Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бямбадорж: Хүн байгаа газар хүний эрхийн зөрчил заавал гарч байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын алба, Зэвсэгт хүчний Жанжин штабтай тус тус хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Энэ удаа ХЭҮК нь: 

  • Зэвсэгт хүчний Жанжин штабтай цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цэргийн алба хаагчдын хүний эрх, хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхийг зорьж ажиллах,
     
  • Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчийг сургаж бэлтгэх, хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах,
     
  • Тахарын Ерөнхий Газартай Тахарын албаны ажилтан, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах,
     
  • Цагдаагийн Ерөнхий Газартай цагдаагийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг, ойлголт хариуцлагыг сайжруулах, харилцан хамтран ажиллах зорилгоор санамж бичгийг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд хүний эрхийн бүсчилсэн сургалт, хяналт шалгалт, мониторинг судалгаа, сурталчилгааны ажпыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Тус хамтын ажиллагааны Санамж бичгийн талаар...

 

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав

“Бид гурав дахь жилдээ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна. Учир нь манай зэвсэгт хүчний бүрэлдэхүүн нэлээн хатуу ширүүн үйл ажиллагаа явуулж, хүнд үүрэг гүйцэтгэдэг. Энэ явцад хүний эрх зөрчигдөх асуудал гарч болзошгүй гэдэг үүднээс Хүний эрхийн Үндэсний комисстой хамтарч ажилладаг. 

Социализмын үед оны ялгаа гэж цэргүүдийн дунд их яригддаг байсан. Цэрэгт шинээр ирсэн хүмүүсийн эрх чөлөөнд нь халдах, эрхийг нь зөрчих асуудал их гардаг. Үүнийг байхгүй болгохын төлөө энэ хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчинд хүний эрх зөрчигдөх асуудал их цөөрсөн. Хүн гэдэг ямар алба хааж, юу хийхээс үл хамааран өөрийн халдашгүй эрхээ эдэлж байх учиртай” гэв.

 

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж

Хүн байгаа газар хүний эрхийн зөрчил заавал гарч байдаг. Тэр нь архагшсан, системийн алдаа байна уу эсхүл тохиолдлоор болчихов уу гэдэг асуудал байгаа юм. Ер нь санамж бичиг байгуулснаар хүчний байгууллагуудтай ажиллах ажиллагаанд олон сайн үр дагавар гарсан. Эдгээр байгууллагуудын ажилтан, удирдлагууд ч хамтран ажиллах сонирхолтой байдаг. 

Хамгийн гол нь бидний зүгээс сургалт зохион байгуулдаг. Ямар байвал хүний эрх хангагдах ёстой вэ гэдгийг заана гэсэн үг. Жишээ нь ШШГЕГ-ын харъяа 25 хорих анги байдаг. Тэдний хянагч нарыг бүгдийг нь авчирч сургалтанд суулгах боломж байхгүй. Тэгвэл бид нар энэ жил ОУ-ын байгууллагын тусламжтайгаар хорих анги дээр нь очиж сургалт явуулсан. Энэ маш их ач холбогдолтой болсон. 

Мөн ХЭҮК-оос явуулж буй үзлэг шалгалтанд эдгээр байгууллагууд орох дуртай болсон. Юмаа нуух биш харин ил гаргадаг болсон. Ингэснээр өөрсдөд нь эргээд хэрэгтэй зүйл болж байгаа юм. Хэн хэндээ нээлттэй байж, зовлон жаргалаа ярилцаад асуудлаа шийдэх нь илүү зөв юм байна гэдгийг ойлгож байгаа” гэв.