Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын эзэнт гүрний уналтын НАЙМАН шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр зууны сүүлээр нуран унах хүртлээ Ромчууд 500 гаруй жил дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн байсан билээ.

Түүхчид энэ их гүрний нуран унасан талаар дайны ялагдлаас эхлээд байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлт зэрэг олон зуун шалтаг шалтгааныг тоочдог.

Зарим түүхчид Ромыг Манай Эриний 476 онд сүйрээгүй, дорно хэсэг нь дахин мянган жил Византийн гүрний нэрээр оршин тогтносон гэж үздэг.

Тэгвэл эдгээрээс хамгийн бодитой найман түүхэн шалтгааныг хүргэж байна.

 

  • Барбаруудын түрэмгийлэл

Өрнөд Ромын эзэнт гүрний уналтын хамгийн энгийн шалтгаан нь гадны цэрэг зэвсгийн довтолгоо. Ромчууд Герман аймгуудтай зууны турш зөрчилдсөн ч 300-аад оны үед Готуудын овог эзэнт гүрний хилийг анх удаа давжээ. Дөрөвдүгээр зууны сүүлээс Ром Барбаруудын довтолгоонд нэрвэгдсээр 410 онд Визиготын хаан Аларик Ром хотод нэвтэрч, тонон дээрэмджээ. Үүнээс хойш хэдэн арван жил “Мөнхийн хот” байнгийн аюул заналд байсаар 455 онд Вандалуудад эзлэгдэв. Эцэстээ 476 онд Германы удирдагч Одакерын зохион байгуулсан бослогоор эзэн хаан Ромулус Августулусыг зайлуулжээ. Энэ үеэс хойш Ром Итали даяарх хяналтаа алдаж эзэнт гүрний баруун хэсэг бүр мөсөн нуран унасан юм.

  • Эдийн засгийн хүндрэл, боолын хөдөлмөрөөс хэт хамаарал

Хэдийгээр гадна талаасаа дайсагнуулж байсан ч санхүүгийн гүн хямрал бас улс орныг сулруулж байв. Байнгын дайн, хэт их зардал нь эзэнт гүрний мөнгөний авдрыг хоосолж, хатуу татварын бодлого, инфляц нь баян хоосны ялгааг дэврээж байлаа. Татварын дарамтнаас зугтахын тулд зарим чинээлэг ангийнхан хөдөөг зорьж өөрийн тусгаар тогтносон вант улсуудыг байгуулж байв.

Үүнтэй зэрэгцээд эзэнт гүрэн ажиллах хүчний хомсдолд оржээ. Ром бол боолын хөдөлмөрөөс маш их хамааралтай. Арми нь шинэ эзэлсэн газар нутгийн хүмүүсийг боол болгон нийлүүлдэг байсан. Гэвч хоёрдугаар зуунд булаан эзлэлт зогссоноос болж боолын нийлүүлэлт зогсов. Дараачийн бэрхшээл тавдугаар зуунд ирж Вандалчууд Хойд Африкийг эзлэн эзэнт гүрний Газар дундын тэнгис дэх худалдааны замыг нь хянан, ачаа тээврийг нь дээрэмдэж эхэлжээ. Эдгээр эдийн засгийн хүндрэл, худалдаа болон бүтээмжийн уналтаас болоод эзэнт гүрэн Европ дахь нөлөөгөө алдаж эхэлсэн гэдэг.

  • Дорнод эзэнт гүрний өсөлт

Гуравдугаар зууны сүүлээр Эзэн хаан Диоклетан гүрнээ Өрнөд болон Дорнод Ром болгон хуваасны дараа Өрнөд хэсэг нь унаж эхэлжээ. Өрнөд Ром нь Миланд төвлөрч, Дорнод Ром нь Византиумд (сүүлд Константинополь гэдэг болсон) төвлөрч байв. Богино хугацаанд энэ нь удирдлага, засаглалыг хялбарчилж байсан ч алсдаа улам бүр холдуулж эхэлсэн юм. Өрнө ба Дорнын эзэнт гүрнүүд хамтарч ажиллахаа больж, гадны аюултай хамтран тэмцэж ч чадахаа больжээ.

