Угтаа хүнсний худалдаа эрхлэгч компаниуд зөвхөн ашгийн төлөө улайрч, хүмүүсийн эрүүл мэндийг уландаа гишгэчин зөвхөн ашгийн хойноос хөөцөлдөн явж байсан ч илэрч байсан.

Хүнсний аюулгүй байдал гэдэг улс орон бүрийн нэн түрүүнд анхаарлаа хандуулах зүйлийнх нь нэг. 

Уг нь ДЭМБ-аас “Ард иргэд эрүүл, идэвхтэй амьдрахад хүрэлцээтэй, эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангагдсан байх нөхцөлийг хүнсний аюулгүй байдал” гэж тодорхойлсон байдаг байна.

Гэтэл өнөөдөр манай улсад хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа ямар түвшинд байгааг холбогдох албаны хүмүүс тогтоосон ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд байна.

Түүнчлэн манай улсад хамгийн их түгээмэл байгаа зүйл нь хэн дуртай хүн импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байна.

Харин гаднын улс орнууд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд аль хэдийн хориг тавьж хатуу хяналтын дор импортолдог бөгөөд зөрчил давтагдвал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдгаас илүү хариуцлагатай ханддаг байна. 

 

Зураг