Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюундарийн МҮОНТ-ийн ЗАХИРАЛ байхдаа хэлсэн 38 ЭШЛЭЛ

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Ц.Оюундарь

 МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар өчигдөр томилогдсон Ц.Оюундарь өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан. 

Түүнийг телевизийн захирал байх хугацаандаа Монгол контентийн чанарыг сайжруулах, тоог нэмэхэд багагүй хувь нэмэр оруулсан гэж үздэг.
 
2011 онд буюу тус телевизийн захирал байхдаа  TED*Ulaanbaatar -т тавьж байсан түүний нэгэн сонирхолтой илтгэлийг хүргэж байна. 

Ц.Оюундарь МҮОНРТ дор дурдсан олон өөрчлөлтийг хийгээд ч тусыг эс олох талаар тухайн үед ярьж байжээ. 

Харин энэ удаад тэр ямар өөрчлөлтийг хийх бол?!

Ямартай ч Ц.Оюундарь олон нийтийн радио, телевиз нь контентийн хувьд PR, захиалгат, үзэл сурталт агуулгыг оруулах ёсгүй мөн санхүүгийн хувьд олон шинэ үүсвэр байгааг дурдав. 

Энэ бүх өөрчлөлтийг тэр хийж чадах болов уу?

Түүний илтгэлийг текстээр буулгаж онцлох хэсгүүдийг тодотгов. Ингээд Ц.Оюундарийн МҮОНТ-ийн захирал байхдаа хэлсэн 38 онцлох эшлэлийг хүргэж байна. 


ӨӨРЧЛӨЛТ

  1. МҮОНРТ гэсэн нэр томьёоны хувьд ч агуулгын хувьд ч хүмүүс нэг их сайн ойлгодоггүй.
     
  2. Жишээ нь ОЛОН НИЙТИЙН гэдэг нэр томьёог аваад үзвэл би энэ байгууллагыг толгойлон ажилладаг ч гэсэн энэ бол минийх биш гэдгийг лавтайяа хэлж чадна. Тэгэхээр логикийн хувьд хувь хүнийх биш юм бол төрийнх үү гэдэг асуулт гарч ирнэ.
     
  3. Гэвч төр өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэдгийг 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд хатуу зааж өгсөн байдаг. 
     
  4. Хэрвээ төрийнх биш юм бол төрийн бус байгууллага юм уу гэдэг асуулт дахиад гарч ирнэ.
     
  5. Гэтэл одоо манайд байгаа Төрийн бус байгууллагын тухай хуулиар ОЛОН НИЙТИЙН гэдэг нэр томьёог хайгаад  ч олохгүй байгаа юм. 
     
  6. Тэгэхээр өмчлөлийн хувьд энэ байгууллага төрийнх биш, төрийн бус бас биш, минийх ч биш, хувь хүнийх ч биш, хэнийх ч биш болж байна.
     
  7. 38 жилийн туршид нам, засгийн эрх мэдэлд байж үзэл, суртлын аварга том машин гэгдэж байсан радио, телевиз төрийнх ч болсонгүй, хувийнх ч болсонгүй.
     
  8. 2005 онд УИХ хууль гаргаж ОЛОН НИЙТЭЧЛЭХ гэсэн цоо шинэ нэршлээр энэ байгууллагад нэгэн том үсрэлт хийхээр шийдсэн.
     
  9. Тэгэхээр нэг шинж төрхөөс нөгөө шинж төрх рүү хувирна гэдэг цаанаа цаг хугацааны хэмжээсийг агуулж байдаг.
     
  10. 2005 онд МҮОНРТ-ийн нэр хүнд энэ аягатай хар бэх шиг тас хар байсан.
     
  11. 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа 15 жил өнгөрөөд байхад энэ байгууллага урьдын үзэл суртлын машин байсан тэр эрчээрээ л эрх барьж буй нэг л намд үйлчилсээр ирсэн нь энэ байгууллагын нэр хүндийг энэ аягатай хар бэх шиг хар болтол нь будсан байна. 
     
  12. 2005 онд УИХ энэ байгууллагыг аягатай сүү шиг буюу олон нийтийнх болж төрөл арилжих шаардлагыг тавьсан.
     
  13. Энэ зорилтод хүрэхийн тулд ОНРТ нь бүх хүнд хүрч үйлчлэх ёстой гэсэн зарчим барих хэрэгтэй болсон. 
     
  14. Гэтэл өнгөрсөн зургаан жилийн /2005-2011 он/ хугацаанд олон нийтэд хангалтгүй үйлчилж байна аа гэсэн гомдол огт тасарч байгаагүйг би баттай хэлж чадна. Эдгээр гомдлын ихэнх нь улстөрийн жагсаал тэмцлийн үед хурцаар илэрдэг.
     
  15. Гэтэл олон нийтэд хүрч ажиллана гэдгийн онолын тодорхойлолт нь юу вэ.
     
  16. ЮНЕСКО-с тодорхойлж буйгаар олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллага нь орон даяар гарах зөвшөөрөл авсан газар нутгийн байрлалын хол, ойр, хүн амын нийгмийн байдал, орлогын түвшин үл хамаарч бүх иргэнд хүрч очдог, хэзээд сонгоод үзэхэд нээлттэй байхыг хэлнэ гэж байгаа. Түүнээс дуртай болгонд нь эфирийн цагаа зарцуулахыг олон нийтэд хүрч ажиллаж байна гэж хэлдэггүй байна. 

САНХҮҮ

Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн хандлагын бас нэг чухал зарчим нь санхүүгийн хараат бус байдал. Тиймээс ч ЮНЕСКО-с зааж өгснөөр олон нийтийн өргөн нэвтрүүлгийг аль болох олон эх үүсвэрээс санхүүжихийг зөвлөдөг.

