Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль орчинд үзүүлэх уул уурхайн сөрөг нөлөөлөл нэмэгдсээр байна

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн салбарын хөгжил манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа боловч хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдсээр байна.

Тухайлбал, Өмнөговь аймагт хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчин бүртгэгдэж байгаа бөгөөд 2007 онд 10,000 хүн ам тутамд 1148.5 өвчлөл бүртгэгдэж байсан бол 2009 онд 2188.8 болж даруй хоёр дахин өссөн нь улсын дунджаас 3.5 дахин их байна.

Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар "Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ”-ний хүрээнд бүх төрлийн төсөл эхлүүлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагууд хийж байгаа ч хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийг тухайн байгууллагын тайланд дурьдах төдий байна. 

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үйл явц нь улс орон бүрт ялгаатай байх бөгөөд тухайн улсад мөрдөгдөж буй байгаль орчны болон БОНҮ-ний хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцооноос хамаардаг.

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд тухайн бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг бүрэн тооцож үнэлснээр:

  • Нутгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлөх орчны болон химийн бохирдлыг бууруулах
     
  • Эдийн засгийн сонирхлоор шилжин ирэгсдийн урсгалыг хязгаарлах
     
  • Ажил эрхлэлт, дэд бүтцийг шинээр барьж байгуулах, сайжруулах байдлаар үр ашгийг хүртэх
     
  • Эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх байдлаар эко тогтолцооны тэнцвэрт байдлыг алдагдуулалгүй хадгалж чаддаг.

Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг үнэлж буй ихэнх БОНҮ-үүд нь тухайн бүс нутгийн агаар, ус, хөрс, дуу, шуугианы бохирдлын хэмжээ үндэсний болон олон улсад тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгаа эсэхэд анхаарлаа хандуулах ёстой. Гэтэл энэ нь хэд хэдэн шалтгааны улмаас нийгмийн эрүүл мэндэд учирч болох нөлөөллийн бүрэн үнэлгээ болж чаддаггүй байна.

Хүн амын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг хийхдээ нөлөөлөлд өртсөн хүн амын эрүүл мэндийн суурь судалгаанд үндэслэн, тэдний өртөмтгий болон дасан зохицох чадвар, байгаль орчинд нөлөөлөх магадлал, хэмжээ, ач холбогдлын бүх хэлбэрийг харуулсан эрүүл мэндийн нотолгоонд тулгуурлана.

Энэ нь эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эерэг нөлөөллийг дэмжихэд чиглэсэн нотолгоонд суурилсан эрүүл мэндийн зөвлөмж боловсруулахад үндэслэл болж өгнө.

Монгол улсад эрчимтэй хөгжиж буй буй уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хийгдэж буй БОНҮ-нд

  • Эрүүл мэндийн үнэлгээг шаардлагын хэмжээнд хийхгүй орхигдуулах
     
  • Үнэлгээний багт нийгмийн эрүүл мэндийн шинжээч оролцохгүй байх зэргээс БОНҮ-нд эрүүл мэндийн нөлөөллийг бүрэн үнэлэхгүй байх
     
  • Үнэлгээний бүх үе шатанд төлөв байдлын шинжилгээ, цар хүрээг тодорхойлох ажил хангалтгүй хийгдэж байгаагаас тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийг хянаж, нөлөөлөлд өртөх эрсдэл, нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээг бүхэн төлөвлөж чадахгүй байна.

БОНҮ-ний багт нийгмийн эрүүл мэндийн шинжээч орж ажилласнаар тухайн төслийн талаарх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ иж бүрэн хийгдэж, үнэлгээний  эцсийн тайланд хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх ажлууд тусгагдах боломжтой болох юм.