Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

106 лиценцийг эргэлтэнд оруулснаар $1 тэрбум хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой

WWW.GAULI.MN
2015 оны 1 сарын 29
Gauli
Зураг зураг

2014 оны долоодугаар сарын 1-нд УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлаж, улмаар Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож энэ тухайгаа Уул уурхайн сайдын 2014 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу олон нийтэд зарласан. 

Ингэснээр уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэх эрх зүйн орчин  бүрдсэн. 

Тэгвэл энэ оны нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэллээ. 

Нийтдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19,8 хувь буюу 31 сая га талбайд  тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд  буй бөгөөд үүнээс 20,9 сая га талбайд өргөдлийн журмаар, 10,1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм байна. 

Эхний удаад нутгийн баруун хагаст хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох юм. Харин 106 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 

2014 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 талбайд  4 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.  2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр ээлжит сонгон шалгаруулалт зарласан 18 талбайн нэр бүхий 5 талбайд үнэлгээний комисс сонгон шалгаруулалтын саналыг үнэлэх ажлыг хийж байна. Харин 13 талбайд зөвхөн нэг нэг оролцогч санал ирүүлсэн тул дахин сонгон шалгаруулалт 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зарлаад байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосноор Монголын эдийн засаг хүнд байгаа энэ үед валютын дотогшлох урсгал нэмэгдэх эерэг нөлөөтэй. 

Зөвхөн 106 лиценцийг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж Уул уурхайн яам тооцоолоод байна. 

Энэ нь 2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын 115 хувьтай тэнцэх хэмжээний валют бөгөөд ам.долларын ханш суларахад багагүй нөлөөг үзүүлэх юм. Төгрөг чангарсанаар нийлүүлэлтийн инфляци буурах, валютын зээлийн эргэн төлөлт сайжрах, компаниудын импортоор авдаг бүтээгдэхүүнд зарцуулах зардал буурах, ашиг өсөн нэмэгдэх, цаашилбал макро эдийн засаг, банк санхүүгийн орчины тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх юм.

Хөрөнгө оруулалтын шинжээч: Г.Мөнх-Эрдэнэ