Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчидтэй уулзлаа

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгч томоохон компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, СЕО клубээс зохион байгуулсан энэхүү уулзалтад 70 гаруй компанийн удирдлагууд оролцсон байна. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ Засгийн газрын гол бодлого нь өнөөгийн хямралыг давах, эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдэж байгаа” гэсэн. 

Мөн “Засгийн газраас бизнесийг дэмжсэн прагматик бодлого хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл боловсруулсан дүрэм журмын тоогоор биш үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн хэмжээгээр ажлаа үнэлнэ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ чиглэлээр бодлогын хэд хэдэн шийдвэр гаргаж, яам агентлагуудад үүрэг өгсөн.

 Татвар, гаалийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт хийнэ

Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн үндэсний зөвлөл ажиллуулж, эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдээ хамтран хэрэгжүүлнэ. Макро эдийн засгийг тогтворжуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчныг сайжруулах, бүтээн байгуулалт болон гадаад худалдааг идэвхжүүлэх чиглэлээр хувийн хэвшлийнхний санал санаачилгыг төрийн бодлогод тусгах энэ зөвлөлд ажиллах төлөөллөө санал болгох боломж нээлттэй” гэж Ерөнхий сайд хэллээ.

Цаашид ийм төрлийн уулзалтыг банк санхүүгийн салбарынхан, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, экспертүүдийн түвшинд үргэлжлүүлэх аж. 

Түүнчлэн хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилдог төрийн хүнд суртал, шат дамжлагыг халах 10-аад хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм.

Үүнээс гадна татвар, гаалийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт хийнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. 

Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөл Ерөнхий сайд улс төрийн бүх намыг Засгийн газартаа урьсан нь маш зөв алхам болсон, нам фракциудаас ангид мэргэжлийн Засгийн газар, эдийн засгийн зөвлөлийг байгуулан ажиллуулах нь оновчтой шийдэл гэж үзэж байгаа илэрхийлсэн байна.