Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

О.Саранчулуун: Боломжгүй зүйл байдаггүйг харуулахыг хүссэн

Х.Монголхатан
2014 оны 11 сарын 29
Зууны мэдээ

“Би эрүүл саруул, залуу хүн хэр нь юу хийж, бүтээж, амжуулж байна вэ?” гэсэн асуултыг энэ бүсгүйтэй уулзаад гарч явахдаа өөрөөсөө асуулаа. Чин үнэнийг хэлэхэд өөрийгөө голж, өөрөөсөө ичсэн хэрэг л дээ. 13-хан настай жаахан охин байхдаа аюулт өвчнөөс болж өрөөсөн хөлөө тайруулж, 20 жил хиймэл хөлтэй явж байгаа ч сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйл ихтэй, спортлог амьдралаараа бусдад үлгэрлэж буй түүнийг “Өөр мэдээ” онцолж байна.  

АНУ-д болсон марафон гүйлтэд эх орноо төлөөлөн оролцож 42 км зайг 8.15 цагт туулж барианд орсон АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн багш, “Амжилтын хэлхээ” ТББ-ийн тэргүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

 

 

-Таныг АНУ-д болсон марафонд түрүүлсэн тухай сайхан мэдээлэл цахим ертөнцөөр нэлээд явсан. Ямар учиртай тэмцээнд оролцоод ирэв?

-АНУ-д болсон марафон бол 42 км замыг туулах стандарттай олон улсын тэмцээн. Энэ марафонд гүйхээр дэлхийн өнцөг булан бүрээс 70 мянган хүн бүртгүүлсэн ч тэмцээнд 50 мянга гаруй хүн оролцсон юм билээ. Тэднээс 300 орчим хүн тэмцээнээ дуусгаж чадалгүй замын дундаас гарсан.

Харин би хоёр хөтчийнхөө тусламжтай замаа амжилттай дуусгаж барианд орсон учраас бусад дуусгасан хүмүүсийн адилаар  ялагч буюу дуусгагчийн медалиа авсан хэрэг. Би 50300 орчим байрт буюу сүүлээсээ 300 орчимд барианд орсон гэсэн үг. Түүнээс би түрүүлээгүй. Тийм ч боломжгүй. Харин 42 км замыг 10 цагт дуусгана гэсэн тооцоотой байсан ч 8.15 цагт дуусгасан нь надад том амжилт байлаа. Дараагийн удаа дулаан газар уралдаж үзэх, цагаа багасгах зорилготой байна. 

42 км замыг 10 цагт дуусгана гэсэн тооцоотой байсан ч 8.15 цагт дуусгасан

-Тэгэхээр эрүүл хүмүүсийн оролцдог марафонд хиймэл хөлтэй гүйсэн хэрэг үү?

-Тиймээ. Хүмүүс намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафон гүйлтэд түрүүлсэн гэж ойлгоод байна. Хамгийн гол нь 42 км холын зайд эрүүл хүмүүс гүйдэг. Олимпод марафоны төрөлд холын зайнд хөлгүй хүн уралддаггүй.Клиникийн хувьд ч боломжгүй. Хиймэл хөлтэй хүмүүс голдуу холын зайнд урдаа нэг, хойноо хоёр дугуйтай араа нь гар дээрээ байдаг дугуйгаар уралддаг.

Холын зайнд хиймэл хөлөөр гүйнэ гэдэг нэлээд “галзуу” хүмүүсийн хийдэг ажил. Шинжлэх ухаанд хиймэл хөлтэй хүнийг марафонд гүйх боломжгүй гэдэг ч би боломжгүй зүйл байдаггүй гэдгийг харуулахыг хүссэн юм. Мэдээж надаас илүү хоёр хөл нь хиймэл хүмүүс ч гүйсэн байдаг. Гэхдээ их цөөхөн.

-Тан шиг “галзуу” хүн хэр олон байв?

-Марафонд мэргэжлийн ангилал байдаг. Оролцсон хүмүүсээ цуваа болгон хуваадаг. Нью Иоркийн марафонд оролцогсдыг 10, 10 мянгаар нь таван цуваа болгосон. Би хөгжлийн бэрхшээлтэй учраас хамгийн эхний цуваанд 530, Манлай 534 дугаартайгаар Ахилийн  гишүүнээр гарсан.

