Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ичинноров: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн хамгаалалт хүсдэг

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN

Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровтой ярилцлаа.  

-Монгол Улсад өмнө нь огт байгаагүй Гэрч, хохирогчийг хамгаалах тухайн хууль батлагдлаа. Энэ хуулийг батлах шалтгаан нөхцөл нь юу байв?  

-Аливаа гэмт хэргийн гэрч, хохирогчийн аюулгүй байдал ямар нэгэн эрсдэлд байгаа бол төрийн нэрийн өмнөөс хамгаалах шаардлагатай байдаг. Гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны эрсдэлд ордогоос болоод эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаад оролцохдоо хойрго хандах, дарамтлуулах, мэдүүлгээсээ буцах тохиолдол гардаг. 

Хохирогчийн эрхийг хамгаалах төвөөс 2010 онд хийсэн судалгаагаар гэрч, хохирогчийг сүрдүүлэх, дарамтлах, хуурч мэхлэх, мөнгө өгөх, ятгах, заналхийлэх явдалд гарсаар байгааг тогтоосон. Үүний үр дагаварт мэдүүлэг өгөхгүй байх, худал мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдах, амиа хорлох зэрэг үйлдэл гарсан байдаг.  

Энэ нь гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн орчин шаардлагатай байгааг харуулж байгааг хэрэг юм. 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гэрч, хохирогчийг хамгаалах төрийн тогтолцоог бий болгоно гэж тусгасан. 

Үүний дагуу 2013 оны долдугаар сарын 5-нд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсан. Энэ хуулинд гэрч, хохирогчийг хамгаалах тусгай нэгж нь Тахарын албанд харьяалагдана гэж заасан. Энэ дагуу манай алба үйл ажиллагаагаа явуулж байна. 

-Гэрч, хохирогчийн хамгаалах газраас ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Хуульд заасан арга хэмжээнүүдийг бүрэн ашиглаж байгаа юу? 

-Манайхаас гадна цагдаа, тагнуул, АТГ, шинээр байгуулагдах Мөрдөх алба гээд таван байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх субъект гэж хуульд заасан.  

Манай дээр тодорхой нэгж байгуулагдаад ажиллаж байна. Гэрч, хохирогчийг хамгаалах газар маань Аюулгүй байдлын хэлтэстэй. Энэ хэлтэст хамгаалалтын тусгай бүлэг, мэргэжлийн туслалцаа үзүүлэх багууд ажиллаж байна. 

Хүчин, хүний наймаа, хар тамхитай холбоотой гэмт хэргийн гэрч, хохирогчдийг хамгаалалтдаа аваад байна

Биечилсэн хамгаалалтууд, аюулгүй газар түр байрлуулах, шаардлагатай тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг солих зэрэг олон төрлийн хамгаалалтын төрлүүд бий.  

Дарамталж, заналхийлээд байгаа этгээдэд урьдчилан сануулах, мэс заслын бус аргаар гадаад төрх өөрчлөх гэх мэтчилэн арай хөнгөн төрлийн хамгаалалтын төрлүүд ч байдаг. Мөн хууль зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. 

-Хувийн мэдээллийг солино гэж байна. Тэгэхээр тухайн гэрч, хохирогчийн иргэний үнэмлэхийг ч юм уу хувийн мэдээлэл агуулсэн бичиг баримтыг солино гэсэн үг үү? 

-Онцгой тохиолдолд энэ хамгаалалтын аргыг хэрэглэнэ. Яагаад гэвэл хувийн мэдээллийг өөрчлөнө гэдэг маш том асуудал. Тэр болгон хэрэглээд байхааргүй хүнд төрлийн хамгаалалт юм. Энэ төрлийн хамгаалалтыг зөвхөн шүүгчийн шийдвэрээр хийдэг. 

-Ямар төрлийн гэмт хэргийн гэрч, хохирогч танайд хандаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш хэдэн хүнийг хамгаалатад авч туслалцаа үзүүлсэн бэ? 

-Дийлэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалалт хүсдэг. Мөн хүчин, хүний наймаа, хар тамхитай холбоотой гэмт хэргийн гэрч, хохирогчдийг хамгаалалтдаа аваад байна. Одоогийн байдлаар гэрч, хохирогчийн гэр бүлийн гишүүдтэй нь нийлээд 30 гаруй хүнд хамгаалах туслалцаа үзүүлээд байгаа
-Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг хүүхэд, эмэгтэйчүүд танай байгууллагатай хэрхэн холбогдож хамгаалалт хүсэх вэ? 

-Хүчирхийллийн эсрэг төвөөс жил бүр хийдэг судалгаагаар гурван эмэгтэйн хоёр нь гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгааг тогтоосон байдаг. Манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийлэл өндөр хувьтай байдаг нь энэ судалгаанаас харагдах байх. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг 107 дугаарын утсанд, насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой мэдээллийг 108 дугаарын утсаар авч байгаа. Дуудлагын дагуу тухайн газарт цагдаа очиж ажиллаад, шаардлагатай тохиолдолд манайд хандана.