Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Архины хяналтын хуулийг лоббидох гэж оролдох биз, гэхдээ бид лоббид автахгүй

Б.Өнөртогтох
2014 оны 11 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-аар хэлэлцэгдэх нь хэмээн удтал хүлээгдсэн Согтууруулах ундааны хяналтын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Тиймээс энэ удаагийн “Чухал сэдэв” буландаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг урьж ярилцлаа. Тэрбээр, эдгээр хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, эмэгтэй гишүүдийн хамт дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм. 
 

-Согтууруулах ундааны хя­нал­­тын тухай хууль удаан ху­­га­цаанд хүлээлт үүсгэлээ. Хуу­­­­лийн төслийн гол ач хол­богд­­­лын талаар яриагаа эхлэх үү? 

-Өргөн баригдахад бэлэн болсон нь өнгөрсөн тавдугаар сар. Нэлээд удаан хүлээж байж өнөөдөр /өчигдөр/ барилаа. Хуулийн төсөл сүүлийн гурван жил яригдсан. Энэ хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулж эхэлсэн. Олон улсын экспертүүд оролцсон, өргөн хүрээнд бэлтгэгдэж байгаад Хууль зүйн яам руу шилжсэн. 

Миний хувьд Хууль зүйн яамны ажлын хэсэгтэй хамтарч хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэсэн байгаа. Хууль зөвхөн миний санаа биш. Гадаадын нэлээд олон улс орны туршлага судлаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тө­лөө­лөг­чид ч мөн саналаа оруулж бо­ловсруулсан том хэмжээний хууль. Хууль гарах болсон шалтгааныг энд ярих хэрэггүй байх. 

Хууль нь сул уч­раас бизнес хийх гэсэн, ашиг олох гэсэн сонирхол манайхыг чиг­лэх нь их

Ар­хидалт хэрээс хэтэрсэн, архи­тай холбоотой гэмт хэргийн га­ралт, зам тээврийн осол, гэр бү­лийн хүчирхийлэл нэмэгдэж бай­гаа учраас хууль нийгмийн хү­лээлт байсан. Манайд Архидан сог­туурахтай холбоотой хууль хэ­рэгжээд бараг 10 гаруй жил бол­сон. Харамсалтай нь энэ хууль амьд­ралд хэрэгжихэд төвөгтэй, тунхаглалын шинжтэй байдаг. Хуу­лийг нарийвчилсан байдлаар өөрч­лөх зайлшгүй шаардлага бий бол­сон учраас хуулийн төслийг бо­ловсруулсан.

Дэлхий нийтээр ар­хи тамхитай тэмцэж, бусад улс ор­нууд архитайгаа тэмцэх чамбай хуу­лиуд боловсруулчихсан бай­гаа юм. Архины хэрэглээ өндөр улс орнууд архитай тууштай тэм­цэж эхэлсэн байна. Хууль нь сул уч­раас бизнес хийх гэсэн, ашиг олох гэсэн сонирхол манайхыг чиг­лэх нь их байгаа. Манайх Там­­­хины хяналтын тухай хуу­лиа чан­гаруулсан учраас гад­наас чиг­­лэж байсан тамхины бизне­сийн урсгал харьцангуй гайгүй бол­чихлоо. 

-Хуулийн төсөлд архитай хол­боотой бүх асуудлыг зохи­цуулахаар тусгасан уу? 

-Зөвхөн бүтээгдэхүүний тухай хөндөнө. Архидан согтуурахтай холбоотой асуудал нэлээд олон хуулиар зохицуулагддаг учраас энэ хуулиар бүтээгдэхүүнээ голлож үзэх нь зүйтэй юм гэж үзсэн. Бү­тээгдэхүүнийг үйлдвэрлэх, им­портлох, худалдаалах, үйлч­лэх буюу үйлдвэрээс гараад хэ­рэг­лэг­чид хүрэх хүртэлх сүл­жээнд тавих хяналтыг энэ хуу­лиар зо­хицуулна. Үйлдвэрлэл дээр та­виг­дах хяналтыг өөрөөр хар­сан. 