Эхний 1000 дугаарыг хүндэт гишүүдэд олгодог юм билээ. Тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөтөчтэйгээ нийлээд 250 орчим хүн гараанд гарсан. Тэдэнд дунд буюу манай Ахилийн клубд хиймэл хөлөөрөө уралдсан хүн байгаагүй. Зүгээр нийтийн уралдааны замд миний харснаар хиймэл хөлтэй хоёр хүн  гүйцэж түрүүлээд өнгөрсөн. Тэд бас их хурдан байсан шүү.

 

 

-Марафонд яагаад оролцох болов?

-1976 онд анх удаа Дик Траум гэдэг хиймэл хөлтэй хүн АНУ-д марафонд оролцож тэмцээнээ амжилттай дуусгаж байсан гэдэг. Тэрээр Нью Иоркт байхдаа Ахилийн клубыг байгуулсан нь одоо дэлхийн 35 оронд салбартай олон улсын хүмүүнлэгийн байгууллага болж өргөжсөн. Монголд салбараа байгуулсан ч 10-аад жилийн өмнөөс үйл ажиллагаа нь зогсч Америк дахь төвөөсөө холбоо тасарсан юм билээ.

Өнгөрсөн жил би Нью Иорк хотод Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлж байхдаа санамсаргүй тохиолдлоор Дик Траум гуайтай уулзсан юм. Намайг нийгмийн ажилтан мэргэжилтэй, гүйх сонирхолтойг сонсоод Монгол дахь Ахилийн салбар клубын үйл ажиллагааг  ажлыг дахин сэргээгээч гэсэн санал тавьсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортод уриалан дуудах зорилготой оролцсон.

“Ахилис интернэйшнл” байгууллага бол спортыг ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын амьдралыг дээшлүүлдэг. Дэлхийн олон оронд тэдэнд тусалж буй сайн дурынхны  ухамсар ойлголтыг  дээшлүүлэх, олон нийтэд хандсан нөлөөллийн спортыг хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллага юм.

Гишүүнчлэлтэй бөгөөд тэдгээр нь жил бүр дэлхийн томоохон тэмцээнүүдэд хүндэт гишүүн болж оролцдог. Гар дугуйн төрлөөр Энхманлай, хиймэл хөлтэй учраас миний бие энэ удаад Монголынхоо Ахилисыг төлөөлж энэ марафонд оролцсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортод уриалан дуудаж, өөрөөрөө үлгэрлэх зорилготой оролцсон.

-Марафонд оролцохын зэрэгцээ очсон хотууддаа сайн үйлсийн аян хийж байсан. Хэр үр дүнд хүрэв?

-“Хамтдаа гүйцгээе” аянг эхлүүлж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд ирж  оролцож байсан. Тэднийг хараад хандлагыг нь өөрчилж, эрч хүчтэй байлгаж, нийгэмд гаргаж ирэхийн тулд өөрөө үлгэрлэж уриалья гэж бодсон. Тэр үүднээсээ ч Америк руу явахдаа олон хүнтэй уулзах учир “Марал элч” сангийн нугасны эвэрхийтэй хүүхдүүдийн танилцуулга, “Түгээмэл хөгжил” ТББ-ынхны хийж буй тэргэнцэрийн танилцуулга, “Book cafe Mongolia” зохион байгуулагчдаас ном хандивлах төслийг нь авч явсан.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийн хийсэн 300 ширхэг унагыг “Ээлтэй ертөнц” ТББ-аас хүлээж аваад зургаан чемоданд чихэж хийгээд  ганзагын наймаачин шиг л АНУ руу явсан даа. Нэг унага зарахад л дөрвөн ээжид хөдөлмөрийн хөлс нь очих учир уулзсан таарсан хүн бүрт унагаа худалдсаар маш хурдан зарж дуусгасан. Америкт байгаа монголчууд биднийг маш сайхан хүлээн авч, хандив цуглуулж, дэмжиж тусласан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд татан оролцуулах, тэдэнд өсч хөгжих боломж байгааг та өөрийн биеэр үлгэрлэж байна. Тэдэнд юу гэж зөвлөдөг вэ?

-Хэвлэл мэдээллийг ашиглаж хүмүүсийг уриалах нь зөв боловч хүүхэд залуус руу чиглэсэн боловсрол сургалт сайн хийх ёстой байна. Багш нар, анги танхим, сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварладаггүй орчин бүрдүүлэх хэрэгтэй. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмээс тусгаарладаг нь ажиглагддаг.

