Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэгдсэн хүмүүсийн талаас илүү хувь нь ГУРВААС ДООШ насны хүүхдүүд байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN

Хүйтний эрч чангарч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн энэ үед тус эмнэлэгт нүүж ороод удаагүй байгаа хуучнаар Түлэнхийн төв буюу ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийг зорилоо.

Үүдээр нь ороход ихэвчлэн гар, бугуйгаа боолгосон бага насны хүүхдүүд алхах бөгөөд хэдий өвдөж байгаа ч хүүхэд л болсон хойно нааш цааш зогсохгүй гүйлдэнэ. Энд хэвтэж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхчүүдтэйгээ хамт хэвтдэг ба БАГА НАСНЫ хүүхдүүд их түлэгддэг болох нь анзаарагдсан юм.

Харин эмч нарын хувьд арьс нөхөн сэргээх мэс засалд ороод тун завгүй, сувилагч нар нь нэг хүний боолтыг хийчихээд дараагийнхыг нь хүлээн авч зогсолтгүй ажиллацгаана.

Сүүлийн үед хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч зэрэгт түлэгдэх явдал нэмэгдсэн 

Гэвч тэдний байр дэндүү жижиг ажээ. Түлэнхийн төвийн барилга царцаагдаж, ГССҮТ-ийн нэг давхрын буланд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг жижиг өрөөнд зургаан эмч ажилладаг юм билээ. Харин өвчтөнүүдийг хэвтүүлэх 80 ортой бөгөөд нэг том өрөөнд өвчтөн сахиур нийлсэн 16 хүн байгаа гэдгийг хэлсэн юм.

Сүүлийн үед хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч зэрэгт түлэгдэх явдал нэмэгдсэн бөгөөд түлэгдэлтээс болж амиа алдах тохиолдол бага насны хүүхдийн эндэгдлийн 77 хувийг эзэлж байгаа​ гэсэн ХАРАМСАЛТАЙ тоо байна.

Тиймээс тус тасгийн нөхцөл байдал, хүүхдүүдийн түлэгдэлтийн шалтгаан, эцэг эхчүүдийн анхаарах зүйлсийн талаар ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн орлогч эрхлэгч, их эмч Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр хагалгаанаас хагалгааны хооронд түр завсарлахдаа миний хүсэлтийг хүлээн авч мэдээлэл өгсөн юм.


 

 

-Сайн байна уу. Бага насны хүүхдийн түлэгдэлт их байна гэсэн мэдээлэл байна. Танай эмнэлгийн хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Манайд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тавиас дээш хувь нь бага насны буюу гурваас доош насны хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдийн түлэгдэж байгаа гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт муу, хүүхдэд зориулсан манеж хэрэглэдэггүй эсвэл Монгол аргаар уяж хүүхдийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарладаггүйгээс болдог.

Нөгөө талаар түлэгдлийн гол шалтгаан нь хүмүүс бага насны хүүхдийг бага насны хүүхдээр харуулдаг. Өөрөөр хэлбэл 2-3 настай хүүхдийг 5 настай ах эгч нар нь хардаг. Аав ээж нар нь ажилдаа явчихдаг. Энэ хойгуур түлэгдсэний дараа анхны тусламж үзүүлэх боломжгүйгээс болж хүүхэд их хэмжээний талбай хамарсан, гүн түлэгдсэн тохиолдлууд их байдаг.

Талбайн хэмжээ том, шархны зэрэг нь гүн байх юм бол хүүхдийн амь насанд ч аюултай. Амь насаа алдахгүй байлаа гэхэд яваандаа сорви, татанхай үүсэх, тахир дутуу хүн болох эрсдэл бий болдог.

-Та сая манеж хэрэгтэй гэлээ. Манеж хэрэглэснээр хүүхэд түлэгдэлтээс хэрхэн хамгаалагддаг юм бэ?

-Хүүхэд тэр орчиндоо л байж, аюултай орчинд хүрдэггүй. Мөн Монгол аргаар хүүхдийг уяхад уяаныхаа хэмжээнд л байдаг учраас ойр хавьд нь халуун сав, ус буцалгагч тавихгүй л бол аюулгүй. Гэхдээ хүмүүс уяхыг нэг их ойшоодоггүй болсон байна лээ.

Ер нь бага насны хүүхдийг манежанд суулгах юм уу уяснаар зөвхөн түлэгдэл биш янз бүрийн осол гэмтлээс хамгаалж байдаг.

Ээж нь хүүхдээ харж байгаа хэрнээ л өөр зүйл хийж байх хойгуур нь хэдхэн хоромд л болж өнгөрдөг зүйл. Энэ хэний ч санаанд оромгүй зүйл учир болгоомжтой байх хэрэгтэй.

Шинэ жилтэй холбоотойгоор хүүхдүүд гацуур модны гэрлийг зажилснаас болж түлэгдэх тохиолдол нэмэгддэг

-Ерөнхийдөө хүүхдүүд юунд хамгийн их түлэгдэж байна вэ?