Өнөөдөр 93 аж ахуйн нэгж ар­хи, спирт үйлдвэрлэж байна. Энэ тоог багасгана. Ямар ч хязгаар­лалт­гүйгээр архи үйлдвэр­лэж бай­гаа учраас хяналтыг чангат­га­на. Хяналт муу байна гэдэг нь чанаргүй архи гарах нөхцөл болно. Цаашлаад татвар төлөхгүй бай­гаа. Тиймээс архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газ­­раас олгодог байхаар тусгаж өг­лөө. Спиртийн хэмжээнд квот тог­тоож Засгийн газар өөрөө ба­рих ёстой. 

Жилдээ гарч бай­гаа спиртийн хэмжээнд квот тогтоо­чихоор үйлдвэрлэх спирт­ээс хэдэн жил архи гарах вэ гэ­дэг нь ойлгомжтой болчихно. Ху­далдаалах эрх нээгдсэн 7500 гаруй аж ахуйн нэгж байгаа. Бид­ний нэрлэж заншсанаар найман нэ­рийн барааны дэлгүүр болгон архи худалдаалж байна. 

Спиртийн хэмжээнд квот тог­тоож Засгийн газар өөрөө ба­рих ёстой. 

Тиймээс тоог цөөрүүлж, архи зардаг тусгай дэлгүүрүүд бий болгоно. Скандинавын улс орнууд болон Азийн маш олон оронд архи зардаг тусгай дэлгүүрүүд байдаг. Тиймээс энэ туршлагад үндэслэн тусгай дэлгүүрээр хатуулаг өн­дөртэй архиа зардаг болгох заалт оруулж ирсэн. 

Архи зардаг тус­гай дэлгүүрүүд өөр ямар нэг бү­тээгдэхүүн зарахгүй. Зөвхөн ар­хиа зарна. Хүн амынхаа тоонд үндэслэн 2000 хүн тутамд нэг архины дэлгүүр байхаар тусгасан. Өнөөдөр 320 хүн тутамд нэг дэл­гүүр байгаа. Чуулганаар хэлэлцэх явцад хүн амын тоо өөрчлөгдөж мэднэ. Жижиг сум суурин газарт 2000-аас дээш хүн амтай нөхцөлд хоёр байхаар тусгасан юм. Нэг монополь дэлгүүр гарч ирээд ар­хины үнийг хөөрөгдөх вий гэ­сэн болгоомжлол байгаа учраас хоёр цэгтэй байхаар оруулж ир­сэн.

-Цагийн хязгаар тогтоож өгөх үү? 

-Тэгсэн. Өглөө 09.00 цагт нээг­дээд орой 21.00 цагт хаана. Ам­рал­тын өдрүүдээр хугацааг нь бо­гиносгож болох юм гэж харж бай­гаа. Хуульдаа тусгаагүй ч хэлэл­цүүлгийн шатанд гишүүдээс ийм санал гаргаж дэмжлэг авчих­вал оруулж болно. Ихэнх улс ор­нуу­­дад архины тусгай дэлгүүр ням га­рагт ажилладаггүй юм билээ. Энэ нь гэр бүлдээ зарцуулах цаг нь илүү байх үүднээс хийж өг­сөн заалт. Манайд ч гэсэн ням га­рагт ядахдаа 17.00 цаг хүртэл ажил­ладаг байхаар тусгаж өгч болно. 

-Үйлчилгээний байгууллагад тооны хязгаар, архи зарах цэгийн заалт үйлчлэх үү. Тэдэн бар, паб зарна гэдэг ч юм уу? 

-Үйлчилгээнд ямар нэг хязгаар­лалт тавиагүй. Үйлчилгээний бай­­гууллагууд үйл ажиллагаагаа явуул­­даг орчмын иргэдтэйгээ нэ­лээд ойлголцож, хамтарч ажил­лана. Нийслэлд үйл ажиллагаа явуул­даг шөнийн цэнгээний га­зар, караоке, паб ихэвчлэн орон сууц­ны нэгдүгээр давхарт байдаг. Тиймээс орон сууцны нэгдүгээр давхарт үйлчилгээний цэг байл­гахгүй гээд заачихаар хэдэн зуун аж ахуйн нэгж дампуурна. 

Тэгээд ч нэгдүгээр давхраас өөр газар бай­гуулах боломж бараг байхгүй. Сүү­лийн үеийн барилгууд дан­даа л нэгдүгээр давхартаа үйл­чил­гээний төв байгуулж байгаа уч­раас тэнд үйл ажиллагаа явуулах зөв­шөөрөл авахдаа иргэдтэй уулз, тэднээс санал ав гэсэн шаард­лага тавьж байгаа. 