Гэтэл бусад оронд ядаж замыг нь, байшин барилгын шатыг, автобус унааны гишгүүр гээд бүгдийг тааруулж зассан байдаг. Үүндээ  ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөрсдийн оролцоо маш өндөр байдаг юм билээ. Тиймээс хэн нэг нь өмнөөс нь хийхийг хүлээхийн оронд өөрсдөө хөгжиж чадварлаг болоод оролцох хэрэгтэй.

-Өнгөрсөн зун та “Хамтдаа гүйцгээе” гэж олон нийтийг уриалж гүйлт зохион байгуулсан. Энэ ажил үргэлжлэх үү?

-Олсон амжилтаараа хэлхээ бий болгоод улам цаашаа явах зорилготойгоор “Амжилтын хэлхээ” гэсэн нэртэй ашгийн бус төрийн бус байгууллага байгуулж, өнгөрсөн зургадугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийгөө дайчилж чаддаг олон залуусыг, тэдэнд тусладаг сайн дурынхныг тусгайлан бэлдэж, олон улсын тэмцээнд оролцуулж, шинэ тамирчин төрүүлэх зорилготой.

Мөн түүнчлэн “Let’s run Mongolia” спортын төсөл маань удахгүй клуб болно. Фэйсбүүк групт 3000 орчим гишүүн байна. Эдгээрээс идэвхтэй гүйгч 600 орчим байгаа. Бүгд эрүүл хүмүүс. “Let’s run Mongolia” клуб маань зуны улиралд хүмүүсийг уриалж гүйх юм. Харин өвөл бид “Хамтдаа гулгацгаая” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хамтдаа гулгахыг хүсч буй хүмүүст Олон Улсын Хэмжээний Мастер, Алдар спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин Д.Дэлгэрмаа анхан шатны зөвлөмж сургалтыг өгөхөөр ярилцсан. Ер нь бид цаашдаа спортын олон төрлийг хүмүүст таниулсан, уриалсан , заан сургах ажлуудыг явуулна.  

Энэ дашрамд би спортын мундагчуудыгаа хамтран ажиллахыг уриалмаар байна. Та чаддаг зүйлсээ бусдадаа үлгэрлээд заагаад өгвөл таныг хэчнээн хүн дууриаж эрүүл амьдралын хэв маягт татагдах болоо. Харин хүмүүс өөрт таалагдсанаа сонгоод хичээллэх бизээ. Ээж, аав нь хийгээд эхэлбэл хүүхэд нь дуурайна, ах дүүс, найз нөхөд хамт ажиллагсад нь дагана шүү дээ.

 

 

-Спортоор хичээллэх нь эрүүл мэндийн хамгийн чухал найз. Гэхдээ та хиймэл хөлтэй хэр нь гүйх болсон нь ямар шалтгаантай байв?

-Би спортын хүн огт биш. Ёстой хөл хөндий зүйлийн нэг байлаа. Хөл муутай гээд биеийн тамирын хичээлдээ ч ордоггүй байсан. 13 наснаасаа хойш 20 жил хиймэл хөлтэй амьдарч байна. Миний Монголд хийлгэсэн хиймэл хөл гүйх байтугай өдөр тутмын амьдралд ч түүртдэг байсан. Харин өнгөрсөн жил Америкт сурч байхдаа “Хиймэл хөлөн дээр гүйгчид” холбооны вэб сайтыг олж үзсэн юм. Тэнд гүйлтийн хөл авмаар байвал апликэйшн бөглө гэсэн байсан.

Би бөглөөд явуултал анх удаа монгол хүн Нью Иоркоос холбогдлоо гээд намайг маш дуртай хүлээн авч хиймэл хөл хийж өгсөн. Тэгээд л өнгөрсөн тавдугаар сараас гүйлтийн хөлтэйгөө бага багаар гүйж эхэлсэн. Түүнээс хойш хүмүүсийг уриалан нийтдээ 20 удаа бямба гаригт гүйсэн байна. Зургаан сарын дараа марафонд амжилттай оролцоод ирлээ. Гүйлтээр хичээллэхэд ямар ч нэмэлт хэрэгсэл шаардлагагүй. Дэлхий дээр хамгийн олон хүн хичээллэдэг спорт.

