Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Зөвлөгөө авахын тулд Америкийн компанид 17 тэрбумыг төсөвлөсөн байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголын Засгийн газар гадаадын компаниас хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгасан гэх мэдээллийг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өгсөн юм.

Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Үнэхээр хуулийн зөвлөгөө авах нэрээр энэ оны төсөвт 17 тэрбум төгрөг төсөвлөсөн хэрэг үү?

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бичиг байна. Энд бичсэнээр Америкийн “Пэнтер лоу” фирмээс “Оюу толгой”-н тал дээр хуулийн зөвлөгөө үйлчилгээ авна гэж 17 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөг тавьсан байна.

Үүнээс 455 саяыг нь 2014 онд гаргаад санхүүжүүлчихсэн байна. Ингээд үлдэж байгаа 17 тэрбум 45 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгахаар оруулж ирсэн. Үүнийг би 100 хувь эсэргүүцэж байна. 

-Яагаад заавал гаднын компанийг сонгож хуулийн зөвлөгөө авна гэсэн юм бол. Та үүнийг юу гэж үзэж байна? 

-Монголчууд бид өөрсдийн эрдэмтдэдээ нэг төгрөг ч төлж зөвлөгөө авахгүй хэр нь Америкийн фирмд 17 тэрбум төгрөг төлнө гэдэг байж боломжгүй зүйл.

Мөнгө төлөхгүйгээр ч эрдэмтэн, шинжээчдийнхээ дүгнэлтийг авахгүй байгаа.

Мөнгө төлөхгүйгээр ч эрдэмтэн, шинжээчдийнхээ дүгнэлтийг авахгүй байгаа шүү дээ. Хамгийн ноцтой нь Америкийн “Пэнтер лоу” фирмтэй гэрээ байгуулан ажиллаж байна гэсэн байгаа. Хэн, хэзээ гэрээ байгуулсан нь тодорхойгүй. 

Энэ асуудлыг би өнөөдөр УИХ-ын чуулган дээр тавина. Төсвийн байнгын хороон дээр би горимын санал хураалгах гэсэн боловч дэмжигдсэнгүй. Энэ байдлаа хандаж хэлж байна. УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхэд үүнийг хасуулах, монгол эрдэмтдээсээ санал дүгнэлтийг нь авхуулах санал тусгуулна. 

-Энэ асуудал тэгэхээр өмнөх Засгийн газартай холбоотой гэсэн үг үү?

-Тийм. Энэ мэдээлэл надад хоёр өдрийн өмнө ирсэн. Засгийн газар үүнийг нууж байсан гэж бодож байна.