Оршин сууг­чид­тай ойлголцоод, иргэдээс 90 хувийн дэмжлэг авсан тохиол­долд шөнийн цэнгээний газар бай­гуулах зөвшөөрлөө авч болно. Ор­шин суугчдын дийлэнх нь хажуудаа архиа үйлчилдэг, чимээ шуугиан ихтэй газар байгуулахыг хүсэхгүй л болов уу. Тэгэхээр тухайн баар, пабын эзэн иргэдэд амлалт өгч, яг цагтаа хаадаг, цаг хэтрүүлэн ажиллахгүй гэ­сэн амлалт өгч ажиллана. 

Мөн амлалтаа зөрчсөн, цаг хэт­рүүл­сэн, зөрчил гаргасан бол тус­гай зөв­шөөрлийг нь цуцлах эр­хийг нь мөн иргэдэд өгөх ёстой. Ту­хайн байранд оршин суугчдын 50-иас дээш хувь нь өргөдөл гар­гасан бол байгууллагыг хянаж шал­гаад, тусгай зөвшөөрлийг нь цуц­лах, эсвэл зөрчил дутагдлыг нь арилгуулах зэргээр харилцан уял­даатай ажиллах хэрэгтэй юм.

-Тамхины хяналтын хууль хэрэгжихэд хуулийн хэрэгжил­тэд байцаагчид хяналт тавьж бай­сан. Тэгэхээр найман нэ­рийг дэлгүүр архи зарж бай­гаа эсэх, үйлчилгээний бай­гууллага хугацаа хэтрүүлэн ажил­лаж байна уу гэдгийг яаж хя­нах юм бэ?

-Согтууруулах ундааны хянал­тын хууль гарснаар шагийн архи их­дэх вий дээ гэсэн болгоомжлол байна. 1990-ээд оны дараа архи олдохгүй үед шагийн архи газар авч байсан. Шагийг дагаад чанар­гүй архи ихэсдэг, хүний эрүүл мэн­дэд заналхийлдэг гэсэн асуу­дал яригддаг. Ийм зөрчил гарна. 

Гэх­дээ 20 жилийн өмнөхтэй харь­цуулж болохгүй. Иргэд хувь хү­нээс архи авч уухгүй байх. Маш бага хэсэг нь л ийм зөрчил гар­гана. Хоёрдугаарт, шууд л бүх согтууруулах ундааг хянаад цаг­даад байхгүй. Найман нэрийн ба­рааны дэлгүүрүүдэд бага гра­дус­тай /вино, дарс, пиво/-г нь зарах эрхийг үлдээнэ. 

Тусгай дэл­гүүрээр зөвхөн 38 градусаас дээш согтууруулах ундаа зарна. Үйл­чилгээний байгууллага ч гэсэн 21.00 цагаас хойш 24.00 цаг хүртэл пиво, вино зарах эрх нь нээлттэй. Гэртээ архидан сог­туурдаг үзэгдэл харьцангуй ба­га­сах юм. Согтууруулах ундаа хэрэг­лэх соёлыг нь өөрчилнө гэ­дэгт итгэлтэй байгаа. 

-Сурталчилгааг ямар байд­лаар хянах вэ. Архи үйлдвэр­лэгч, импортлогч компаниуд нэвт­рүүлгийн ивээн тэтгэгчээр оролцох, “Сэнгүр” лиг зэргээр спортын тэмцээн уралдаан зо­хион байгуулдаг шүү дээ? 

-Сурталчилгааг бүрэн хаана. 21.00 цагаас хойш согтууруулах ун­дааг сурталчилж болохгүй гэж оруулсан. Хэлэлцүүлгийн яв­цад шөнийн цагаар явуулахыг нь хориглохгүй байя гэсэн санал оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Ар­хи, согтууруулах ундааны нэ­рийг ямар ч сурталчилгаанд ашиг­лахгүй. 

Тамхины хяналтын ту­хай хууль дээр ч гэсэн “Мон­гол тамхи со” гэх мэтээр нэ­рэн­дээ тамхи сурталчилсан байс­ныг болиулсан. Энэ хуульд ч ийм заалт орно. Нэрэндээ архи сур­талч­лахгүй. “АПУ” компанийн нэр болох юм бол АПУ гэсэн архи үйлд­вэрлэхгүй гэсэн үг. “Арвайн үн­дэс” компанийн нэрээрээ байх уу, архи байх уу гэдгээ шийднэ. 

-Албан үүргээ гүйцэтгэж яваа албан хаагч, жирэмсэн эх­чүүд, хүүхдэд худалдахгүй гэж заасан. Гэхдээ архи авч бай­на уу, худалдагч жирэмсэн эмэг­тэйд зарсан уу гэдгийг ка­мераар хянах юм уу, эсвэл? 

-21 настай хүрээгүй бол архи согтууруулах ундаагаар үйлч­лэхгүй гээд одоо мөрдөгдөж бай­гаа хуульд байгаа. Тэгэхээр архи худалдан борлуулахдаа иргэний үнэм­лэх шалгах нөхцлийг бүр­дүүл­нэ. Бусад улс орнууд насанд хүр­сэн, эс хүрсэн ч бай бичиг ба­римтыг нь үздэг. Хяналт мэ­дээж тавина.

Архи зардаг тусгай дэл­гүүрээс хүүхдээр архи ава­хуу­лахаар оруулах ч гэдэг юм уу ямар нэг байдлаар хяналт тавина л даа. Харваас жоохон хүүхэд орж ирээд архи авна гэхээр зарах ухамсартай хүмүүс одоо байхгүй болсон. Хүүхдэд зарснаар бид ямар асуудалд орох вэ гэдгээ мэдэж байгаа болов уу. 

-Таны өргөн мэдүүлсэн Там­хины хяналтын тухай хууль нэ­лээд чамбай хэрэгжиж бай­гаа. Гэхдээ энэ намрын чуул­ганаар Тамхины хяналтын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах асуудал дахиад ороод ир­лээ. Хуулийн төслийн нэмэлт өөрч­лөлтийг дэмжиж байгаа юу? 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар хоёр өөр хуулийн заалт яриад яваад байгаа. Би аль алиныг нь дэмжихгүй. Д.Эр­дэнэбат даргын нэмэлт өөрчлөлт нь байгууллагыг дотоод орчинд там­хи татах цэг байгуулах тухай. Ин­гэлээ гээд яах юм бэ. 

Өнөөдөр бүх байгууллага дотроо тамхи татах цэг байхгүй, эрүүл ахуйн орчин маш сайжирсан. Гэтэл байгууллагын нэг өрөөг тамхи татах цэгээр тохижуулахаар бас л мөнгө зарлагадана. Төсвөөс их, бага хэмжээгээр мөнгө гар­на. О.Баасанхүү гишүүн 500 метрийг 250 метр болгох талаар хөө­цөл­дөж байгаа. 250 метр боллоо гэхэд маш олон аж ахуйн нэгжийн тамхи зарах эрх нь нээгдэнэ. Тэгэхээр энд бас лобби яваад байна уу л гэж хараад байгаа юм.
 
-Тамхины хууль батлах үеэр лобби маш их байсан гэж та ярьж байсан. Энэ хууль дээр ч гэсэн лобби их орох байх даа? 

-Тэгнэ. Тамхины хяналтын ту­­хай хуулийг хэлэлцүүлэх ша­танд маш олон лобби орж ир­сэн. Тэ­гэ­хээр энэ лобби үргэлжил­нэ. Архи үйлдвэрлэгчид гэхээс илүү гадаадын томоохон импорт­лог­чид лобби явуулна. Зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг ха­рахад гаднаас маш олон архи, согтуу­руу­лах ундаа орж ирж байна. Үүнийг хянаад эхлэхээр лобби хийх гэж орол­дох нь тодорхой. Энэ бүх­ний эс­рэг тэмцсээр байгаад л бат­луул­на даа. 

 Тамхины хяналтын ту­­хай хуулийг хэлэлцүүлэх ша­танд маш олон лобби орж ир­сэн

-Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн идэвхи буурлаа гэсэн шүүмжлэл байна. Үүнд ямар хариулт өгөх вэ? 

-Эмэгтэй гишүүд хийх ажлаа хий­сээр байна. Бидний үндсэн үүрэг бол хууль батлуулах. Тэгэ­хээр бид эмэгтэйчүүд, хүүхдийн эр­хийг хамгаалах хуулиуд дээр ажил­лах үүргээ хангалттай биелүүлж байна. Гэр бүлийн ту­хай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хамтын тэтгэврийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиуд өнөөдөр хэлэлцэгдэж эхэллээ. 

-Бид энэ хуулиуд дээр өдөр шөнөгүй сууж ажилласан. Хүүхэд харах үйлчилгээний хуу­лийг оноос өмнө батлуулна. Эх­ний хоёр жилд бид гадуур явж хүмүүстэй уулзаж, бэрхшээлтэй асуудлуудтай танилцаж, түү­нийгээ хэвлэл мэдээллээр ил тод хэлсэн. Энэ нь биднийг идэвх­тэй харагдуулсан байх. 

-Гэхдээ одоо амьдрал ямар байгааг мэд­дэг болсон учраас үүнийг засч залруулахаар хуулийн төс­лүүд дээр ажиллаж байгаа юм. Энэ бүх­нийг засах нь хууль, тө­сөв бай­гаа учраас шоу хийж эм­нэлэг сур­гуу­лиар явахаас илүү сур­гууль, эмнэлгийг нь бариулах тө­сөв, мөнгөний асуудлыг нь хуульд тусгахаар ажиллаж байна. Их хурлын чуулган дээр эмэгтэй ги­шүүд юу хэлж байгаа, төсөв дээр яаж ажилласныг харах юм бол идэвх­гүй гэж дүгнэхгүй л болов уу. 

-2015 оны төсөвт хэдийгээр сургууль цэцэрлэг барих мөн­гийг хангалттай тусгасан ч энэ нь өмнөх оны царцаасан ба­рилгууд юм биш үү. Шинээр ба­ригдах нь хэд байгаа вэ? 

-Эмэгтэй гишүүдээс УИХ-ын ги­шүүн С.Одонтуяа бид хоёр Төс­вийн ажлын хэсэгт орж ажилла­сан. Д.Арвин гишүүн нийгмийн чиг­лэлийн төсвийг ахалж ажил­ласан байгаа. Бидний зүгээс тавь­сан ганц зүйл бол сургууль цэцэр­лэгийн барилгуудыг царцаахгүй байх, 2015 онд бүгдийг нь барьж дуусгах. 

Шинэ хуучин ч ха­маа­гүй сургууль цэцэрлэгийн зо­риулалтаар баригдаж байгаа бүх ба­рилга ашиглалтад орох ёстой гэсэн байр суурийг хамгаалж чад­санаар ирэх онд царцсан бо­лон шинээр баригдах 100 гаруй сур­гууль, цэцэрлэгийн барилгад мөнгө нь тусгагдсан. 2015 ондоо баг­таж дуусах нь дуусаад, 2016 оны эхээр зарим нь ашиглалтад орчихно. 

-Хүүхэд харах үйчилгээний тухай хуулийг УИХ-ын чуул­ганаар хэлэлцэх гэж байна. Хуу­лийн төслийн агуулгын та­лаар?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг маргааш /өнөөдөр / чуулганаар хэлэлцэж эхэл­нэ. Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн мөрийн хөтөлбөрт Хүүхэд ха­рах үйлчилгээний талаар туссан байсан. Тиймээс гишүүд болон Ерөн­хийлөгчийн санаачилсан хуу­­лийг нэгтгэн хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ хуулийг боловс­руу­лах болсон үндсэн шалтгааныг хүн бүр мэдэж байгаа болов уу. 

Өнөөдрийн байдлаар 2-5 нас­ны 247100 хүүхэд цэцэрлэгт хам­рагдах ёстойгоос 80 мянган  хүү­хэд цэцэрлэгт хамрагдаж ча­дахгүй байна. Өөрөөр хэлбэл, гур­ван хүүхэд тутмын нэг нь цэ­цэр­лэгт хамрагдаж чадахгүй бай­гаагаас гэртээ цоожлуулаад үлд­дэг. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүү­хэд тус бүрт улсаас сар бүр 116 мянган төгрөгийг төсөвлөн өгч байгаагийн зэрэгцээ эдгээр хүүхдүүд сургуулийн өмнөх бо­ловсрол олж авах боломжоор хан­гагдаж байгаа. 

Тэгвэл цэцэр­лэгт явж чадахгүй байгаа хүүх­дүүдэд энэ бүгд хаалттай болж, хо­хирч байна. Үүнээс үүдэн эцэг, эхийн аль нэг нь гэртээ хүүхдээ харж ажил хийхгүй байснаас үүдэн нэг айлын өрхийн орлогод нөлөөлж, ядууралд хүргэх нэг шалтаг болж байгаа юм. Үүнээс гадна тэтгэвэртээ гараад сайхан амарч байх ёстой ахмадууд маань ч гэсэн хүүхэд харж, үнэ хөлс­гүй ажиллаж байна гэж бол­но. Тиймээс энэ хуулийн төслийг санаач­лан хэлэлцүүлэх гэж бай­на. 

-Хүүхэд харах үйлчилгээг хууль­чилснаар цэцэрлэгүүд үүдээ барина гэх шүүмжлэл бай­гаа шүү дээ?

-Хүүхэд харах үйлчилгээ бол нийг­мийн үйлчилгээний шинэ хэл­бэр. Энэ хуулийг гаргаснаар цэцэр­лэгүүд үүдээ барьж, сур­гуулийн өмнөх боловсролын сис­тем байхгүй болох гэж байна гэ­сэн шүүмжлэл нэлээд дагуулж бай­гаа. Тиймээс энэ бол цоо шинэ нэг төрлийн үйлчилгээ гэж хэлмээр байгаа юм. 

Хууль бат­лагдсанаар хүүхэд харах тө­вүүд олноор нээгдэж, хүүхдийн аюул­гүй байдал, стандартын шаард­лага хангасан үйлчилгээний цэ­вэр өрсөлдөөн бий болно. Хүү­хэд харах үйлчилгээг тодор­хой­лохдоо, хүүхдийг асран ха­ламж­лах, хамгаалах, хооллох, тог­луулах, амраах, хөгжүүлэх цогц ажил­лагаа байх ёстой. 

Хүүхэд харах үйлчилгээг хүүхдийг асран хамгаалах, хооллох, тоглуулах, хөгжүүлэх цогц үйлчилгээ гэж хэлж болно. Энэ үйлчилгээг Хүн амын хөгжил, нийгмийн хам­гааллын яам хариуцна. Сур­гуулийн өмнөх боловсрол олгож буй одоогийн цэцэрлэгүүд үйл ажил­­лагаагаа үргэлжлүүлэн явуул­саар байх болно. Бид жил бүр цэцэрлэгт төсөвлөх төсвийг суул­гасаар байна. 

-Үүнээс гадна хүүхэд харах цэцэрлэгийн стандартыг хэр­хэн хангах, үүнд хэн хяналт та­вих вэ гэдэг асуудал үүснэ шүү дээ?

-Мэдээж гарна. УИХ дахь на­мын бүлгүүдээс болон гишүү­дийн зүгээс гарч байгаа санал, шүүмж­лэлд хүүхэд харах үйлчилгээний тө­вийн стандартыг яаж хангаж байгаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг байнга хөн­дөж байгаа. Нэгдүгээрт, Хүн амын хөгжил, нийгмийн хам­гааллын яамны харьяанд Хүүх­дийн төлөө гэх том газар бий. Энэ газар маань аймаг, нийслэл, дүү­рэгт салбар, хэлтэстэй үйл ажил­лагаагаа явуулж байна.

Хамгийн гол нь эцэг, эхийн хяналт чухал гэдгийг хуулийн төсөлд оруулж өгсөн

Мөн орон нутагт ажиллаж бай­гаа Хүүхэд, гэр бүлийн га­зар хүүхэд харах үйлчилгээг хариу­цаж стандартыг бий болгон, хя­нал­таа тавиад явна. Түүнчлэн Мэр­гэж­лийн хяналтын газар дав­хар хяналт тавихын зэрэгцээ ту­хайн хороо, багийн нийгмийн ажилтан хяналт тавьж, өрхийн эмнэлгүүд хамтарч ажиллах юм. 

Үүнээс гадна хамгийн гол нь эцэг, эхийн хяналт чухал гэдгийг хуулийн төсөлд оруулж өгсөн. Ингэснээр эцэг, эхчүүд тухайн Хүү­хэд харах төв дээр эцэг, эхийн зөвлөл байгуулж тодорхой хя­налт тавих боломж бүрдэх юм. Гадаадын олон улс оронд хүүхэд харах үйлчилгээгээр сургуулийн өмнөх насны хүүхдийн асуудлыг шийддэг юм. Тиймээс ч өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд бай­гуулсан. 

Өөрөөр хэлбэл, гэр хо­роололд айлын хувийн сууцыг 300 орчим мянган төгрөгөөр хөл­сөлж, тодорхой хэмжээний хө­рөнгө оруулалт хийж, засвар үйл­чил­гээ хийж 15 хүүхдийг авч, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Нэг баг­шид таван хүүхэд оногдох юм. Ин­гээд тооцоод үзэхээр сард 2.6 сая төгрөг гарч байгаа юм. 

-Анх хуулийн төсөл санаа­чилж байхад гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүд хүү­хэд харах боломжтой гэж бай­сан. Гэтэл хуульд стандарт зааж өгсөн байна. Үүнийг хэр­хэн хангах вэ?

-Анх өргөн барьсан хуулийн төсөлд өөрийн гэрт нэг ээж таван хүүхэд харж  болно. Үүнд улсаас зардал өгнө гэсэн асуудлыг ярьж байсан. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуульд тухайн хүүхэд харах үйлчилгээний төвийн байранд хэн нэгэн амьдарч болохгүй гэсэн заалтыг оруулж өг­сөн. 

Тиймээс тухайн иргэн өөрийн байранд мини цэцэрлэг, хүү­хэд харах төв байгуулах бол ту­хайн гэртээ амьдарч болохгүй, сул­лаж, 5-10 хүүхэд харж болно. Яагаад ийм заалт оруулсан гэхээр айлын гэрт хүүхэд харна гэдэг нэг талаас аюулгүй байдал хэр хангагдах вэ гэсэн асуудал гарсан учраас ингэж заасан байгаа.

-Ярилцлагын төгсгөлд улс төрийн сэдэвтэй асуудлаас тод­руулчихъя. Засгийн газар тун удахгүй бүрдэх нөхцөл бүрд­лээ. Бүх нам эвслээс оруу­лах талаар ярьж байна. Та ямар байр суурьтай байна вэ? 

-Бүх нам эвслүүд Засгийн га­зарт орж ажиллаасай гэж хүсч бай­гаа. Мэргэжлийн, Үндэсний эв нэгдлийг хангасан Засгийн га­зар байгуулагдаасай гэж харж байна. 100 хувь гаднаас гэж хэлэхгүй. Гэхдээ ихэнх нь гад­наас орж ажиллах хэрэгтэй бай­на. Өнгөрсөн хоёр жилд УИХ-ын ги­шүүн сайдуудтай бай­хын зов­лонг өөрийнхөө биеэр мэдэр­сэн. Сайдад ямар нэг шаард­лага тавьж болдоггүй, сайдаас ямар нэг мэдээлэл авч болдоггүй. 

Яагаад гэхээр, УИХ-ын гишүүн гэдэг талаасаа ижилхэн мэдээлэлтэй байгаа гэсэн асуудлаар ханддаг. Сайд гаднаас байвал УИХ-ын гишүүний хувьд сайдыг дуудаж ирээд шаардлага тавьдаг, асууд­лыг нь сонсдог, лавладаг, өөрийн­хөө асуудлыг ойлгуулдаг байд­лаар ажиллах боломжтой. Өнөө маргаашийн явуургүй улстөр­жилт биш өргөн далайцтай хам­тарч ажиллах л чухал болоод бай­на. Засгийн газрыг унагахад идэвх­тэй үүрэг гүйцэтгэсэн кноп дарснаараа нэлээд их муулууллаа, намдаа ч их ад үзэгдлээ. Хэдэн мянган намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Гэхдээ нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Сүүлдээ төрийн ажил урагшаа явахаа больсон. Улс­төрчид албан тушаалдаа дурлаж, хям­ралаас гаргах нөхцөл байдал харагдахгүй болчихсон. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцсон. Дараагийн Засгийн газар илүү сайн ажиллахад мэдээж хяналт тавьж, шахаж шаардаж ажиллана. 

-Яамдуудын тоог хэд байхаар шийдвэрлэвэл зөв гэж харж байна вэ? 

-Энэ талаар мэдээлэл алга. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн сүүлд нэгтгэсэн хувилбар илүү оновчтой болов уу гэж харж байна.

Зураг