Хүний суурь тэвчээрийг сайжруулдаг учраас бүх төрлийн спортын бэлтгэлд гүйлт ордог.  Мөн гүйж байхад сэтгэл санаа сэргэж, хийх гэсэн ажлуудаа тархиндаа цэгцлэх боломж олддог. Миний сонссоноор алдартай бизнесменүүд гүйж байхдаа шилдэг санаануудаа олсон гэж их ярьдаг шүү. Удаан хугацаанд аажуухан гүйхэд сэтгэл санаа тайвшраад орчноос тасарч, бараг л нэг төрлийн бясалгал шиг байдаг.

 

 

-МУИС-ийг бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. Израйл улсын Ирусалемийн их сургуулийн нийгмийн эрүүл мэнд судлаачаар магистр хамгаалсан. АНУ-ын Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлэх нэг жилийн курст зочин судлаачаар суралцаад ирсэн. Одоо хүний зан үйлийн чиглэлээр докторантурт сурч байгаа. АШУҮИС-ийн Зан үйл, нийгмийн эрүүл мэндийн багшаар ажилладаг гээд таны намтар хөврөх юм. Ийм олон сургуульд сурч төгсөхөд танд хэн тусалж байв?

-Мэс засалд орсныхоо дараах хоёр жил тэргэнцэр дээр сууж, суга таягтай явсан. Харин хөлөө эдгэхээр нь хиймэл хөл хийлгэсэн. Сургуулиасаа шилжсэн байхдаа өвдөж, хөлөө тариулсан болохоор хоёр жил гэртээ байсан. Энэ хугацаанд миний эмээ, ээж хоёр бүгдийг хийсэн.

Хөлөө алдсан болохоос толгойгоо алдаагүй хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн толгойдоо мэдлэгтэй байх хэрэгтэй.

Надад байнга ном авч өгнө. “Хөлөө алдсан болохоос толгойгоо алдаагүй шүү. Чи хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн толгойдоо мэдлэгтэй байхгүй бол хэн ч чамайг харж үзэхгүй. Чи бусдаас нэг юмаараа дутуу байгаа бол хоёр зүйлээр илүү байхыг хичээ” гэж хэлдэг байсан учраас зөвхөн хичээлээ л хийдэг хүүхэд байлаа. Намайг үргэлж магтаж урамшуулдаг, айлын том учраас би өөртөө итгэлтэй болсон юм болов уу.

Хоёр жилийн дараа 81 дугаар сургуульд ороход тэр сургуулийн багш нар, манай ангийнхан намайг үнэхээр сайхан угтсан. Ангийн багшаас эхлээд л тэнд миний хамт олны дундах шинэ амьдрал эхлүүлж чадсан олон хүн бий. Онц сурдаг, бусдыгаа уриалсан олон ажил хийдэг идэвхтэй болохоор хөлгүй гэдгээ ч нэг их онцолдоггүй байв. Найзууд маань намайг харин ч гурван хөлтэй хүн шиг гэж урамшуулна. Найз нөхдийн минь тус дэм сайхан сэтгэл надад нөлөөлсөн.

-Гэр бүлийн хүнтэйгээ хаана танилцсан бэ?

-Ханьтайгаа амьдраад  таван жил болж байна. Израйлд суралцаж ирснийхээ дараа танилцсан. Тэр маань хүнийг их хүндэлдэг, их зөөлөн, сайхан сэтгэлтэй, бас маш гайхалтай сайн найз.

Нөхөр маань АНУ, Хятадад олон жил сурч байсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараад цочирддог, эсвэл өрөвддөг, онцолдог хуучинсаг зарим хүнээс тэс өөр. Тэр соёл нь надад их таалагдсан. Бас  намайг маш сайн ойлгож, миний сул тал дээр өө хараад байдаггүй, нэг бодлын их амар хүн шүү. 

-Таныг харж, танаар үлгэрлэж байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүн өөрийгөө хэзээ ч 100 хувь дайчилж чаддаггүй юм билээ. Тиймээс залуусаа ядаж 10-хан хувь өөрийгөө дайчлаад үзээрэй, үр дүнд заавал хүрнэ шүү гэж хэлмээр байна. Спортоор хичээллээрэй. Бидэнтэй хамтрах хүмүүст манай төрийн бус байгууллагын хаалга нээлттэй.

Зураг