Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

373 ААН-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаар олгоно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Уул Уурхайн Яам, Ашигт Малтмалын Газраас хайгуулын тусгай зөвшөөрөл, өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэнтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллаж, эхний 30 өргөдлийн дугаарыг аж ахуйн нэгжүүдэд амжилттай олгосон байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр цахим дугаарт заасан цагт өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт АМГ-т гаргаж эхэлжээ.

Цахим системд 373 аж ахуйн нэгж нэвтрэн бүртгүүлж дугаар авах ажиллагаанд оролцсон гэдгийг мэдэгдлээ.

“Эхний өдрийн байдлаар дугаар олгох систем хэвийн ажилласан боловч нэг зэрэг ирэх ачаалал өндөр байснаас хариу удааширсан болохоос ачааллаас шалтгаалж систем унасан, зогссон, дугаар зүй бусаар олгосон тохиолдол гараагүй” гэдгийг АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа онцоллоо.

Зарим аж ахуйн нэгж дугаар олгох системд нэвтрэн мэдээллээ бөглөхдөө будилах, VPN төхөөрөмжтэй зөв ажиллахгүй байх зэргээс шалтгаалж цаг алдах байдал нилээдгүй гарсан байна.

Тиймээс ААН-үүд системд нэвтрэн өгөгдлийг бөглөх заавартай маш сайн танилцах шаардлагатай гэдгийг анхаарууллаа.


 

УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар хэмжээний орлого орох вэ?

-Тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой орлого нь төрийн дансанд орно. Зөвхөн лицензийн төлбөрөөс 3 тэрбум орчим төгрөг орж ирэхээр байгаа.

ААН-үүд цаашаа үйл ажиллагаагаа явуулахдаа нэг тусгай зөвшөөрлөөр 100 сая орчим төгрөгийн хайгуулын ажлыг жилд хийнэ. Үүгээр тооцоод үзэхэд 15 тэрбум орчим төгрөгийн ажлыг жилд хийнэ гэсэн тооцоо гарсан.

-Нийт хэдэн ААН өргөдлөө гаргаж хандсанаас 373 байгууллага бүртгүүлэх эрхтэй болсон бэ?

-Нийт 500 гаруй ААН хүсэлтээ гаргаснаас 373 нь VPN төхөөрөмжинд хандах эрхтэй болсон.

-Дугаараа авсан ААН-үүд хавраас шууд хайгуулынхаа ажилд орох уу?

-Дугаарынхаа зөвшөөрлийг АМГ-аас авсныхаа дараа орон нутагтаа хандана. Орон нутагт хуулийн дагуу 30 хоногийн дотор тухайн талбайд хайгуул хийх зөвшөөрлөө авна. Гэхдээ ААН-үүд хуулийн хүрээнд хайгуул хийхээс татгалзах боломж бий.

Цахим дугаар олгох цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

АМГ-аас нэг өдөрт 30 цахим дугаар олгох бөгөөд дугаар авсан ААН-үүд дараагийн өдөр цахим дугаарт заасан цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт АМГ-т биечлэн гаргах ёстой аж.

АМГ-ын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч тухайн өдөртөө багтаан өргөдөлд дурьдсан солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайн солбицлоос хасалт хийж нийтэд мэдээлэх юм байна.

Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжийн хувьд өмнөх өргөдлийн талбайтай давхцуулалгүйгээр талбай сонгож өргөдлөө гаргах боломж бүрдэнэ.

Иймд цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжиж буюу эхний долоо хоногт Даваа, Лхагва, Баасан гарагт, дараагийн долоо хоногт Мягмар, Пүрэв гарагт олгохоор тогтсон гэж мэдэгдлээ.