Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Бөртэ чоно” наадмын шилдгүүд 25-нд тодорно

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын үндэс­­­ний олим­­пийн хо­­­рооноос зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах “Бөртэ чоно” наадмыг энэ жил арван хоёрдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар боллоо. 

Шилдэг тамирч­­дыг уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлч­­­дийн холбооны гишүүд тодруулна. Энэ удаа олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг нэрлэх юм.

Ингэхдээ оны шилдэг тамирчид, спорт тоглоомын баг, дасгалжуулагч гэсэн номинацид шилдгүүд тодрох учиртай. Спортын сэтгүүлчдийн саналыг энэ сарын 22-ныг хүртэл авахаар болжээ. Нэр дэвшигчдийг танилцуулъя.

Оны шилдэг эмэгтэй тамирчин

1.А.Батцэцэг /Чөлөөт бөхийн тамирчин/

2014 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотын “Dow Sportoүa” спортын ордонд болсон. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 20 бөх барилдсанаас А.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хьюжинг Вангийг, гуравдугаар тойрогт Германы бөх Женни Сенжерийг цэвэр ялсан байна.

Улмаар мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх Нанами Ириег 8:3-аар ялж, алтан медалийн төлөө Украиний бөх Татьяна Киттэй өрсөлдөж 10:0-ээр илт илүүрхсэнээр аварга болжээ. 

2.О.Бурмаа /Монгол Улсын гавьяат тамирчин/

Узбекстан улсын Ташкент хотод 2014 оны чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн болсон. Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртэж дэлхийн бөх гэдгээ баталсан. Мөн тэрээр Азийн 17 дугаар наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ-чоно” наадамд дэвшиж байна. 

3.Гар бууны эмэгтэй шигшээ баг 

Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртэж, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэгт нэр дэвшлээ. 

4.О.Гүндэгмаа /МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин/

Германы Мюнхен хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа тэргүүлж 2014 оны Дэлхийн цомын АШТ-ий алтан медалийн эзэн болсон бол Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын финалын тоглолтонд дахин өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тэрээр Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.

5.С.Цэрэнчимэд /Чөлөөт/ 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шинэхэн дэлхийн аварга төрсөн нь ОУХМ С.Цэрэнчимэд юм. 20 насандаа дэлхийн бөх болсон тэрээр энэ онд Армийн дэлхийн аварга, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэгт нэрлэгдэж байна. 

Удаах байрт Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа анх удаагаа мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид шалгарсан байна.

Мөн Азийн наадмын аварга болсон буудлага спортын тамирчин Ч.Нарантуяа, Азийн наадмын хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга Д.Сумьяа, Азийн наадмын аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нар энэ оны шилдэгт нэр дэвшжээ. 

Оны шилдэг эрэгтэй тамирчин

1.Г.Болдбаатар /жүдо/

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д өрсөлдсөн Г.Болдбаатар аваргын төлөө Оросын бөх Беслан Мудрановыг нутагт нь, шүүгчтэй нь, 140 сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө ялж, дэлхийн аварга хэмээх цолны эзэн болсон юм. Тэрээр мөн энэ онд Азийн наадмын мөнгө, “Их дуулга” болон гранпри тэмцээний алтан медаль хүртсэн билээ. 

2.Г.Мандахнаран 

Монголын чөлөөт бөхийн түүхнээ 2007 оноос хойш тасарсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг Г.Мандахнаран 2013 оны Унгарын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлж байсан. Тэгвэл тэр энэ жил дахин хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэн болсон юм. 

3.Д.Болдбаатар /Мото спорт/ 

Монгол хүн авто, мото спортын олимп буюу “Дакар раллид” хөл тавих эхлэлд тэрээр оролцсон. Харин 2014 онд дахин уралдаж амжилттай өрсөлдсөн. Мөн “Ралли Монголиа”-д түрүүлсэн юм. Мотоспортын шилдгүүдээс ганцаараа “Бөртэ чоно” наадмын шилдэгт дэвшиж байна. 

4.Н.Түвшинбаяр / Олимпийн аварга /

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Тэрээр энэ жил Азийн наадмын аварга болж гранпри тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар шилдэгт нэр дэвшиж байна. 

5.Э.Ням-Очир 

Узбекстан улсын Ташкент хотод 2014 оны чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн болсон. 
Уг тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр энэ амжилтаар оны шилдэгт нэр дэвшлээ.

Үлдсэн тамирчдын тухайд Ө.Дүүрэнбаяр /жүдо/-залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, гранпри тэмцээний мөнгөн медальт, Д. Отгондалай /бокс/-Азийн наадмын аварга, Д.Төмөрхүлэг /жүдо/-Азийн наадмын алт, Азийн элсний спортын наадмын алт, гранпри тэмцээний мөнгө, хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн аварга, Д.Хүдэрбулга /чөлөөт бөх/-ДАШТ-ийн шагналт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл, гранпри тэмцээний хошой хүрэл медальт гэсэн амжилтаар тус тус дэвшжээ. 

Оны шилдэг баг

Оны шилдэг багт сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид Азийн наадамд өрсөлдсөн амжилтаар жагссан байна. Тэдний хувьд 11 багаас шөвгийн наймд шалгарч чадсан юм.

Мөн элсний наадмын шөвгийн дөрөвт үлдсэн. Харин эмэгтэйчүүдийн хувьд Азийн наадмын 16 багаас шөвгийн наймд үлдсэн амжилтаар тус тус оны шилдэг багт дэвшлээ.

Гуравдугаарт “Challenge cup” тэмцээний хүрэл медальт хоккейн шигшээ баг нэрлэгдэж байгаа юм. Тэдний хэн нь “Бөртэ чоно” наадмын шилдэг болох нь 25 нд тодрох юм. 

Оны шилдэг дасгалжуулагч

  • Одвогийн Балжинням-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
     
  • Дамдинбазарын Батсүрэн-Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
     
  • Дашгомбын Баттулга-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
     
  • Жамсрандоржийн Баярсайхан-Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч
     
  • Лхагвын Ундралбат-Буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
     
  • Цэрэнбаатарын Хосбаяр-Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн үндсэн багш
     
  • Цэрэнбаатарын Цогтбаяр- Чөлөөт бө­­­х­­­ийн үндэс­­­ний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
     
  • Шархүүгийн Цэвэлмаа-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар тус тус нэр дэвшлээ.
Зураг