Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан зээрийн нүүдэл айсуй

Зууны мэдээ
2014 оны 12 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг

Эрс тэс уур амьсгалтай манай оронд урин дулаан цаг өнгөрч, хүйтний эрч чангараад удаж байна.

Дорнод Монголын хялганат тал Хээрийг бүрхсэн цагаан эээрийн их нүүдэл айсуй.

Энэ бол хахир хүйтэн өвлийг даван туулахаар нөмөр дулаан, бэлчээр сайтай нутгийг зорин нүүдэллэж буй зэрлэг амьтны их нүүдэл билээ.

Энэ нүүдэл хэдэн арав, зуугаар биш хэдэн арван мянгаар сүрэглэх их нүүдлийн цуваа бөгөөд ийм олноороо нүүдэллэх зэрлэг тууртан амьтан Дэлхий дээр ховор ажээ.

Цагаан зээр нэг газартаа удаан тогтдоггүй, байнга бэлчээр сэлгэн нүүдэлдэж байдаг онцлогтой. 

Харамсалтай нь зөвхөн Монголын тал хээрт тохиолдох зээрийн их сүрэг, нүүдлийн цуваа жил ирэх бүр багассаар л байна.

Энэ янзаараа байвал тун удахгүй Монголын цагаан зээр ховор амьтны жагсаалтад орох нь дамжиггүй болжээ.

Яагаад гэвэл Дэлхий байгаль хамгаалах холбооны шалгуур, бүс нутгийн үмэлгээгээр Монгол Улсын хөхтний улаан дансанд Цагаан зээрийг “устаж болзошгүй" гэсэн ангилалд хамааруулжээ.

Харин зэргэлдээ орших Хятад, Орос оронд хоёрт Цагаан зээр байхгүйтэй адил болж нэн ховор амьтдын жагсаалт “Улаан ном"-д хэдийнээ бичигджээ.

Эрдэмтдийн судалгаагаар Монголд 1940-өөд онд 4-5 сая, 1994 онд 2,5 сая, 1997 онд 2,0 сая гаруй зээр байсан бол 2003 онд 800000-900 000 толгой Цагаан зээр байна гэж тогтоожээ. Энэ нь тэрний тоо эрс буурч ирснийг харуулна. Харин зээрээ нарийвчлан тоолоогүй сүүлийн 10 гаруй жилд хэд болтлоо цөөрсөн бол.

Цагаан зээр нэг газартаа удаан тогтдоггүй, байнга бэлчээр сэлгэн нүүдэлдэж байдаг онцлогтой. Энэ нь том сүрэг үүсгэж явдаг амьтны хувьд бэлчээрээ зохистой ашиглах тухайн амьтны төрөлх зөн, байгалийн зохилдлогоо юм.

Монголын цагаан зээр ховор амьтны жагсаалтад орох нь дамжиггүй болжээ.

Судалгаанаас үзэхэд Цагаан зээрийн тогтвортой сүрэг хэдэн өдөр, хэдэн долоо хоногт 2-3 мянган толгойгоор сүрэглэк явах ба нүүдлийн үе, нүүхийн өмнө, эсвэл төллөлтийн өмнө хэд хэдэн сүрэг хоорондоо нийлж бөөгнөрөл үүсгэх ба энэ нь хэдэн цаг, хэдэн өдөр болдог бөгөөд ийм бөөгнөрөл голдуу 30-40 мянган зээртэй байж болдог байна. Янзаганууд нь бойжиж томорсон есдүгээр сараас Намрын нүүдэл эхэлж нүүдэллэх явцдаа өвөлжих газартаа тархан байршдаг байна.

Саяхан Хэнтий аймгийн зүүн, зүүн өмнөд, Дорнод аймгийн хойд талын сумдаар явахдаа нутгийн иргэд, малчидтай уулзаж цагаан зээрийн тоо толгой ямар байгаа талаар аман судалгаа хийхэд тэдний олонхи нь Цагаан зээрийн тоо толгой жилээс жилд цөөрч байгаа, ялангуяа хууль бус, эмх замбараагүй агналтад маш их өртөж байгааг харамсан ярьж байна. 