-Голдуу ахуйн хүрээнд байгаа ус буцалгагч, халуун тогоо, үсний хайч, залгуур цахилгааны хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан, шинэ жилийн гацуур модны гэрлийг амандаа зажилснаас болдог. Шинэ жилтэй холбоотойгоор энэ төрлийн түлэгдэлтийн тохиолдол нэмэгддэг. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдээ сайн харж хандах хэрэгтэй байна.

 

-Одоогоор танайд хэдэн хүүхэд эмчлүүлж байна?

-Одоогоор манай тасагт 68 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 30 орчим нь бага насны хүүхдүүд. Сэхээнд найман хүн байгаагийн зургаа нь гурваас доош насны хүүхдүүд байна. Гурваас дээш насны хүүхдүүд түлэгдэх нь харьцангуй бага байдаг. Ер нь гадаад орчноо таниад халуун хүйтнийг ялгаад эхэлчихдэг. Хүүхдүүд халуун усанд гараа дүрэх, халуун тогоонд бөгсөн биеэрээ ороод түлэгдчихдэг.

-Хүүхдээ түлэгдсэний дараа эцэг эхчүүдэд анхны тусламж үзүүлэх мэдлэг хэр байдаг вэ?

-Анхны тусламжийг манай эцэг эхчүүд тэр болгон сайн үзүүлж чадахгүй байна. Хэрэв анхны тусламжийг зөв үзүүлж чадвал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж, эдгэрэлтийн хугацаа богиносдог.

Хэрэв анхны тусламжийг зөв үзүүлж чадвал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж, эдгэрэлтийн хугацаа богиносдог

-Эцэг эхчүүд хамгийн түрүүнд ямар тусламж үзүүлэх шаардлагатай вэ?

-Гэрийн нөхцөлд бол тасалгааны температуртай адил дулаантай усаар 5-10 минут шавших. Үүнийг хүмүүс буруугаар ойлгоор хүв хүйтэн усаар зайлаад байдаг. Ер нь гэрийн нөхцөлд уснаас сайн юм байхгүй. Боломжтой бол шарх угаах зориулалттай ариутгалын уусмал тамедин хэрэглэ.

Хамгийн чухал нь түлэгдсэн даруйдаа дүүргийн юм уу манай төв эмнэлэгт ирж үзүүлэх хэрэгтэй. Дур мэдэн хүүхдийн түлэнхийг эмчлэх гэж оролдсоноос шархны эдгэрэлт удааширна, сорвижилт үүснэ. Мөн хүүхдэд түлэнхий үүссэний дараа маш их өвдөлт мэдрэгддэг.

 

Удаан хугацаагаар өвдөлтийн шоконд орсноор шингэний дутагдалд орж эмчлэхэд хүндрэлтэй болно. Манай зарим иргэд түлэгдсэн шарханд саван, сүрьеэгийн эм, гутлын тос, хоёр гурван жилийн өмнө авч байсан эмнэлгийн зориулалттай тос түрхсэн тохиолдол гарч л байлаа. Эдгээр нь маш буруу гэдгийг анхааруулъя.

-Түлэнхийн төв ГССҮТ-д нүүж ирээд нэг тасаг нь болсон байна. Ингэснээр ачаалал, багтаамж хэр байна вэ?

-Манай тасгийн зүгээс орны эргэлтийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Гэхдээ Улаанбаатар хотод нэг сая гаруй хүн байгаа. Энэ бол 400 орчим мянган хүнтэй байна гэж тооцоолсон эмнэлэг шүү дээ. Гэтэл орны тоо хэвээрээ л байна. Бид нар энд ирснээрээ бусад тасгийн ачааллыг хүндрүүлээд л байгаа.

-Нэг өрөөнд хэдэн өвчтөн байгаа вэ?

-Том өрөөнд найм хүртэл өвчтөн байна. Сахиуртайгаа нийлээд нэг өрөөнд 16 хүн байна. Өвчтөнүүд голдуу дөрөв дөрвөөрөө хэвтдэг л дээ. Хүнд, хөнгөнөөсөө шалтгаалаад арчилгаа их шаарддаг өвчтөнүүдийг хоёроор нь хэвтүүлдэг.


ЭМНЭЛГИЙН ҮҮДЭЭР АЛХАЖ ЯВАХАД ӨВДӨЛТӨНДӨӨ ШАНАЛСАН ХҮҮХДИЙН НҮД, БООЛТТОЙ БЯЦХАН ГАР, ЧАС ХИЙХ ДУУ СЭТГЭЛ ӨВТГӨНӨ. ӨВЧИН ЗОВЛОН ХЭЛЖ ИРДЭГГҮЙ ХИЙСЧ ИРДЭГ ГЭДЭГ.

ГЭХДЭЭ ХИЙСЧ ИРДЭГ ӨВЧНӨӨС ӨӨРСДИЙГӨӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ЧАДВАЛ ЭРСДЭЛГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ.

ЯЛАНГУЯА ЭНХРИЙ БЯЦХАН ҮРСДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛОО САЙЖРУУЛЪЯ! ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ.