Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Ойлгомжгүй” нийтийн тээвэр-2

Х. Батсайхан
2014 оны 11 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Одоогоос жил гаруйн өмнө “Ойлгомжгүй нийтийн тээвэр” гэсэн гарчигтай нийтлэлдээ энэ салбарт хийх ёстой нэг ажил болох автобусны буудлын асуудлыг хөндөж байлаа.

Тухайн үед автобусны буудал гэж бараг байхгүй, хүмүүс зогсоол дээрээс ямар ч мэдээлэл авах боломжгүй байдалтай байлаа. Тиймээс “Нийтийн тээврийн үйлчилгээ хэр зэрэг хөгжсөнийг гадны хүнд хэрхэн үйлчилж байгаагаар нь тодорхойлж болмоор санагдана. 

Бүр тодорхой хэлбэл, тухайн хотод нэг ч удаа ирж байгаагүй хүн нийтийн тээврийн үйлчилгээг саадгүй авч, хүрэх газраа саадгүй хүрч чадаж байвал сайн. Хаа газрын Жон Улаанбаатарт ирээд зогсоол дээрээс мэдээлэл авч очих газар руугаа нийтийн тээврийн хэрэгсэл ашиглаад хүрчихэж л байвал боллоо” хэмээн бичиж байв.

Нар, борооноос хоргодох саравч гэхээс бус нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжгүй хэвээрээ л байна.

Түүний дараа автобусны буудлыг шинэчлэх тал дээр тодорхой алхмууд хийгдэж эхэлсэн. “JCDecaux” группийн Монгол дахь салбар Худалдаа хөгжлийн банкны охин компанитай хамтран орчин үеийн шийдэлтэй ухаалаг буудлуудыг барьж байгуулах гэрээг өнгөрсөн зургаадугаар сард байгуулж байлаа. Огт байхгүй байсныгаа бодвол өнгөлөг нийтийн тээврийн зогсоол байгуулагдаж эхэлсэн. Гэвч шинээр баригдсан зогсоолууд нь “Оргүйд орвол охинтой” гэдэг шиг чамламаар болжээ. 

Нар, борооноос хоргодох саравч гэхээс бус нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжгүй хэвээрээ л байна.

Харин эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл, жүүс ундааны зураг нэлэнхүйд нь наасан байгааг харвал шинэ зогсоолыг барихдаа нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлага гэхээсээ илүү сурталчилгаа байршуулж мөнгө олох талд илүү анхаарч дээ гэмээр санагдана. 

“JCDecaux” компанийн барьж байгуулах буудал нь “Байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт “SIDE-RAY LED” гэрэлтүүлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй, иргэдэд зориулсан үнэгүй интернетийн WIFI төхөөрөмж суурилагдсан, автобусны чиглэл, ойр орчмын гудамжны мэдээллийг агуулсан болон сурталчилгааны зориулалт бүхий мэдээллийн самбартай байна” гэж сурталчилж байсан. 

Ийм сайхан буудлууд нь хэзээ баригдах юм бол... Геологийн төв лаборатори, Дөрөвдүгээр дэлгүүр гэх мэт зогсоолд байгуулсан буудлуудыг харвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх аудио төхөөрөмж битгий хэл автобусны чиглэлийн мэдээлэл ч алга.

Нэг л их эрээн мяраан саравчууд баригдсан ч микро автобусны кондуктор /том оврын автобусных ч ялгаагүй/ нь чанга чанга хашгиран зарладаг хэвээрээ, зорчигч иргэд нь “эргүүтсэн төлөг” шиг “Толгойтын автобус энд зогсдог уу”, “Мэдэхгүй ээ”, “Би бас Толгойт орно” гэлцэн зогсдог нь хэвээрээ байна. Зогсоол барьсан ч мэдээллийн самбар байхгүй юм чинь аргагүй шүү дээ. 

Автобусны буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх аудио төхөөрөмж, автобусны чиглэлийн мэдээлэл алга.

Социализмын үед автобусны буудлын хажууд тухайн зогсоол дээр хэддүгээр чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл зогсохыг харуулсан жижиг самбар байрлуулсан шон байдаг байлаа. Иргэд самбар руу нэг хараад л очих газар руу нь хүргэх нийтийн тээврийн хэрэгсэл уг буудал дээр зогсдог эсэхийг мэдчихнэ.

Гэтэл “дэлхийтэй хөл нийлүүлж яваа” гэж аархдаг 20 жилийн дараах Монгол Улсын нийслэлийн автобусны зогсоолоос ийм мэдээлэл авах боломж алга. Нийтийн тээвэр бол нийслэлийн хөгжлийг харуулах чухал салбар байтал ямар ч эмх цэгцгүй хэвээрээ байна. Сэдэв маань нийтийн тээвэр биш автобусны зогсоол учраас ингэсхийгээд зогсох ёстой болж байна. 

Гэхдээ микро автобусаа шахаж чаддаггүй юм аа гэхэд ядаж албан ёсоор шугам аваад үйлчилж байгаа чиглэлүүдийнхээ мэдээллийг зогсоол дээрээ байрлуулчихмаар байна шүү дээ. Автобусны буудалд сурталчилгаа байрлуулсан компаниуд өөрсдийн хөрөнгөөр зогсоол барьсан уу, аль эсвэл хэн нэгэн сүйхээтний бизнес үү.

Зураг