Зааг ихсэхийн хэрээр Грек хэлтэй Дорнод Ром улам хөгжиж, Латин хэлтэй Өрнөд Ром  хямарсаар байлаа. Гол нь Дорнод хэсэг хүчирхэгжихийн хэрээр Барбарууд зөвхөн эмзэг сул Өрнөд Ромыг сонирхож байлаа. Ингэснээр тавдугаар зуун гэхэд Өрнөд Ромын засаг захиргаа хяналтаа алдаж нурсан бол Дорнод Ром нь дахин мянган жил оршиж 1400-гаад оны үед Оттоманы эзэнт гүрэнд эзлэгдсэн билээ.

  • Хэт их тэлэлт, хэт их цэргийн зардал

Ромын эзэнт гүрний хил Атлантын далайгаас Ойрхи Дорнод, Евфрат мөрөн хүрч байлаа. Ийм өргөн газар нутгийг засаглахад захиргааны болон тээврийн зардал маш их болжээ. Хэчнээн сайн замын системтэй ч Ромчууд эзэнт улсынхаа цэг бүртэй түргэн харилцаж чадахгүй байлаа. Энэ том гүрний хилийг хамгаалах, бослого тэмцлийг дарахад асар их хүч шаардагдаж байв. Аргаа барсан Адриан хаан Британид дайснаа барьж байхын тулд алдарт ханан хэрэм босгож байжээ. Ийм байдлаар эзэн гүрний ихэнх баялаг цэрэг зэвсгийн хүчинд зарцуулагдсанаар технологийн хөгжил удааширч, Ромын иргэний дэд бүтэц суларчээ.

  • Төрийн авлига, улс төрийн тогтворгүй байдал

Ромын нүсэр том бүтэц засаглалыг хүндрүүлж байсан бол муу удирдлага асуудлыг улам дэврээж байлаа. Ромын эзэн хаан байх нь хамгийн аюултай ажил, бүр хоёр ба гуравдугаар зууны хүнд үеүдэд үхлийн ял мэт байжээ. Иргэний дайн улс гүрнийг замбараагүй байдалд хүргэж 75 жилд л 20 хүн хаан ширээнд сууж байлаа. Преторийн Гвард гэдэг эзэн хааны бие хамгаалагчдын бүлэг хүссэнээрээ эзэн хааныг хорлож, орны хүнийг нь тавьж чаддаг, бүр хэн их мөнгө амласанд нь хаан ширээг өгдөг байв. Улс төрийн ялзрал Ромын сенатад даамжирч чадавхи сул, авлигад хэт автсанаас эзэн хааны эрх мэдлийг хянаж чадахгүй болсон байлаа. Байдал ийнхүү муудсанаар Ромын иргэд төрдөө итгэх итгэлээ алдаад байв.

  • Хүннү нар ирсэн ба Барбаруудын нүүдэл

Хүннү нар Европт ирснээр Барбарууд шахагдан их нүүдэл үүсчээ. Европын хойд хэсгийг Евразийн нүүдэлчид довтлох үед олон Герман аймгууд Ромын хилд тулж иржээ. Ром дуртай дургүй Визигот овгийнхныг Данубе голын өмнөд хэсэгт нэвтрэхийг зөвшөөрсөн ч дараа нь тэдэнд аймшигтай харгислал үзүүлсэн юм. Түүхч Амманиус Марселлинусын бичсэнээр Ромчууд өлсгөлөнд нэрвэгдсэн Готуудыг нохойн махаар хүүхдээ арилжиж боол болгохыг тулгаж байжээ. Ингэж Готуудыг харгисласнаар Ром хил дотроо аюултай дайсантай болов. Харгислал туйлдаа хүрэх үед 378 онд Готууд бослого гаргаж Адрианаполийн тулаанд Ромын армийг цохижээ. Цочролд орсон Ромчууд Барбаруудтай найрамдлын гэрээ байгуулсан ч 410 онд Готын хаан Аларик гэрээгээ зөрчин Ромыг довтолж байсан билээ. Нэгэнт Өрнөд Ромын хүч суларсан учраас Хүннү нарт түрэгдсэн Герман аймгууд болох Вандалууд, Саксонууд Британи, Испани, Хойд Африк руу нэвтэрч эхэлжээ.

