Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

14 настай цаазлуулсан хүү 70 жилийн дараа цагаадлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Каролина мужийн шүүх 12 дугаар сарын долооны өдөр 1944 онд хүн амины хэрэгт буруутгагдан цаазлуулсан 14 настай хар арьст хүү Жорж Стиннейг буруугүй гэдгийг тогтоожээ.

70 жилийн өмнө Өмнөд Каролина мужийн шүүх хоёр цагаан арьст охины аллагад буруутган 14 настай хар арьст хүүг цахилгаан сандалд суулгасан юм.

Хүүг тэр үед нэг өдрийн дотор баривчлан хорьж шүүгээд гурван сарын дараа цаазалсан байдаг. Шүүх хурал ердөө гурван цаг үргэлжилж 12 цагаан арьст шүүгч хүүгийн буруутайг 10 минутанд л тогтоосон гэдэг.

АНУ-ын хорьдугаар зууны хамгийн залуугаараа цаазлуулсан гэмт хэрэгтнийг ялласан үйл явц нь гайхмаар шударга бус болсныг шүүгч Кармен Муллен хэлжээ.

Хохирогчид болох 7 болон 11 настай охид толгойдоо төмөр замын хадаасаар цохиулан амиа алдсан байсныг Кларендон тойргийн Алколу хот орчмоос олж байжээ.

Стинней хүүг тэдгээр охидтой цэцэг түүж явахыг гэрчүүд харсныг баталснаар цагдаа нар эцэг эхтэй нь ч уулзуулалгүй баривчилж хориод ялын шийдвэр гаргасан байна.

Дээрх гэрчийн мэдүүлгээс өөр ямар ч нотолгоо олдоогүй гэдэг. Хүүг хүчээр хэрэг хүлээлгэн цахилгаан сандал суулгахад сандлын бүслүүр, электродууд нь хүүд хэт томдож байсныг хүмүүс дурссан байна.

Шүүгч Муллен, Стинней хүүгийн ах, эгч нар зэрэг амьд үлдсэн гэрч нартай уулзаж, бүх баримтуудыг дахин шалгасны үр дүнд буруугүй гэдгийг нь тогтоожээ.

Энэ хэрэг Өмнөд Каролина мужид хэрхэн арьс өнгөөр ялгаварлах үзэл оршиж, хар арьстнуудын эрхийг зөрчдөг байсны жишээ болж байна.

Тэр үеийг түүхэнд Жим Кроугийн үе гэдэг ба хууль, шүүхийн бүх шатны ажилтнууд дан цагаан арьстнуудаас бүрддэг байсан гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press