Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 2014 оны төсөвт өөрчлөлт орно

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаа хийлээ. Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг шийдсэн байна. 

Монгол Улсын 2014 оны төсөвт өөрчлөлт орно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

Тодотгол хийх үндсэн шалтгаан нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй холбоотой юм.

Төсвийн тухай хуулийн 34.1.4-д зааснаар Засгийн газрын шинээр батлагдсан бүтцийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсдэг байна.
 
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг баталлаа

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай шинэ хуулиудын төслийн үзэл баримтлалыг баталсан байна. .

2003 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуульд нийцүүлсэн байдаг. Дээрх Загвар хуульд 2006 онд орсон нэмэлт өөрчлөлтийг орчин үеийн нөхцөл байдал, олон улсын шилдэг туршлагатай нийцүүлэн нутагшуулж, Монгол Улсын Арбитрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юм.

Энэ шинэчлэл арбитрт итгэх олон нийтийн итгэлийг өсгөх, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгож өргөнөөр хэрэглэх, арбитраар маргаан шийдвэрлүүлэх цаг, зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.
 
Засгийн газрын зорилтын хүрээнд Хууль зүйн яамнаас хийж байгаа эрх зүйн шинэчлэлийн нэг нь ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох ажил юм. Шинээр боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ялын төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай тогтолцоонд, харин өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн байгууллагад тус тус эдлүүлэхээр тусгасан.

Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төслийг эдгээр өөрчлөлттэй уялдуулсан байна.
 
Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед шүүхээс гарсан шийдвэрийг үр дүнтэй, уян хатан, шуурхай хэрэгжүүлэх зохицуулалт муу байгаа нь шүүх засаглалын ажлын үр дүнг сулруулж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлийг үр дүнтэй болгохын тулд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг шинээр боловсруулж байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийсэн айлчлалуудын дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 10 дугаар сарын 13-15-нд Бүгд Найрамдах Австри улсад хийсэн албан ёсны айлчлал, мөн сарын 17-19-ний өдрүүдэд Унгар улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 16, 17-нд Бүгд Найрамдах Итали улсын Милан хотноо болсон Ази-Европын уулзалтын Дээд түвшний аравдугаар уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаа, Олон улсын асуудлаарх Ази-Европын хамтын ажиллагаа сэдвээр өрнөсөн нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байна. Энэ нь Ази, Европын хамтын ажиллагааг өрнүүлэх яриа хэлэлцээний гол механизм болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, бүс хоорондын тогтолцоонд байр сууриа бэхжүүлэх, АСЕМ-ын гишүүн орнуудтай улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллахад чухал үйл явдал  болсон гэж үзэж байна.          
 
УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ

УИХ-ын дарга З.Энхболдын 2014 оны 10 дугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэгт даалгалаа.

УИХ-ын даргын айлчлалын гол зорилго нь хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, улам бүр өргөжүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан бөгөөд эдгээр зорилт амжилттай хэрэгжсэн гэж үзжээ.
 
Хүүхдийн спортын V их наадмыг ирэх онд орон даяар зохион байгуулна

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж 4 жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг. Үүний нэг болох хүүхдийн спортын V их наадмыг 2015 онд өвөл, зуны төрлүүдээр зохион байгуулахыг ССАЖЯ, БШУЯ, аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Их наадмыг хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн дунд 8 төрлөөр ирэх оны 6 дугаар сард, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15 төрлөөр 9 дүгээр сард, өвлийн спортын 5 төрлөөр 12 дугаар сард тус тус нийслэл хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өмнөх наадмуудыг 3 үе шатаар явуулж байсан бол энэ удаа тухайн спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан баг тамирчдыг оролцуулан их наадмыг Улаанбаатар хотноо нэгэн зэрэг эхлүүлж, 5-7 хоногт багтаан зохион байгуулах юм. Түүнчлэн, оролцогчдыг урлаг соёлын тусгай хөтөлбөрүүдэд өргөнөөр хамруулна.

Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ. Олон улсын хэмжээнд ч хүүхэд залуус спортоор хичээллэхийг дэмжин 2010 оноос эхлэн өсвөр үеийнхний Олимпийн наадам зохион байгуулах шийдвэрийг Олон улсын Олимпийн хорооноос гаргасан байдаг.
 
Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувь хангагджээ
 

Энэ жил улсын хэмжээнд 142,5 мянган малчин өрхөд 50 шахам сая буюу хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой мал өвөлжүүлэх бэлтгэл хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид өөр аймагт отор нүүдэл хийхээр зохион байгуулжээ.

Бэлчээр усны хүрэлцээ хангамж, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан байна.
 
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай

Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ

Тус төслийг хэлэлцэн дэмжээд хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улс энэхүү Нэмэлт Протоколд нэгдсэнээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, өргөдөл гомдлоо олон улсын эрх бүхий байгууллагад мэдээлж, олон улсын тусламжийг ашиглах боломж бүрдэнэ. Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны Үндсэний нэгдсэн механизм бий болгон бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ, ГХЭЗХАЯ-аас Олон улсын байгууллагад гомдол гаргах эрхийг олгох юм.   

Энэ хурлаар мөн Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний 5 дугаар тайлангийн төслийг хэлэлцэн дэмжлээ. 
 
Товчхон:

       Тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглах тоног төхөөрөмж бүхий лабораторийн тухай танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо. Хэрэг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх байгууллага, албан хаагчдад бичил ул мөр илрүүлэх, бэхжүүлэх, шинжлэх багаж хангалтгүй байгаа тул орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж авч суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

       Органик хүнсний тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг холбогдох сайд нарт даалгав. Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжилж баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд ийм хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна гэж үзэж байна.

       Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд батлах нь зүйтэй гэж үзлээ.

       Шүүхийн шийдвэрийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар Ш.Солонгыг эргүүлэн томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.