  • Христийн шашинд орж уламжлалаа гээсэн

Ромын сулрал нь Христийн шашны тархалтыг түргэсгэж энэ нь эргээд уналтыг нь хурдасгасан гэж үздэг. Миланд 313 онд Христийн шашныг хуульчилж сүүлд 380 онд төрийн шашин болгосон юм. Энэ хууль нь Христийн шашны олон зууны мөрдлөгө хавчлагыг төгсгөл болгосон ч Ромын уламжлалт үнэт зүйлсийг сүйтгэсэн юм. Уламжлалт Ромын шүтлэгт эзэн хааныг бурхны хэмжээнд хүндэлдэг байсан бол итгэл бишрэл өөр зүгт шилжсэн гэдэг. Үүнээс хойш Пап лам болон бусад сүм хийдийн тэргүүдийн улс төр дэхь оролцоо нэмэгдэж цаашдаа зөрчилдөх болсон. Энэ онолыг хамгийн анх 18 дугаар зууны түүхч Эдвард Гиббон дэвшүүлсэн ч маш их шүүмжлэлд өртөж байсан юм. Хэдийгээр Христийн шашны нөлөө их байсан ч цэрэг дайны, эдийн засгийн, удирдлагын зэрэг бусад хүчин зүйлийн сүүдэрт дарагддаг билээ.

  • Ромын легионуудын сулрал

Түүхийнхээ ихэнх үед Ромын зэвсэгт хүчин эртний дэлхий дахиныг атаархуулдаг байсан гэдэг. Гэвч сулралын үед хүчирхэг легионуудын нүүр царай өөрчлөгдөж эхэлсэн юм. Ромын иргэдээс хангалттай цэрэг гаргаж чадахгүй болсноос Диоклетиан, Константин хаадын үед гадаадын хөлснийхнийг элсүүлж эхэлжээ. Герман аймгуудтай хийсэн тулаанд легионуудын нэр хүнд унасаар яваандаа Латин хэлний “барбарус” гэдэг үгийг “цэрэг” гэсэн нэрний оронд хэрэглэдэг болов. Герман аймгийн дайчдын хүчирхэг довтолгоонд няцсан легионуудын үнэнч байдал суларч эргээд Ромын эзэд рүүгээ довтлох болжээ. Үнэндээ Ромыг тонон дээрэмдэж Өрнөд Ромыг унагахад хүргэсэн барбарууд нь нэгэн цагт Ромын легионы армид хүчин зүтгэж байсан дайчид байлаа.

 


Нэмэлт

 

Зарим түүхчид Эртний Ромын уналтыг тухайн үед өргөн тархсан хордлоготой холбож тайлбарладаг. Ромын дарс үйлдвэрлэгчид усан үзмийг хар тугалган саванд чанадаг, эзэнт гүрний ус түгээлтийн хоолойнууд хар тугалгаар хийгдсэн байсан, олон Ромчууд хоол хүнсэндээ хар тугалганы хольцтой амтлагч хэрэглэдэг байсан гэнэ. Энэ бодис нь хортой учраас Ромын иргэдийн дунд тулай өвчин, үргүйдэлт, цус багадалт тархаж хүмүүсийн зан ааш түрэмгий, тогтворгүй болж байсан гэнэ.

 

Эх сурвалж: History.Com