Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Надад дараа ийм тийм ажил гээд бодоод байх зүйл байхгүй

Ч.Болортуяа
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

 

2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх "Шилэн данс"-ны тухай хуулийн талаарх Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ 50 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна. 

 

Ц.ЭЛБЭГДОРЖ: “Шилэн данс”-ны тухай хууль гарсан нь ямар учир утгатай юм бэ гэдгийг хэлье
 

  1. Бүгдээрээ энэ хуульд анхаарлаа хандуулъя. Энэ хууль гарсан нь их том амжилт. 
     
  2. Бид мянган төгрөгийн хойноос сүйд болдог мөртлөө тэрбум төгрөгийн зарлагыг харахгүй суусаар удаж байна.
     
  3. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад энд сууж байгаа бүх хүн, хуулийн этгээдүүд, төсвийн байгууллагын ажилтнууд ард түмний өгсөн мөнгөөр л тэжээгдэж байгаа.
     
  4. Би ард түмний өгсөн мөнгөөр цалин авч, машин унаад явж байгаа гэдгээ бодох хэрэгтэй.
     
  5. Нью-Йоркт 24 орны төр, засгийн тэргүүн, тэдний дунд миний бие оролцож энэ чиглэлээр санаачилга гарган дэлхий даяар түгээе, хэрэгжүүлье гэсэн шийдвэр гаргаж, үүрэг хүлээсэн юм.
     
  6. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол Улсын хийх ёстой нэг ажил.
     
  7. “Шилэн данс”-ны хуулиас айх хэрэггүй, шийдвэрээ хуулийнхаа дагуу, мэдээллээ хугацаанд нь гаргаад л яв.
     
  8. Хариуцлага гэдэг зүйлийг хүн гэж авч үзэх юм бол тэр хүний эд эрхтэний нэг нь шилэн данс юм.  Магадгүй тэр шилэн данс нүд нь, тархи нь байх.
     
  9. Өглөө бүхэн “Шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй.
     
  10. “Шилэн данс”-ны хуулиас болж би муу газрын хаалга татаж болохгүй гэдгээ сана.
     
  11. Хамгийн эхэлж хийх юм бол өнөөдрөөс хуулиа унших хэрэгтэй. Энд “Шилэн данс”-ны хуулийг бүрэн уншаад цоохорттол нь зурсан хүн цөөн л байгаа.
     
  12.  Ерөөсөө 6 хуудас цаас дээр хэвлээд гаргачих боломжтой хууль. 
     
  13. Монгол Улсад төсвийн мөнгөөр амьдардаг, ажилладаг байгууллагын тоо 5000 байна.
     
  14. “Шилэн данс”-ны хуулийн тухай мэдээлэл тавих эрх үүрэгтэй ийм 5000 албан тушаалтан байна гэж ойлгох хэрэгтэй.
     
  15. Төсөв мөнгө зарцуулдаг  байгууллага бүрийг нэрээр нь гаргаад ард талд нь хариуцсан этгээдүүдийнх нь нэрийг албан тушаалтай нь тавих хэрэгтэй.  
     
  16. Гаргасан шийдвэрээ нууц гэнэ, бичсэн юм аа нууц гэнэ. Энэ дээр бүүр тодорхой хэлж өгсөн. Ганцхан төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй л гэж байгаа.
     
  17. Гүйцэтгэх ажил гэж юу байдгийг бүгд мэдэх байх. Ийм ажил хуулиар хийх эрхтэй наймхан газар байгаа.
     
  18. Таван мянгаас наймхан байгууллагын асуудал хасагдана. Бусад нь бүгд энэ “Шилэн данс”-ны хуульд хамаарна.
     
  19. 8 байгууллага дотор зөвхөн гүйцэтгэх ажил нь шүү.
     
  20. Өгч байгаа, төвлөрүүлж буй мөнгөн дээрээ хяналт тавьж чаддаггүй төр бол  ардчилсан төр биш.
     
  21. Ардчилсан улс гээд байгаа, яг үнэндээ Монгол хариуцлагатай улс болж чадаагүй.
     
  22. Хариуцлагатай улс гэж албан тушаалтнуудтай хариуцлага тооцоод унагаж болдог, буулгаж болдог тэр арга хэрэгсэл нь хүмүүсийн гарт байдаг улсыг хэлдэг юм.
     
  23. “Шилэн данс”-тай холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүн оройлж оролцох ёстой байгууллага Засгийн газар, Сангийн яам.
     
  24. Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Шилэн данс”-ны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг байгууллага болох ёстой.
     
  25. Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж байна. Бид тэтгэвэр, тэтгэмждээ зориулж мөнгө төлж байна. Тэр яаж зарцуулагдаж байгаа нь ерөөсөө тодорхойгүй байдаг.
     
