Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн хямралтай Монгол шинэ Ерөнхий сайдтай боллоо

Б.Барс
2014 оны 11 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

“Ройтерс” агентлагийн сурвалжлагч Т.Эдвардс, Д.Станвей нар ингэж бичжээ.

Эдийн засгийн хямралыг хазаарлан гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадаагүй өмнөх Ерөнхий сайд огцорсноос хойш хоёр долоо хоногийн дараа л Монголын парламент Ч.Сайханбилэгийг энэ албан тушаалд томилжээ. Далайд гарцгүй Азийн энэ улс уул уурхайд оруулах гадаадын хөрөнгө оруулалт, өргөн хэрэглээний бараанаас ихээхэн хамааралтай эдийн засагтай ажээ.

Чухам эдийн засгийн ноцтой бэрхшээлүүдээс үүдэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар огцроход хүрсэн бөгөөд Ч.Сайханбилэг ч тэрхүү Засгийн газрын гишүүн байсан юм.

Монголын уул уурхайн бие даасан хөндлөнгийн шинжээч Дэйл Чой хэлэхдээ, “Ч.Сайханбилэгийн Засгийн газар тус улсын урьдын бодлогыг үргэлжлүүлэн гадаадын хөрөнгө оруулалтыг шахах юм бол 2016 онд болох дараагийн сонгууль хүртэл цөөн хэдэн томоохон хөрөнгө оруулагч л энэ улсад тэсч үлдэх болов уу” гэжээ.

Уг нь Монгол Улс дэлхийн томоохон орд газрууд дээр сандайлан суудаг ч газар доорх асар их баялгаа эргэлтэд оруулан эдийн засгийн үр ашиг олж чадаагүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт, томоохон уул уурхай болон дэд бүтцийн төслүүд дээрээ маргалдсаар иржээ.

“Рио Тинто” групп Оюутолгойн уурхайг өргөжүүлэн барихаар төлөвлөжээ.

Монгол дахь Оюутолгойн зэс, алтны аварга том уурхайн хамтран эзэмшигч “Turquoise Hill Resources” компаниас өнгөрсөн долоон хоногт мэдээлэхдээ, Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор тус уурхайг тойрсон маргаан бүр ихээр сунжирч болзошгүйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн юм.

Шинэ Ерөнхий сайд Оюутолгойн төсөлд шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларыг олон улсын банкууд зээлэхээс өмнө харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах учиртай аж. Энэ хөрөнгөөр “Turquoise Hill Resources” компанийн дийлэнхийг эзэмшигч “Рио Тинто” групп Оюутолгойн уурхайг өргөжүүлэн барихаар төлөвлөжээ.

Ер нь Монголд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний гурван улиралд даруй 59 хувиар огцом буурч, хэрэглээний барааны үнэ өсөн тус улсын Засгийн газрын амбицтай төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг хүнд байдалд оруулаад байгаа юм.

Зураг