Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын салбар 60 нас хүрлээ

ikon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад Аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ сарын 19-ний өдөр тохиож байна.

"Аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг хэлнэ гэж Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулинд заажээ.

Анх 1954 онд “Жуулчдад үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдсан аялал жуулчлалын салбар нь мэргэшсэн байгууллага хамт олон болж, хөгжлийн түүхэн үе шатуудыг туулж ирлээ.

Эрдэмтэн судлаачид Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн эхлэлийг Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсан үетэй холбон тайлбарладаг.

Урьд өмнө төдийлөн нэр нь гараагүй байсан нүүдэлчин ард түмэн морин туурайгаар дэлхийг байлдан дагуулж, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй аугаа эзэнт гүрнийг байгуулсан тэр цагаас өнөөг хүртэл олон орны эрдэмтэн судлаачид, жуулчид Монгол орны талаар сонирхон судалсаар байгаа юм.

1990-ээд оноос аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хурдацтай хөгжих үүд нээгдсэн. 1995 онд МУ-ын Засгийн газраас Аялал жуулчлалыг 1995-2005 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг тогтоож, 2000 онд УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг батлан гаргасан нь салбарын эрх зүйн болон бодлогын орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болсон юм. 

Монгол орон нийгэм, улс төрийн ардчилсан тогтолцоо, нээлттэй, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад сурталчилгааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсний дүнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар хүрээгээ тэлж, олон арван салбарыг хамран эрчимтэй хөгжиж байна.

Даяаршиж буй өнөө үед олон улсын аялал жуулчлалын зах зээлд аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлах, түүний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх, салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол Улсын Засгийн газраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг салбарын эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