Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэд сайдын хувьд ТҮҮНИЙ сүүлийн УРИАЛГА

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэнд, спортын яамны Дэд сайд Ж.Амарсанаа ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргалаа.

Өөх, тосны хэрэглээг бууруулах тухай уриалга

Манай улсын хүн амын амьдралын хэв маяг сүүлийн хагас зуун жилд суурин соёл иргэншилд нийцэн өөрчлөгдсөн ч хооллох дадал, соёл өөрчлөгдөөгүйгээс байнгын өөхтэй махны хэрэглээ нь бидний эрүүл мэндэд халтай нөлөө үзүүлэх боллоо. 

Өөх, тосны хэт хэрэглээний улмаас манай Монголын хүн амын дунд жил ирэх бүр

  • Илүүдэл жин ба таргалалт,
     
  • Зүрх судасны өвчин (цусны даралт ихсэх өвчин, тархинд цус харвах өвчин, зүрхний ишеми өвчин)
     
  • Хавдрын өвчлөл (хөх, умай, шулуун гэдэс, түрүү булчирхайн),
     
  • Чихрийн шижингийн тархалт нэмэгдэж,
     
  • Хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний 2-т зүрх судасны өвчин ба хавдар өвчний шалтгаант нас баралт орж,
     
  • Нийт хүн амын маань талаас илүү хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна. 

 

Иймд нийслэл, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, хүнс хэрэглэгч ард иргэд та бүхэнд хандан дараах ажлуудыг нэн яаралтай хийж эхлүүлэхийг уриалж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт:

• Бүх төрлийн хоолны өөх, тосны хэмжээг харагдахуйц хэмжээнд багасгах;
• Хоолны цэсэнд илчлэгийн хэмжээг заавал бичих, хоолны нийт илчлэгийн хэдэн хувь нь өөх, тосны гаралтайг дурдах;
• Хоолны цэсэнд нэмэлтээр илчлэг, давс, чихэр, өөх, тос багатай эрүүл хоолны нэрсийг оруулах;
• Хоол үйлдвэрлэлд транс тосыг ашиглахаа зогсоох;

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нарт:

• Нарийн боов, бялуу, хиам, сүүн бүтээгдэхүүний орц найрлага дахь өөх тосны хэмжээг багасгах;
• 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдах илчлэг, нийт өөх тос ба транс тосны хэмжээг шошгон дээр заавал бичих;
• Хүнс үйлдвэрлэлд транс тосыг ашиглахаа зогсоох;

Хүнсний худалдаа эрхлэгч нарт:

• Транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтыг багасгах;
• Транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүний худалдааны сурталчилгааг зогсоох;

Хүн ам, ард иргэдэд:

• Өдөр тутмын хоол хүнсээр авах өөх, тосны хэрэглээг, тэр дундаа өөхтэй махны хэрэглээг багасгах;
• Бүтээгдэхүүн худалдан авахдаа шошгыг нь харж, аль болох илчлэг, өөх тос багатайг нь сонгох;
• Транс тос агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хасах;
• Биед хуримтлагдсан илүүдэл илчлэг буюу өөх, тосыг задлах зорилгоор биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших;

Эрүүл мэндэд халтай хүнсний хэрэглээг багасгахтай холбогдох эрх зүйн баримт, стандартуудыг манай яам, бусад салбартай хамтран боловсруулж байна.

Миний уриалгыг дэмжин Монгол Улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө санаа тавин, хамтран ажиллах хүсэлтэй та бүхэнд баярлалаа.

Эрүүл мэнд, спортын яамны Дэд сайд Ж.Амарсанаа

Жич: Транс тос гэдэг нь үйлдвэрийн аргаар устөрөгчжүүлэн хагас хатуу хэлбэрт хувиргасан, эсвэл нийлэгжүүлсэн ханаагүй өөх, тос юм. Хүний эрүүл мэндэд халтай, зүрх судасны өвчин үүсгэх сөрөг үйлчлэлтэй нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Ийм тосыг хүнс, хоол үйлдвэрлэл, түргэн хоолны үйлчилгээнд түгээмэл ашиглаж байна.