ЦАГААН ЗЭЭР ЯАГААД ЦӨӨРСӨН БЭ?

Цагаан зээр бол Төв Азийн унаган амьтан. Дэлхийн цагаан зээрийн гол бүс нутаг бол Монголын хээр тал нутаг.

Манай орны өнөөгийн популяцийн хэмжээ нь бүрэн тогтоогдоогүй бөгөөд хараа хяналтгүй агнуур болон орчны хомсдол, хуваагдал, доройтол, өвчин, байгалийн гамшиг зэрэг олон хүчин зүйл тоо толгойг нь бууруулахад нөлөөлж байна гэж амьтан судлаачид үздэг.

Сүүлийн жилүүдэд Цагаан зээр бүхий аймаг, сумд жил бүр тодорхой тоогоор агнахыг зовшөөрч, иргэдээс зохих төлбөр хураамж авч агнуулж байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт сулаас зөвшөөрөлгүй агнах явдал нь хэрээс хэтэрчээ.

Цагаан зээрийг зохих эрхийн бичиггүй, хориотой арга, хэрэгслээр тухайлбал, машин, мотоциклоор хөөх, гэрэлтүүлэх, байлдааны буу зэвсэг хэрэглэн олноор нь хомроглон буудаж шархдуулах, хавх зүүх зэргээр хууль бусаар агнаж хороох зөрчил багагүй гарч ирсэн байна.

Гэвч цагаан зээрийг нүүдлийн амьтан гэсэн сэтгэлээр түүнийг хайрлах, хамгаалах сэтгэл илт дутагдаж, харин амин хувийн ашиг хонжоо харсан байдал даамжирсан байна.

Ялангуяа 1990-ээд оноос хойш хэсэг хугацаанд хяналтгүй, замбараагүй агнаж ирсэн нь ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчээр хүний гарт үй олноор хөнөөгдөж, хэрцгий аллагын золиос болж зовлон үзсэн амьтдын нэг бол яахын аргагүй Цагаан зээр болоод байна.

Мөн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгуудын Цагаан зээрийн гол байршил нутагт газрын тос болон бусад уул уурхайн хайгуул, олборлолт, авто замын замбараагүй олон сүлжээ, байнгын хөдөлгөөн, тоос шороо зэргээс энэ амьтны амьдрах орчин нь доройтон тасархайтаж уудам орон зайд, улирлаар шилжин нүүдэллэх байгалийн зохицол, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах сөрөг нөлөөлөл улам нэмэгдсээр байна.

Дэлхийн цагаан зээрийн гол бүс нутаг бол Монголын хээр тал нутаг. 

Ялангуяа газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт байгаль орчинд халтай байгааг нутгийн иргэд шүүмжилсээр. 

Энэ бүхэн нь дэд бүтцийн хөгжил, уул уурхайн хайгуул, олборлолтын асуудлыг байгаль орчинд, тухайлбал, зэpлэг aмьтaнд халгүйгээр төлөвлөж шийдвэрлэхийг шаардаж буй “Ногоон хөгжлийн” нэн чухал асуудал мөн.

Цагаан зээрийн сүрэг нь бэлчээрлэсэн газрынхаа өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын үрийг тараах зэргээр ургамал ургаж үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна.

Энэ нь тал хээрийн эко системийг тэнцвэртэй байлгахад нэн чухал нөлөө үзүүлдэг гэж судлаачид дүгнэдэг.

Нөгөө талаар цагаан зээр ховордож, устах аюул тулгарвал тал хээрийн зэрлэг амьтдын идэш тэжээлийн гинжин хэлхээ тасарч, хээрийн эко системийн төлөв байдал алдагдах, доройтох нэг гол нөхцөл болох нь гарцаагүй.  