  26. Хэмнэсэн, хэтрүүлсэн бол тайлбартайгаа тавь гэж байгаа. Зөвхөн нэг тоо тавиад орхихгүй. 
     
  27. 60 хувиар нь ажил хийдэг байж магадгүй. 30 хувь нь хахуульд явж байгаа байх шүү. Тэгээд ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нь 10 хувийн ашиг хийх гэж дээр нь зүтгэж байж магадгүй.
     
  28. Төртэй хэлцэлд орсон аж ахуйн нэгж “Шилэн данс”-ны субъект болж хувирна.
     
  29. Аж ахуйн нэгжүүд төсвөөс ажил үйлчилгээ гүйцэтгээд эхэлбэл их хэмжээний хэлцэл гэж хийнэ. Их хэмжээний хэлцэл гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 25 хувиас дээш гарсныг нь хэлж байгаа юм. Ийм хэлцэлд төртэй орсон бол тэр аж ахуйн нэгж “Шилэн данс”-ны субъект болж хувирч байгаа. Асуудал нэлээн нарийсч хатуурч байгаа шүү гэдгийг энд хэлье.
     
  30. Хойтон жил хэдэн хүнд яаж хариуцлага тооцсон тухай жагсаалт гараасай.
     
  31. Төсөвт байгууллагууд дээр төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэдэг, архи дарс авдаг үйл ажиллагаа бүгд зогссон байх ёстой.
     
  32. Төрийн албан тушаалтантай яаж хариуцлага тооцох вэ гээд. Эхлээд сануулна, дараа нь албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20%-иар бууруулна, эцэст нь ажлаас нь хална, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр  гээд бичсэн байгаа. 
     
  33. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ заавал энэ дарааллыг баримтлах шаардлагагүй гэж хуульд оруулсан. Шууд халчих юмыг 20%-иар энэ тэр гэж эрхлүүлэх хэрэггүй.
     
  34. Иргэн, аж ахуйн нэгж дээр энэ хууль илүү зөөлөн хандаж байгаа.
     
  35. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шууд хуулийг хэрэгжүүлээд эхэлнэ.
     
  36. Монголд олон юм байгаа ч хариуцлага алга. 
     
  37. Монголын ард түмэн итгэлтэй болчихвол төрийн нэр хүнд, төсөвт байгууллага, төрийн байгууллагын нэр хүнд босох гээд байна. 
     
  38. Би сая Их Хурлын чуулган харж байсан. Их л завтай харагдах юм.
     
  39. Ардчилал маань одоо үг, дүр л байна. Одоо энэ дүрээс нь гаргаж амьдруулъя.
     
  40. Ерөнхийлөгчөөсөө эхлээд сумын Засаг дарга хүртэл хариуцлага тооцох зарчмыг оруулсан.
     
  41. Хийх ажилдаа “Шилэн данс” гэдэг цэс нэмээд өгчих.
     
  42. Энэ бол тийм амар, дураараа дургидаг нийгэм биш. 
     
  43. Улс төрийн албан тушаалд очих гэж хэдэн арваараа гүйлддэг нийгэм биш.
     
  44. "Хуулийг хэрэгжүүлэхэд 14 хоног үлдлээ” гэдэг сануулга өгч байна.
     
  45. “Шилэн данс”-ны хуульд нэг гайхамшигтай зүйл байгаа. Та бүхэн олж хараасай гэж хүсч байна. Баталсан төсвийн хойноос явдаг биш түүнийг төлөвлөхөд энэ хууль хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. 
     
  46. Бразил явж хөл бөмбөг үзнэ гэдэг шиг асуудлыг гаргаж ирээд ийм зүйлд төсвийн мөнгө тавина гэж үү гэх болно. Ийм мөнгийг тусгахаа болино.
     
  47. 110 нэр төрлийн ажил үйлчилгээнд бид мөнгө зарцуулдаг байсан бол магадгүй сүүлийн 20 нь алга болно. Ингэж төсөв бага болдог, хариуцлагатай болдог хэлбэр лүү орох юм.
     
  48. Монгол Улс сайн хэрэгжүүлээд явбал бусад улс ч энэ туршлагыг хардаг, ярьдаг болно.
     
  49. “Отго жинстэн”-үүд хуулийн дагуу ажилладаг болчихвол Монголын төр зөв болно.
     
  50. Надад дараа ийм тийм ажил гээд бодоод байх зүйл байхгүй. Ийм учраас үлдэж байгаа хугацаандаа Монгол Улсыг хариуцлагатай улс болгохын төлөө, Монгол Улсыг итгэлтэй улс болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийх гэж зүтгэнэ. Бүх албан тушаалтан бас ингэж ажиллах ёстой гэдгийг хэлье.

 


ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ /Бүрэн эхээрээ/


Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn