Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэдлэгийн эдийн засаг хүний толгойд байдаг зүйлийг мөнгө болгодог"

ikon.mn
2014 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.
 
-Монголд хэчнээн шинжлэх ухааны эрдэмтэн байна вэ?

-Энэ салбарт бүтэн орон тоогоор ажилладаг 1500 гаруй хүн байна. Үүнээс 30 хувь нь буюу 500 гаруй нь эрдмийн зэрэгтэй. Манай улс нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор Ази тивийн улс орнуудын дунджаас гурав дахин бага байна.

Судлаачдын тоог цөөлөх асуудлыг шийдвар гаргагчид ярилцдаг.

Судлаачдын тоог цөөлөх асуудлыг шийдвар гаргагчид ярилцдаг. Харин эсрэгээрээ ойрын жилүүдэд 1500 эрдэм шинжилгээний ажилчдаа 4-5 мянгад хүргэж байж тэднээс гарах бүтээл нэмэгдэх боломж бүрдэнэ. Тэгэхээр бүтээлийн чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийн тоог ч нэмэгдүүлэх шаардлагатай. 

-Шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Манай салбарын боловсон хүчний чадавхи хөгжиж байна гэж ойлгож болно. Гэхдээ хөрөнгө санхүүгийн хувьд анхаармаар зүйл бий. Удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа шинжлэх ухаан, технологийн талаархи бодлогод 2024 он гэхэд салбарын зардлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд гэсэн зорилт дэвшүүлээд байна. Энэ их сайн зорилт.

2014 оны байдлаар шинжлэх ухаан, технологийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 0.17 хувийг өгсөн. Ийм бага мөнгө өгдөг улс гэж байхгүй. 2013 оны байдлаар Ази тивийн улс орнуудын дундаж нь хоёр хувьд хүргэсэн. Манайх дэлхийн жишгийг дагаж шинжлэх ухаанаа хөгжүүлэхгүй бол олон улсын хөгжлийн төвшнөөс бүр их хоцорно. Өөр нэг асуудал нь шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаанд оролцоог нэмэгдүүлэх ёстой. Энэ салбар зөвхөн төсвийн хөрөнгөөр явж байна. Дэлхийн орны жишиг салбарын арга хэмжээний зардлын 60-70 хувь нь үйлдвэр, бизнесийн салбараас, 35 хувь нь төрөөс гардаг. Манайх энэ жишиг рүү явах ёстой.

Үйлдвэр, бизнесийн салбараас шинжлэх, ухаан, технологид оруулж байгаа хөрөнгө, мөнгийг элдэв татвараас чөлөөлөх, нэмэлт урамшуулал олгох замаар оролцоог нэмэгдүүлж болно. Өндөр хөгжиж байгаа улс орны жишиг нь мэдлэгийн эдийн засгийг бий болгодог. Мэдлэгийн эдийн засаг гэдэг бол хүний толгойд байдаг зүйлийг мөнгө болгоно. Манай улс яг үүний эсрэг, уулыг ухаж ачаад хил давуулж, зардаг эдийн засагтай. 

-Эрдэмтдийн бүтээлийг амьдралд ойрхон болгох тал дээр юу хийдэг вэ?

-Монгол Улс дэлхийн шинжлэх ухааны салбарт өөрийн гэсэн орон зайг эзэлж байна. Энэ бол Монголын суурь судалгааны салбарт ажилладаг эрдэмтэд авьяаслагаас гадна их хөдөлмөрлөж байгаагийн тэмдэг.

Саяхан Монгол бахархлын өдрөөр "Чингис хаан" одонгоор шагнуулсан Х.Намсрай академич бол цэвэр онолын физикийн хүн. Монголын шинжлэх ухааныг авч яваа хэсэг нь үнэндээ суурь судалгаа хийдэг эрдэмтэд байдаг. Харамсалтай нь, сүүлийн үед онолын судалгааны хувь, хэмжээг нь багасгаад практикт чиглэсэн судалгааг нэмэгдүүлэхийг ярьдаг хүмүүс байна. Энэ бол буруу чиг хандлага. Аливаа улс орны хүмүүсийн сэтгэлгээний төвшинг тодорхойлж өгдөг зүйл нь онолын судалгаа.

Үүнийг багасгахгүй, харин нэмэгдүүлээд дээр хэрэглээний судалгаандаа мөнгө хаяж явах ёстой. Заавал нэгийг нь хаяж, нөгөөг нь дэмждэг хоцрогдсон арга барил байж таарахгүй.