Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ-ийн 7 дугаар дүгнэлтийн тухай тогтоолын төслийг баталлаа

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

ҮХЦ-ийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг энэ сарын 10-ны өдөр мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарыг оролцуулан хийж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Тус хуралдаанаар

  • Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар;
     
  • Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан;
     
  • Мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд;
     
  • Мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан;
     
  • Захиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг, нийслэлийн шүүх, ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн гэж үзэж, дүгнэлт гаргасан байна.

Хууль зүйн Байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн 2014 оны 07 тооот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн үндэслэлийн нэгээс бусдыг нь хүлээж авах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Ц.Оюунбаатар, Ё.Отгонбаяр нарын асуултад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өгсөн хариултдаа, УИХ Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтыг тус тус иш үндэс болгосон.

Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

ҮХЦ-ийн 07 дугаар дүгнэлт нь засаг захиргааны нэгжээр шүүхийн тогтолцоотой байх, харин үйл ажиллагаа нь жигдрээд байгаа дагнасан шүүхийн тогтолцоог хаагдахад хүргэж байгаа.

Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг "ерөнхий шүүх”, “тусгай шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишиг байдаг. Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, “дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх” бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа.

Гэтэл нь Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлт нь засаг захиргааны нэгжээр шүүхийн тогтолцоотой байх, харин үйл ажиллагаа нь жигдрээд байгаа дагнасан шүүхийн тогтолцоог хаагдахад хүргэж байгаа юм. Үүнээс болоод асар их зардал хөрөнгө, хүн хүч шаардсан шүүхийн тогтолцоо үүсэх, наад зах нь шүүгчдийн томилгоог одоогийнхоос гуравны хоёроор нэмэгдүүлэхэд хүрнэ. Иймээс энэ асуудлыг судалж тооцох, гарцыг олох үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон гэдгийг хэлсэн юм.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал хураалт явуулахад Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн 5 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Харин 1 санал нь дэмжигдлээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувийн саналаар дэмжиж баталлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.