Цагаан зээр, үлийн цагаан оготоно хоёр үгүй бол хялганат тал хээр эзэнгүй, хоосон нутаг болно. Талын цагаан чоно, үнэг, хярс, шонхор, cap ч мөн үгүй болох билээ.

Иймд Цагаан зээрээ хайрлан хамгаалж үлдэх нь энэ бүс нуггийн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах нэг чухал асуудал тул төр засаг, орон нутгийн захиргаа, иргэд, олон нийт анхаарах ёстой.

ЦАГААН ЗЭЭРИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?

Бид өнөөдөр хэдэн амьтан байгаагаа сайн мэдэхгүй, яагаад хорогдоод байгаа шалтгааныг олж тогтоохгүй, хамгаалахаар гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй, хэрэгжилтэнд нь хяналт тавихгүй байсаар байтал байгалийн энэ сайхан амьтан ховордож цөөрсөөр байна.

Бид хамгаалж чадвал байгаль дэлхий, ан амьтад минь хишиг буянаа харамгүй хайрлах болно. Юуны өмнө өнөөдөр хичнээн толгой зээр байна, үнэхээр цөөрч үү, яагаад цөөрчихөв гэдгийг шинжлэх ухааны үүднээс үнэн бодитой тогтоох шаардлагатай. Үүний дараа түүнд тохирсон хамгаалал, менежментийн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай.

Мөн Цагаан зээрийн тоо толгой, нүүдэл, шилжилтийн байдалд тогтмол судалгаа мониторинг хийж байх нь чухал. Цагаан зээрийн нийт тархац нутгийн 8,0 хувь нь, талархаг хээр нутгийн ердөө хоёрхон хувь нь улсын тусгай хамтаалалтад хамрагдаж байгаа мэдээ бий. Энэ нь бусад бүс нутагтай харьцуулбал бага тоо юм.

Нөмрөг, Дорнод Монгол, Дагуурын дархан цаазат газруудыг өргөтгөж, шинээр Улз голын сав газар, Хөх нуур, алслагдсан Матад сумын нутагт цагаан зээр олноор цугларч төллөдөг газрыг тусгай хамгаалггай газрын сүлжээнд хамруулах арга хэмжээ авбал тухайн газар нутагт хялганат хээрийн бүлгэмдэл, цагаан зээр, чоно бусад ховор амьтад хамтдаа хамгаалагдах болно.

Хэд хэдэн тусгай хамгаалалттай газар байгуулаад цагаан зээр дамжин өнгөрдөг нүүдлийн бүсийг нь хамгаалж чадвал цагаан зээр төдийгүй бусад олон биологийн төрөл зүйл хамгаалагдах боломжтой. Ялангуяа ашиг муутай уурхайнуудын лицензийг төр цуцлаад энэ энэ орон зайг чөлөөлж өгөх нь хамгийн бодитой хийгээд үр ашигтай хамгааллын хэлбэр, менежмент болох юм.

Энэ өвөл урьд жилүүдээс харьцангуй их цас орох төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрээл энгээс мэдээллээ, Цас их орж эрс хүйтэрвэл цагаан зээрийн их сүрэг байгалийн зудын гамшигт хамгийн их нэрвэгдэнэ.

Дээр нь хууль бус замбараагүй агналтад өртөх эрсдэл ч өндөр хэвээр байна. Иймээс хээр талын амьтан цагаан зээрийн тоо хичнээн толгойгоор хорогдохыг хэн ч үл мэднэ.

Өвөл зуд болвол тохиолдвол малчид хэдэн малаа тэжээгээд ч болсон аваад гарах л байх. Цас багатай, билчээр өвс сайтай, нөмөр дулаан газрыг бараадан хаа сайгүй нүүдэллэж амьдардаг, байгалийн зэрлэг амьтан, хэдэн Цагаан зээр минь л эзэнгүй юм шиг хэцүүдэх вий дээ.

Доктор Б.Мичиддорж / Ховор амьтдын судалгаа, менежментийн гүйцэтгэх захирал /

 

 

 

Зураг