Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Лимад Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна

ikon.mn
2014 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

- Албан мэдээ -

НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын ХХ дугаар бага хурал, Киотогийн протоколд оролцогч талуудын Х дугаар бага хурал Перу улсын нийслэл Лима хотод үргэлжилж байна.

Энэ жилийн бага хурлын даргалагчаар сонгогдсон Перу улсын Байгаль орчны сайд Мануэл Пулгар-Видал хурлыг нээж хэлсэн үгэндээ “..энэ удаагийн талуудын бага хурал нь оролцогч талууд болоод бусад байгууллагуудын хооронд хэлэлцээ хийх, итгэлцлийг нэмэгдүүлэх, уур амьсгалын шинэ хэлэлцээрийн суурийг тавихад чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Дэлхийн 200 орчим орны төлөөлөгчид тус бага хурлаар агаарын температурын өсөлтийг 2 градусаар хязгаарлах зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралтыг тогтвортой бууруулах, дасан зохицох арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй технологийн асуудлыг зайлшгүй анхаарах шаардлага байгаа талаар санал солилцож байна.

Энэхүү хурлаар ирэх жил Парис хотноо болох хэлэлцээрийн баримт бичгийн төслийг гаргахыг оролцогч талууд зорьж байна. 

12 дугаар сарын 1-12-ны өдрүүдэд болох тус бага хуралд Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.  

Энэ сарын 8-наас эхлэх дээд хэмжээний уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч  С.Оюун оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.