Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ногоон хөгжлийг бодлогын таван чиглэлээр хөгжүүлнэ

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргалтай ярилцлаа.

-Ногоон хөгжлийн бодлого гарах болсон шалтгаан юу вэ?

-Монгол Улс олон хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа ч эдгээрийн уялдаа, хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, ядуурал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ түүнд нөлөөлдөг эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлтэй нь холбож, харилцан хамааралтай төлөвлөж, хэрэгжүүлээгүй ирсэн.

Энэ бодлогын төлөвлөлтийг ногоон хөгжлийн бодлого хангах зорилготой. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийг хангах нэг арга зам болгон Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг тэнцвэртэй шийдвэрлэдэг болох юм.

-Эдийн засгийн өсөлтийг хангах бодлоготой хэрхэн уялдах вэ?

-Ногоон хөгжлийн асуудал нь зөвхөн байгаль орчныг хамгаалах бус эдийн засгийн хөгжлийг тогтвортой хангах нөөц буюу экосистемийн үр өгөөжийг үнэлж, урт хугацаанд хадгалахын зэрэгцээ хүний сайн сайхны төлөө хөгжлийн үр ашгийг зарцуулах зорилготой юм. Ингэснээр эдийн засгийн өсөлт зөвхөн тооны хувиар бус чанарын хувьд үр дүнтэй болно гэсэн үг.

-Ногоон хөгжлийн бодлого батлагдаад хэдэн сарын нүүр үзэж байна. Хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр голлон юун дээр анхаарч байна вэ?

-Энэ асуултанд хариулахын өмнө бяцхан оршил хэлье. Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудал өөрөө нэг улсын бус нийт дэлхий дахины асуудал. Тиймээс олон улстай хамтран ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд ногоон хөгжлийн асуудлыг тусган хэрэгжүүлэх шаардлагатай юм.

2012 онд болсон Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний чуулганаас НҮБ-ыг ногоон хөгжлийн чиглэлээр улс орнуудад дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Нөгөөтэйгүүр, олон улсын байгууллага, хандивлагч улс орон ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгох болсон. Ийм таатай үед манай улс Ногоон хөгжлийн бодлогоо УИХ-аар баталж, хэрэгжүүлэх болсон нь олон улсын дэмжлэгийг авч эхэлсэн.

НҮБ-ын дэргэдэр дөрвөн байгууллагын гаргасан “PAGE буюу Ногоон эдийн засгийн түншлэл” санаачлагын хүрээнд дэмжлэг авч байгаа анхны улсаар Монгол маань сонгогдож, ногоон хөгжлийн таван чиглэлд үйл ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

-Сайхан мэдээ байна. Тэдгээр 5 чиглэлийг илүү тодруулж ярина уу?

-Ногоон худалдан авалт, ногоон барилга, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт, тогтвортой хөгжлийн боловсрол, хог хаягдлын менежментийг сайжруулах гэсэн таван чиглэлээр ажиллаж байна. Юун түрүүн Монгол Улсад ногоон худалдан авалтын зарчмыг бий болгох судалгааны ажлыг хийж эхэлсэн. Сангийн яамтай хамтран ногоон худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчны судалгааг хийхээр төлөвлөж байна.

Ногоон бүтээгдэхүүн гэж чухам ямар бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлох, тэдгээрийн Монголын зах зээлд нийлүүлэгдэж байгаа хувь, хэмжээ, дотдоодоо үйлдвэрлэх боломжит бүтээгдэхүүний хувь хэмжээ зэрэг хэрэглээний маркетингийн судалгааг хийнэ.

Ингэснээр Монгол Улсад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээ байгаль орчинд ээлтэй байх, дотоодод ажлын байрыг бий болгосон, нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд чиглүүлэх эхний алхмыг хийхээр зорьж байна. Үүний цаана хүнсний аюулгүй байдалд нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт бий болно гэж бид харж байгаа. Бүр цаашлаад Монгол Улсын үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлж болох ач холбогдолтой юм.

-Ногоон барилгын чиглэлээр томоохон ажил эхэлсэн гэж сонссон. Чухам ямар сайн эхлэл бэ гэдгийг сонирхож байна?

-Нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай барилгын зураг гаргах буюу ногоон барилгын үнэлгээний систем боловсруулах судалгааны ажлыг эхлээд байна. Энэ нь зөвхөн эрчим хүч бус бусад нөөцийг хэмнэлттэйгээр тухайлбал, хур, борооны усыг хуримтлуулах сантай, барилгын материал нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, усыг эргүүлэн ашигладаг, цэвэрлэдэг, түүнчлэн зах зээлийн үнэ нь хямд, цаашид ашиглахад ч өртөг хямд байх чиглэлээр судалж, ногоон барилга гэдгийг тогтоох, үнэлэх систем бий болгоно.