Санхүүжилтийн эх үүсвэр нь :

  • Төсвийн дэмжлэг, 
  • үзэгчдийн хураамж, 
  • ивээн тэтгэлэг, 
  • хамтын ажиллагаанаас болон программын худалдаанаас олох орлого, 
  • хандив тусламж гэсэн хэлбэрүүдтэй байж болдог. Эдгээрээс ОНРТ эхний гурвыг нь хуулийн дагуу ашиглаж байгаа.

 

  1. МҮОНРТ төсвийн дэмжлэг авахын тулд улс төрчдийн аманд ордог.
     
  2. Сар бүр 1000 цаас хураахын төлөө аймаг бүрт хүн томилох болдог. 
     
  3. Энэ үр ашиггүй системээ өөрчлөх гэхээр Засгийн газрын шийдвэр хэрэгтэй болдог.
     
  4. Ивээн тэтгэлгийн ачаар томоохон хэмжээний нэвтрүүлэг, уран бүтээл бүтээж байгаа ч гэсэн тэр ивээн тэтгэлгийн хариуд нь зар сурталчилгаа явуулж өгье гэхээр зар сурталчилгаа нь өдрийн нийт эфирийн цагийн 2%-иас хэтрэхгүй гэсэн чөдөр тушаа байдаг. 
     
  5. Дээрх гомдлуудыг хойш тавиад манайд хэрэгжиж чадахгүй байгаа санхүүгийн хоёр эх үүсвэрийн талаар яръя.
     
  6. Аливаа улс оронд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг дэмжих хандив гэж байдаг.  Үүний эдийн засгийн хөшүүрэг  нь хандив өргөсөн байгууллага нь татвараас чөлөөлөгдөх нөхцөлтэй байдаг. 
     
  7. Монголд одоогоор хандив, тусламж өгсөн хүмүүс татварын хөнгөлөлт эдлэхгүй байгаагаас санхүүгийн энэ үүсвэр ОНРТ-д бүрэн хаалттай байна. 
     
  8. Мөн бид сэтгэлгээндээ өөрчлөлт оруулж чадвал программын худалдаанаас санхүүжилтийн овоо хэсгийг бүрдүүлэх боломж байгаа. 
     
  9. Өнөөдөр /2011 он/ МҮОНРТ олон ангит кино, баримтат болон цэнгээнт нэвтрүүлгүүдийг шинээр маш ихийг үйлдвэрлэж байна. Тэдгээр нь ганц л сувагтай учир маргааш нь ганц удаа давтаад өнгөрдөг. Харин олон ангит, цуврал уран бүтээлийг дундаас нь үзэж эхэлж байгаа хүмүүс дараа жилийн давталтыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрдэг.
     
  10. Тэгэхээр хөгжингүй орнуудад телевизийн санхүүжилтийн томоохон хэсэг нь программын худалдаанаас орж ирдэг. 
     
  11. Жишээ нь, "Friends" гэж олон ангит кино анх NBC-ээр гарч эхэлсэн. Жилийн дараагаас TBS худалдаж авч гаргасан. Түүний дараа бараг бүх тв худалдаж авч гаргаж эхэлсэн. 
     
  12. Манай хамгийн том сэтгэлгээний саад бол өмнө нь гарсан зүйлийг давтаж гаргахад үзэхгүй байх гэж боддог.
     
  13. Жишээ нь мэдээллийн хөтөлбөр дээр ч энэ жишгийг ашиглаж болно. 
     
  14. Гагцхүү манай телевизийнхэн зөвхөн өөрийн телевизэд бүтээсэн нэвтрүүлгээ л өөрийн эфирээрээ гаргана гэсэн сэтгэлгээгээ өөрчилж чадахгүй байна. 

КОНТЕНТИЙН АГУУЛГА

  1. ОНРТ-ийн төрөл арилжих гол өөрчлөлт нь мэдээж агуулгын шинэчлэлт юм. Нэгдүгээрт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх. 
     
  2. Английн "Сэтгүүл зүйн тойм" сэтгүүлийн нэрлэж буйгаар СЭТГҮҮЛ ЗҮЙГ ЗАЛГИХ ДӨРВӨН АЙДСЫН НЭГ НЬ PR ГЭСЭН БАЙГАА ЮМ.
     
  3. Өнөөдөр PR-т Монголын компаниуд ч, Монголд хөрөнгөө оруулсан үндэстэн дамнасан компаниуд ч, Засгийн газар ч, улстөрчид ч тэрбум тэрбумаар хөрөнгөө оруулсаар байгаа. 
     
  4. Гэтэл задлан шинжлэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хэн хэдэн төгрөг хаяж байна вэ.
     
  5. Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа бол ядаж үхэхдээ нэр хүндтэй үхэхийн тулд PR -д автсан үзэл сурталч байхаасаа татгалзаж сэтгүүл зүй рүүгээ эргэн орох цаг болжээ. 
     
  6. Үзэл сурталч гэдэг улс төрийн нэг эрэг шураг учраас тэд үхэхэд ч үнэ цэнэгүй байдаг юм аа гэдгийг  НАТО Сербийн радио, телевизийн байрыг бөмбөгдсөнөөр нийтэд ойлгуулсан юм. 
     
  7. Тэгэхээр ОНРТ  дээр дурдсан олон өөрчлөлтийг нэг нэгээр нь хийгээд буюу дусал дуслаар цагаан сүүг хар бэхэнд хийж өөрчлөлт оруулсан ч нэг их өөрчлөлт оруулж чадахгүй л байна. 
     
  8. Тэгвэл сүүгээ бүгдийг нь цутгаад ч хар бэхний өнгөнд өөрчлөлт орохгүй байна. Энэ бол МҮОНРТ-ийн ирээдүй. 

 

Видео үзэх: