Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

БОНХЯ 45 ТББ-тай хамтран 400 гаруй сая төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчны 350 гаруй төрийн бус байгууллага Blue sky цамхагт Үндэсний IV чуулганаа хийлээ. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулж, БОНХ-ийн Сайд С.Оюун оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр чуулганд оролцогчдод хандан "БОНХЯ байгаль орчны төрийн бус байгууллагуудтай төр, иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгаа. 

Төрийн ачааг хөнгөлөх, төрийн зарим эрх мэдлийг иргэний нийгэм рүү шилжүүлэхэд ТББ-ууд зөв төлөвшиж, илүү чадавхжсан байх нь чухал юм" хэмээн хэллээ.

БОНХЯ зөвхөн энэ онд Байгаль орчны 45 ТББ-тай 400 гаруй сая төгрөгийн төсөл, арга хэмжээг хамтарч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал,

  • Монголын ой судлалын нийгэмлэгтэй “Хэнтий, Дорнод аймгийн ойн сангийн тооллого” хийсэн
     
  • Монголын гидрогеологичдын холбоо болон Монголын усны форум ус хэлц ТББ-уудтай “ Хануй гол, Дэлгэрмөрөн, Онги голын менежментийн төлөвлөгөө” боловсруулсан
     
  • Ашигт ургамлын сан ТББ-тай хамтран “Богдхан уулын дархан цаазат газрын экосистемийн төлөв байдлын судалгаа” явуулсан
     
  • Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй “Монголика 2013 үзэсгэлэн” зохион байгуулсан
     
  •  Коконет БХОН сүлжээ ТББ-тай “Богдхан уулын ДЦГ-ын хязгааралтын бүс төсөл” хэрэгжүүлсэн
     
  • Талын түүчээ ТББ-тай “Модны хулгайтай тэмцэх” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Түүнчлэн яамнаас төрийн гүйцэтгэж байгаа зарим чиг үүргийг шат дараатай шилжүүлэх зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв Төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр 2014 оноос 10 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргуулжээ.

Мөн Их нартын Байгалийн нөөц газрын хамгаалалын менежментийг Агнуур судлалын “Аргаль” төв ТББ, Хар ямаатын Байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийг” Дэлхийн байгаль хамгаалах сан”-д тус тус гэрээгээр хариуцуулжээ.

Энэхүү хамтын үйл ажиллагаа нь төр хувийн хэвшлийн хоорондын харилцан ойлголцлийг гүнзгийрүүлэх, түншлэлийг бэхжүүлэх, ТББ-аас явуулж байгаа үйл ажиллагааны чанарыг иргэдээр үнэлүүлэх, тайлагнах хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж байгаагаараа ач холбогдолтой юм.