Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америкд 12 настай хүү цагдаагийнхны гарт амиа алджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-д цагдаагийнхны суманд өртсөн 12 настай хүү  амиа алджээ. Америкийн Охайо мужийн Кливленд хотод Тамир Райс гэх хүү хүүхдийн тоглоомын талбайд тоглож байхдаа цагдаагийнханд буудуулсан байна.

Хэргийн тухай цагдаагийн мэдэгдэлд тэмдэглэснээр бямба гаригт аврах албаны төвд буутай эр хотын төвд байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагыг бичиж авсан бичлэг дээр “Буу нь жинхэнэ биш бололтой” гэж хэлж байгаа нь тодхон сонсогдож байсан гэнэ.

Жижүүрийн цагдаа нар газар дээр нь очоод хүүг буугаа хаяж, гараа өргөхийг шаарджээ. Харамсалтай нь хүү цагдаагийнхны тушаалыг биелүүлээгүйн улмаас цагдаа гал нээжээ.

“Хүүгийн гарт буу байсан. Буугаа дээш өргөхөд нь манай нэг офицер түүнийг хоёр удаа буудсан. Хүү ямар ч сүрдүүлсэн зүйл хэлээгүй. Буугаа ч цагдаагийнхан руу чиглүүлээгүй” хэмээн Кливлендийн цагдаагийн газрын орлогч дарга Эд Томба өгүүлжээ.

Хүндээр шархадсан хүүг эмнэлэгт яаралтай хүргэн, мэс засалд оруулсан ч биеийн байдал нь муудаж, удалгүй нас баржээ.

Харин энэ хэрэгт буруутгагдаад байгаа Кливлендийн цагдаагийн газар эргүүлийнхэн зааврыг хатуу мөрдсөн, Райсын зэвсэг жинхэнэ зэвсэгтэй маш адилхан, тоглоомон дээр тавигддаг шиг ялгах тэмдэг байгаагүй учраас эндүүрэл гарсан хэмээн мэдэгдсэн байна.

Цагдаагийнхан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа жил бүр 400 орчим хүний амь насыг хөнөөдөг 

Хэдийгээр мөрдөн байцаалтын явцад цагдаагийнхан энэ тохиолдолд буруугүй гэдэг нь тогтоогдсон ч ард иргэдийн уур бухимдлыг давж гарч чадахгүй гэж эх сурвалжууд мэдээллээ. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээллээр цагдаагийнхан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа жил бүр 400 орчим хүний амь насыг хөнөөдөг гэнэ.

Эдгээрийн дундаас хамгийн шуугиан тарьсан нь Миссури мужийн Фергюсон хотод наймдугаар сард гарсан юм. Тодруулбал цагаан арьст Даррен Уилсон гэх цагдаа зэвсэггүй явж байсан өнгөт арьст Майкл Браун хүүг буудан хөнөөсний улмаас энэ явдлыг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар эмх замбараагүй байдал хэдэнтээ дэгдэж байв.

Түүнчлэн саяхан энэ хэргийн тангарагтны шүүхийн хуралдаан болж байгаатай холбоотойгоор Миссури мужид онц байдал тогтоосон юм. 

Эх сурвалж: Вести