Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Х.Сайхан
2014 оны 12 сарын 20
Монголын мэдээ

Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан олны анхаарал татсан мэдэгдлүүдийг хүргэж байна.

С.Ганбаатар: Рио Тинтогийн тавьсан санал манай талын захиалга байж мэднэ

 

 

“РиоТинто” Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд өөрчлөлт оруулах саналыг тавиад байгаа билээ. Энэхүү саналын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Улстөрийн тойм” сонинд өгсөн ярилцлагадаа “Рио Тинто”-гийн саналыг надад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хоёр танилцуулсан.

Бие даагчдын бүлгийн гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга ч хамт байсан. Товчхондоо “Рио Тинто” Монгол Улсын дотор улс байгуулья гэсэн санал ирүүлсэн байна. Та нар зөвшөөр.

Зөвшөөрөхгүй бол маш хүнд байдалд оруулна шүү гэсэн санал тавьсан байсан. Монгол Улсын газар нутгийг дэлхийн 16 банкны барьцаанд тавих саналаа давтаж ирүүлсэн байсан.

Энэ мэт олон санал байсан. Гэхдээ тэр бүхнийг албан ёсоор тайлбарлах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нь хэлэх байлгүй. Би ямар хөрөнгө оруулагч талын нарийн бичгийн дарга биш.

Би ард түмэндээ үнэн бодит мэдээлэл өгөх замаар тэр бүхний эсрэг тэмцэнэ.

Уг нь би хүний тухай ярих дургүй. Гэхдээ энэ тайлбарыг сонссон учраас хариулж байгаа юм шүү. Энд анализ хийх хэрэгтэй, их сайн анализ шүү.

Ийм муу гэрээг хэзээ ч сайн гэрээ гэж ярьж болохгүй. Эсвэл муу гэрээгээ бүр муу, бүр монголчуудад ашиггүй болгохын тулд “Та нар илүү муу санал оруулж ирээч.

Би тэгвэл Монголчууддаа сайн гэрээ гэж тайлбарлаж чадна аа” гэж Монголын талаас захиалаад, тэр дагууд нь гэрээг өөрчлөх санал оруулж ирж байгаа юм биш биз. Надад ингэж хардах эрх бий. Хэрэв тийм бол би ёстой сайн үзэлцэнэ.

Шүүхээр явна. Улс-төрчдийн булхайг олон нийтэд чадлаараа илчилнэ. Заримдаа надад их хэцүү байдаг. Болдог бол алгадаад авмаар санагдах үе ч бий.

Шийдлийн гэх Засгийн газрын бүрдэл бүтцийг “Рио Тинто”-гийн даалгавраар хийсэн гэж олон хүн хардаж байгаа.

Мөн зохиолыг “Рио Тинто” бичиж, найруулгыг нь төрийн өндөрлөгт байгаа нэр бүхий хүмүүсийг хийсэн гэж ч харж байна. Харамсч байна.

Энэ болгоныг Монголын ард түмэн ойлгож байгаа байх. Би ард түмэндээ үнэн бодит мэдээлэл өгөх замаар тэр бүхний эсрэг тэмцэнэ, Тэмцэл минь үр дүнд хүрнэ гэж итгэж байна” хэмээн өгүүлсэн байна.

 

Г.Баярсайхан: ТТАХНЭ-ийг зориулалтаар нь ашиглах ёстой

 

 

Засгийн газраас шийдвэр гаргаж, ССАЖЯ-ны байрлаж байсан Төрийн захиргааны 10 дугаар байранд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон билээ. Энэ шийдвэр олон хүнийг баярлуулсан ч учир дутагдалтай гэж шүүмжлэх хэсэг ч бас байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэдний нэг бөгөөд зориулалтын бүс барилгад эмнэлэг байгнуулснаас ТТАХНЭ-ийн байрыг зориулалтаар нь ашиглах нь илүү дээр хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр Засгийн газарт явуулсан албан ёсны шаардлагадаа "Та бүхний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм.

Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” хэмээн бичжээ.

 

Б.Батзориг: Орон сууцны үнэ сүүлийн дөрвөн cap дараалан буурсан

 

 

Иргэдийн худалдан авах чадвар суларч, эрэлт багассанаас сүүлийн үед орон сууцны үнэ буурах хандлагатай байгаа гэнэ.

Орон сууцны үнийн индексийг Монголд анх удаагаа тодорхойлсон “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг энэ талаар мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “ОСҮИ-ийн судалгааг арваннэгдүгээр сарын байдпаар гаргаснаа энэ сарын 12-нд танилцуулсан.

Тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг энд хамруулан тооцсон юм.

Судалгаагаар ОСҮИ өнгөрсөн сарын байдлаар суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 19.8 хувийн өсөлттэй байгаа ч өмнөх аравдугаар сараас нэг хувиар буурсан.

Мөн Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс сүүлийн дөрвөн cap дараалан буурсан дүн гарсан.

Индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.18 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй байна.

 Хөөс байсан уу үгүй юу гэдгийг хэлэхийн тулд эхлээд орон сууцны үнэ юунаас хамаардаг юм бэ гэдгийг харах хэрэгтэй. 

Эдгээр өсөлтийн хувиуд мөн дөрвөн cap дараалан буурсан үзүүлэлт гарсан. Хөөс байсан уу үгүй юу гэдгийг хэлэхийн тулд эхлээд орон сууцны үнэ юунаас хамаардаг юм бэ гэдгийг харах хэрэгтэй.

Тэгэхээр орон сууцны үнэ макро болон микро эдийн засгаас хамаарч байдаг юм. Орон сууцны үнэ өсч, буурч байна гэдэг маань эдийн засагт бэлэн мөнгө хэр эргэлдэж байгаагийн илэрхийлэл байдаг.

Эрэлт ихсээд ирэхээр үнэ өснө, буурахаар дагаад буурчихдаг.  Анзаарагддаг нэг зүйл бол манай иргэд аль ч шатандаа ихэвчлэн хоосон таамагт суурилсан мэдээллийг бодит факт мэтээр иш үндэс болгож ярьдаг нь мэдээллийн хэрэгслүүдээр ямар нэг шүүлтүүргүйгээр иргэдэд хүрч төөрөгдөлд оруулдаг явдал юм.

Үнийн өсөлт, бууралтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлох зайлшгүй шаардлага байгааг жишээ нь үүнтэй холбон тайлбарлаж болно” гэсэн байна.

Зураг