Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ: АН-тай байгуулсан эвслийн гэрээ хүчинтэй учраас бидэнд урилга өгөхгүй байх

М.Цэцэг
2014 оны 11 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд огцорсон, шинээр томилсон асуудал юунаас үүдэлтэй гэж та үзэж байна вэ?

-Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчин тавьсан. Энэ нь явсаар намрын чуулганд үргэлжилж, бүр Ерөнхий сайдыг огцруулах асуудал болж өргөжсөн юм. Түүнээс хойш бараг хоёр cap болсон. Нэг хэсэгтээ Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүй төсөв баталж, зарим яам хэвээр байлаа.

Шинэ Ерөнхий сайд томилогдсонтой холбоотой бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөнө гэж ойлгож болохгүй.

Айл бүртэй адил улс оронд ч асуудал байдаг болохоор хэн хүнгүй санаа зовж байсан. Ямар боловч төсвөө баталж, Ерөнхий сайдыг томилж ажил цаашид үргэлжлэх төлөвтэй боллоо. Гэхдээ энд шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн  юм. Шинэ Ерөнхий сайд томилогдсонтой холбоотой бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөнө гэж ойлгож болохгүй.

Учир нь Ерөнхий сайдыг дагаж танхим нь бүрэлдэхүүнээрээ огцорсон ч гэлээ 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарч ажиллах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгааг АН-ын шинэ дарга албан ёсоор хэлсэн.

Үүнийг бүтцэд өөрчлөлт орохгүй, гэрээний дагуу цаашид хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж ойлгож байна.

-Бүх нам, эвслийг Засгийн газарт хамтран ажиллахыг урина гэсэн. Энэ нь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санал гэж ойлгож болох уу?

-Манайх бүлгийн хуралдааны үеэр АН-ын даргаас асуусан. 2012 оны сонгуулийн дараа хийсэн гэрээ хүчин төгөлдөр байгаа бол зөвшилцөх асуудал байхгүй гэдгийг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх үеэр ярилцсан. Хамтын гэрээтэй учраас АН-аас хэн ч нэр дэвшсэн бид олонхийг бүрдүүлэлцэж буй эвслийн тухайд дэмжээд явах учиртай.

-Гэрээтэй учраас зөвшилцөх шаардлагагүй гэж үзэн Ч.Сайханбилэгийг дэмжих эсэхээр бүлгийнхээ байр суурийг албан ёсоор илэрхийлээгүй гэж үү?

- Нэгэнт зөвшилцлийн бичиг ирсэн учраас маргаантай зүйлийг тодруулж хариуг нь өгсөн. Ерөнхий сайдыг зөвшилцсөн хэлбэрээр дахиад Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар урилга өгөх юм бол бид эргээд өөр асуудал тавихыг үгүйсгэхгүй.

Хэрэв бидэнд урилга өгвөл гэрээ хүчингүй болно, эсвэл гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудал албан ёсоор ярина. Гэхдээ хамтын ажиллагааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас бидэнд зөвшилцөх урилга өгөхгүй байх. Манай гэрээнд сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд үйлчлэх гэж заасан учраас нэг Ерөнхий сайдыг солигдоход гэрээ хүчингүй болно гэж бодохгүй байна.

-Танай эвслийн бүлгээс хоёр ч гишүүн өмнөх Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, шинэ томилгоог дэмжээгүй. Л.Цог, Г.Уянга нарын саналыг та бүлгийн дэд даргын хувьд юу гэж тайлбарлах вэ?

-Нэг айлын хүүхдүүд хоорондоо маргалдаж байхад нэг эвсэл дотор байгаа хоёр намын гишүүд маргалдах, мэтгэлцэх, санал нэгдэх зүйл байдаг. Энэ үүднээс хувь гишүүдийн байр суурийг хүндэтгэнэ. Хэдий эсрэг саналтай байсан ч гэлээ түүнийгээ ил тод илэрхийлээд бүлгээс гаргасан олонхийн саналаа дагах ёстой байсан. Хувь улстөрчийн тоглолтоо орхиж бодит нөхцөл байдалтай уялдаж ажиллах нь зохимжтой.

-Харин сөрөг хүчнийхэн чуулганы хуралдаанд оролцоогүйг та юу гэж харсан бэ?

-Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд сөрөг хүчин МАН-ынхан оролцоогүй. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө гэж их ярьдаг хүмүүсийн үг, үйлдэл хоёр зөрж байна. Ерөнхий сайдын томилгоог эсэргүүцэж байгаа бол тэр байр сууриа илэрхийлээд хуралд оролцоод явж яагаад болохгүй гэж.

Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө гэж их ярьдаг хүмүүсийн үг, үйлдэл хоёр зөрж байна.

Хувь хүнтэй нь холбоотой юм уу, өмнөх Засгийн газрын сайд байсантай холбоотой юм уу гэдэг нь ч ойлгомжгүй байсан. Тэд өмнөх Засгийн газрыг 100 хувь буруутай, тэдний танхимын сайд томилогдох ёсгүй гэж үзэж байгаа юм уу. Тэгж үзэж байгаа бол бусад сайд нарыг ч үргэлжлүүлэн ажиллахыг дэмжихгүй нь гэж ойлгож байна. Улс төрийн өшөө авалт байдаггүй л юм бол хувь хүнийг нь харж үнэлэх зохимжгүй байх.

-Шинэ Ерөнхий сайдаас ямар ажил хүлээж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын алдаатай зүйлийг засаж залруулж, оносон сайн ажлуудыг улам сайжруулж, үргэлжлүүлэхийн төлөө ажиллах байх. Гэхдээ өнгөрснөө харахгүйгээр урагш алхах тийм ч зохимжтой зүйл биш. Бусдынхаа алдаанаас суралцаж урагш харж ажиллах болов уу.

Ер нь Н.Алтанхуяг гэдэг хүн муудаа унасан юм биш. Ч.Сайханбилэг сайндаа ч гараад ирсэн юм биш.

Ардчилсан намын дотоод зөрчлөөс илэрсэн зүйл нь үйлдэл болж хувирлаа. Намын бүлэг, фракцийн энэ хямрал төр засгийн цаашдын хямралын шалтгаан битгий байгаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн үйл явдлын сэдлийг сөрөг хүчин өдөөсөн гэж үзэхгүй байгаа. Тэд шүүмжлэлээ илэрхийлсэн, харин АН-ынхны зөрчилдөөн тэдэнд ашиглах олз болсон.

МАН энэ удаад АН-ыг дахин ашиглаж Засгийн газарт орохыг үгүйсгэхгүй. Тэд хуралдаанд оролцоогүйгээрээ ард түмний төлөө явдаггүй гэдгээ энэ үйлдлээрээ харууллаа. Хамтарч ажиллах гэж байгаа бол саналаа ил хэлээд явах хэрэгтэй. Тэд Удирдах зөвлөлөөсөө дэмжихгүй гэдэг шийдвэр гаргуулсан ч хуралд оролцоогүй нь дэмжиж буйгаа илэрхийлсэн хэрэг. Үүнээс илүү яаж илэрхийлэх билээ, тэд. Сөрөг хүчин яаж ч аяглахыг хэлж мэдэхгүй.

Зураг