Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил улсын хэмжээнд нийт 49.5 сая малтай өвөлжинө

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрх 49.5 сая малтай өвөлжихөөр, тэр дундаа сум, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас болон улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Малчид өвлийн бэлтгэлийн хүрээнд

  • 1.2 сая тн өвс, 22.7 мянган тонн сүрэл
  • 39.2 мянган тонн ногоон тэжээл 
  • 29.6 мянган тонн үйлдвэрийн болон 37.4 мянган тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө 93.3 хувьтай биелүүлээд байгаа ажээ.

Харин Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавраар 28.4 мянган тонн өвс, 4.0 мянган тн тэжээл бэлтгэсэн нь дунджаар 66.2 хувьтай аж. Хэдий аймгууд өвс бэлтгэх төлөвлөгөөгөө сайн бүрдүүлсэн ч тэжээлийн нөөц хангалтгүй байгаа тул худалдан авахаар болсон байна. Тухайлбал,

  • Дорноговь аймгийн сумд 42.7 сая
  • Архангай аймгийн сумд 50.0 сая
  • Хөвсгөл аймгийн сум бүр 2.0-3.0 сая төгрөг эрсдэлийн сандаа байршуулжээ. 

Малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авч малын тарга хүч, хадлан тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байгаа юм байна.

Ямартай ч, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлаар арваннэг, арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэм дулаан, нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр хүйтэн бөгөөд ахиу цастай байх төлөвтэй байгаа ажээ.