Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол судлалыг хөгжүүлэхэд төрийн бодлогоор дэмжинэ

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Япон Улсын Окаяма хотын Окаяма Их сургуульд “Японы Монгол судлалын нийгэмлэг”-ийн 2014 оны Намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал арваннэгдүгээр сарын 15-16-нд боллоо.

Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ нийгэмлэг нь жилд хоёр удаа хавар, намар Японы баруун бүс нутаг дахь Их дээд сургуулиудыг түшиглэн Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ удаагийн намрын чуулга хуралдаан нь хоёр хоног үргэлжиж, Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгааны ажил эрхэлж буй 50 гаруй залуу судлаачид оролцож, 11 үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

Эрдэм шинжилгээний хурлын үеэр тавигдсан илтгэлүүд:

  • Монголын түүх, бичиг, хэлний судалгаа
  • Япон дахь Монголын уран зохиолын судалгаа
  • Монголын нүүдэлчин өрхүүдийн өөрчлөлт
  • Монголын археологи
  • Монголд олдсон модон бүтээгдэхүүний судалгаа
  • Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба
  • Суварганы үүсэл хөгжил ба Хэрлэн барсын суварга
  • Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүн 
  • Сүүний салбарын өнөөгийн байдал
  • Айраг боловсруулах судалгаа зэрэг эрдэм шинжилгээ судалгааны илтгэлүүдийг хэлэлцэв.

2013 оноос хойш Монголч эрдэмтэдийн энэхүү хуралд Япон дахь Монголын Элчин сайдын яам, Осака хот дахь Ерөнхий Консулын газрын төлөөлөгчид тасралтгүй оролцож, монгол судлаачидтай санал бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох таатай боломжийг бүрдүүлээд байгаа юм.

2012 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Улмаар 2012 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 56-р тогтоолоор “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсан. Энэ хууль батлагдсанаар монгол судлалаар мэргэшсэн дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагаа сайжирч, Монгол судлалын мэдээлэл, сурталчилгааны цар хүрээ өргөжих эрх зүйн орчин бүрдэх ажээ.