Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг, эхчүүдийн толгойг өвтгөдөг асуудлууд

Б.Туул
2014 оны 11 сарын 22
Зууны мэдээ

Эцэг, эхчүүд бид хуүхдийнхээ бие хүн болж төлөвшдөг, хамгийн эгзэгтэй үед буюу шилжилтийн насанд нь “эзэнгүй” орхидогоос болж, эю насны хүүхдүүд сэтгэл санаагаар унах, гутрах, ганцаардах, гэмт хэрэгт холбогдох нь цөөнгүй гэдгийг дээр өгүүлсэн.

Тиймээс бид өсвөр насны хүүхэдтгэй эцэг эхчүүд дунд судалгаа явуулж, тэдний дунд бяцхан хариулт нэхсэн ямар асуултууд байдгийг сонирхсон юм. Дараах асуултад мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран хариулснаа танд сонирхуулъя.

АЙМХАЙ ЗАНГ СПОРТООР “ЭМЧИЛЖ” БОЛНО

 

-Хүү минь 12 настай, өөртөө тун итгэлгүй. Би түүнийг яаж өөртөө итгэлтэй, ухаантай, биеэ даасан хүн болгох вэ?

-Миний бодлоор та хүүхдийнхээ хэцүү асуудлыг өөрийнх нь өмнөөс нэг биш удаа шийдэж байсан байна. Энэ нь хэдийгээр сайн ч гэсэн буруу зүйл. Өөртөө итгэх итгэл нь хүүхэд өөрөө өөртөө итгэж сурахаас эхэлдэг.

Голдуу эрх танхи өссөн хүүхэд шилжилтийн насандаа, бие даасан байдлыг мэдэрч эхлэхээрээ ихэнхдээ айн тулгамддаг. Та түунийг нь спортоор “эмчилж” болно.

Хэрэв хүү чинь багийн спортод тийм ч дуртай биш байвал ширээний теннис, шатар даам зэрэг ганцаарчилсан төрлийг санал болгох хэрэгтэй. Энэ нь түүнээс ихээхэн анхаарал, өөрийгөө хянах чадвар шаарддаг. Аль аль нь түүнд хэрэгтэй. Мөн хүүхдээ зуны амралтаар аав ээжгүйгээр ганцаараа ямар нэгэн зүйл хийх тухай санал тавьж болно. Хэрэв тэр өөрөө сонговол бүр сайн.
 

-Хүү маань шилжилтийн насандаа яваа. Хүүхдийнхээ сэтгэл санааны тогтвортой бус байдлыг анзаарахгүй өнгөрөх үү, эсвэл ямар нэгэн зүйл хийх ёстой юу?

- Хэрэв хүүгийн чинь сэтгэл санаа тогтворгүй байгаа бол тайван орхисон нь дээр. Дааврын өөрчлөлтөөс болж хүүхэд зөрүүд хөшүүн, сэтгэл санаа нь тавгүй болдгийг эцэг эхчүүд ойлгодоггүй.

Шилжилтийн насны нэг онцлог бол хүүхдүүд энэ үедээ ойлгогдохыг хүсдэггүй. Учир нь тэд өөрөө өөрийгөө ч ойлгодоггүй. Тэд ийм тогтворгүй үедээ тайван байхыг хүсдэг. Энэ үед эцэг эхчүүд зөв ойлгож, аль болох эв зүйгээр харьцахыг хичээгээрэй. Хүү чинь хэрэв хүсвэл ойрхон байгаарай. Харин хүсэхгүй байгаа бол зүгээр л ажигла.


 

ХӨВГҮҮДИЙН ЯРИАНД ААВ ХАМГИЙН ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

 

 

-Хөвгүүдийн шилжилтнйн насанд эрэгтэй хүн хэр чухал нөлөөтэй вэ. Жишээлбэл, аав нь тэдэнд ямар нөлөө үзүүлж чадах вэ?

- Эрэгтэй хүүхдэд эцэг хүн зайлшгүй нөлөөтэй байдаг. Хэн нэгэн эрэгтэй хүний үүрэг, роль байхгүй бол хөвгүүд 10-тайгаасаа эхлээд шилжилтийн насны хөгжлийн бэрхшээлтэй тулгардаг. Хөвгүүд үүнийг мэдрээд зогсохгүй аавыг нь орлох хүнийг өөрийнхөө таньж мэдэх хүмүүс дотроос идэвхтэйгээр хайж эхэлдэг. Хажуу айлын тэтгэвэртээ гарсан мужаанаас эхлээд цагдаа, эмч, багш нар дотроо хүртэл мөрөөдлийнхөө аавыг тэд эрсээр байдаг.

Хамгийн тохиромжтой нь мэдээж гэрт нь байгаа эр хүн юм. Харин өрх толгойлсон эхчүүд ихэнхдээ эрчүүдтэй танилцахаас айж, учир мэдэх болсон хүү нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэхээс айдаг. Аав нь тэдний ярианд сэмхэн оролцоход хөвгүүд харин ч дуртай байдаг.


 

БИ ЯАГААД ДАНДАА АЯГА ТАВАГ УГААХ ЁСТОЙ

 

 

-11 настай охин минь гэрийн ажил хийхээс байнга хойш суух юм. “Би яагаад дандаа аяга таваг угаах ёстой юм бэ?” гэж урдаас гөжүүдэлдэг. Түүнтэй энэ талаар ярилцах ёстой юу, эсвэл?

- Бүх асуудалд заавал сурган хүмүүжүүлэгчийн байр сууринаас хандах гэсний хэрэггүй. Хэрэв “Яагаад” гэдэг асуултдаа ухаалаг тайлбартай хариу хүлээх биш, эцэг эхээ удаан хугацаагаар тайлбарлуулж, хүнд байдалд оруулах гэсэн хүсэл эрмэлзэл нуугдаж байвал заримдаа “Тэгэх л ёстой болохоор” гэж хариулж болно. Хамгийн чухал нь шилжилтийн насны хүүхдэдээ эцэг, эх нь ямар үүрэг хүлээх ёстойг тодорхой хэлж өгөх хэрэгтэй.

Үүнийг бас бичгээр ч хийж болно. Шилжилтийн насны хүүхдүүд гэрээ хийх дуртай байдаг. 11-12 насны хүүхдүүд гэр бүлдээ туслах хэрэг гарвал ямар мартамхай болдог гэж бодно.

Хэрэв хоёр талаас зөвшилцөн тохиролцоонд хүрсэн л бол “Хийх ёстой л юм чинь” гэж бардам хариулж болно.


 

САЛАЛТ ТЭДЭНД МУУ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

-Эхнэр бид хоёр хагас жилийн өмнө салсан. 12 настай том охин маань үүнээс болж их шаналдаг. Охин маань хичээлдээ эрс муудаж байгаа нь ажиглагдах боллоо. Түүнд яаж хэлж ойлгуулах вэ?

- Та юу ч хэлээд хэрэггүй, зүгээр л сонсох хэрэгтэй. Түүнд энэ салалт ямар хэцүү байгааг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Охиныхоо яаж ганцаардаж байгааг ойлгохыг хичээ.

Түүний хувьд аав нь гэрээсээ явсан асуудал хамгийн аймшигтай бөгөөд аавдаа хаягдаж хоцорсон арчаагүй сул дорой нэгэн мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймээс түүний хичээл сургуульд нь анхаарч, хамтдаа гэрийн даалгаврыг нь хийлцэж, сэтгэл санааг нь хуваалцаж найзууд шиг хандах хэрэгтэй.

Ингэснээр тэр аавдаа хаягдаагүй гэдгээ мэдрэх болно.

Зураг