Гурав дахь нь ногоон эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах. Энэ ажлыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас дэмжиж байгаа. Үндэсний статистикийн хороотой байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг үндэсний тооцооны системд суулгах ажлыг эхлүүлсэн.

Байгаль орчны статистик мэдээллийг боловсронгуй болгосноор Монгол Улсын ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт гарах боломжтой. 

Ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг боловсруулахын тулд эхлээд байгаль орчны статистик мэдээллийг цуглуулж, бодлого боловсруулахад ашигладаг мэдээллийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс байгаль орчны статистик мэдээллийг боловсронгуй болгоход Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Байгаль орчны статистик мэдээллийг боловсронгуй болгосноор Монгол Улсын ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт гарах боломжтой болно.

- Ногоон эдийн засгийн боловсрол бол маш чухал санагдлаа. Учир нь хүн зөв мэдлэг, мэдээлэлтэй бол зөв шийдвэр гаргана. Хувь хүний, олон нийтийн хандлага зөв байвал хөгжил хурдан явагдах болов уу?

- Тиймээ, санал нэг байна. Ногоон эдийн засгийн боловсролыг дэмжих нь маш чухал. Бодлогын шийдвэр гаргахдаа ногоон хөгжлийн асуудлыг бусад зүйлтэй уялдуулахгүй бол хэрэгжилтийн шатандаа зөрчил гарах, хоцрох учраас гол зорилтот бүлгээр юун түрүүн шийдвэр гаргагчдыг сонгосон.

Тиймээс шийдвэр гаргагч, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүдийн ногоон эдийн засгийн бодлогын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Мөн сэтгүүлчдэд зориулсан сургалт явуулж, тэднээр дамжуулж олон нийтэд ногоон эдийн засгийн ойлголтыг зөв талаас нь хүргэх зорилт тавьж байна.

Үүнээс гадна Хог хаягдлын менежментийг боловсронгуй болох талаар анхаарч ажиллана. Бид Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөр боловсруулаад ажилладаг ч бусад салбарын оролцоо хангалтгүй байдаг. Тиймээс энэ оны аравдугаар сард УИХ-аар батлуулсан Хог хаягдлын менежментийг сайжруулах Үндэсний хөтөлбөртөө салбар яам өөрсдийн чиглэлээр гарч байгаа хог хаягдлыг боловсруулах чиглэлээр үйл ажилагаагаа төлөвлөх талаар оруулсан. Мөн хог хаягдал хаана илүү үүсч байгааг бодитой тогтоон мэдээллийн санг боловсронгуй болгох нь чухал байна.

- Ногоон хөгжлийн бодлого нь салбар дундынх гэж ойлгогддог. Танай яам бусадтайгаа хамтран, харилцан уялдаатай ажиллаж байж энэхүү бодлогын баримт бичиг хэрэгжинэ. Энэ талаар?

- Тиймээ. Анх боловсруулж байхдаа л нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн яамдын санал бодлыг авч, зарим нь ажлын хэсэгт орж идэвхтэй ажилласан. Харин өнөөдрийн хувьд бодлого, шийдвэр гаргагчдад болон хамтран ажиллах шаардлагатай байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, бодлогоо таниулж, үйл ажиллагаагаа уялдуулах талаар харилцан ярилцаж байна. Удахгүй бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийг сайжруулах НҮБХХ-ийн төслийн хүрээнд орон нутагт сургалт хийнэ. 

- Ер нь манай улс ногоон хөгжилтэй орон болохын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах байх даа. Үүнийг тооцоолох боломжтой юу?

- 2013 оноос эхлэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас хөгжлийн бодлогын Т21 урт хугацааны загварчлал гаргаж, төлөвлөлтөд ашиглахаар ЭЗХЯ-тай хамтран ажилласан. Энэ загварт ногоон хөгжлийн үзүүлэлтүүдээ тусгаад ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж ногоон эдийн засагт хүрэх боломжтой вэ гэсэн асуултад хариулт авахаар зорьж байна.

Загварчлалын үр дүнд сонирхолтой бодлогын чиглэл гарна гэж найдаж байгаа. Өөрөөр хэлбэл, аль салбарт илүү хөрөнгө оруулалтыг хийвэл ногоон хөгжлийг хурдасгах боломжтой вэ гэдэг төлөвлөлтөд зориулагдсан урьдчилсан мэдээлэл эндээс гарна гэж тооцоолж байна. Хамгийн том ач холбогдол нь бодлогын шийдвэр гаргахад суурь мэдээлэл болж өгнө.