Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

МАН шинэ Засгийн газарт орохгүй гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

 Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд томилогдсоны дараа МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг МАН-тай зөвшилцөхөд бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр бид УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй. Оролцоогүй шалтгаанаа тайлбарлая.  

Улс орныг хямралт байдалд хүргэсэн ЗГ-ын танхимд ажиллаж байсан Ч.Сайханбилэг гэдэг хүнийг бид дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхий сайдын ажлыг хийж чадахгүй гэж үзсэндээ дэмжээгүй юм биш. Өнөөгийн хямралт байдлыг бий болгоход УИХ-д олонх суудалтай нам болон түүнтэй хамтарч байгаа эвсэл, намууд хариуцлагаа хүлээх ёстой гэж үзсэн. Өөрсдөө хариуцлагаа хүлээж, ачаагаа үүрэх нь зүйн хэрэг.  

Өөрсдөө хариуцлагаа хүлээж, ачаагаа үүрэх нь зүйн хэрэг.  

Энэ үүднээс МАН-ын бүлэг дэмжээгүй, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй юм.

Сая чуулганы танхимд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хямралтай байна, хямралыг давна” гэлээ. Энэ хүн хямралыг хүлээн зөвшөөрсөн байна.

Өмнө нь хямралгүй, сайхан байна гэдэг байсан. Ийм сайхан байхад ардын нам дандаа бүх юмыг харлуулдаг гэж байсан.

Харин одоо хямралаа хүлээн зөвшөөрч, энэ байдлыг олонх бид бий болгосон, одоо хариуцлагаа хүлээж ажлаа шуурхайлна гэж байгаа нь яах аргагүй буруу ажилласан, хямралд хүргэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг” гэв.


Дээрх мэдээллийн дараа МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Шинэ Ерөнхий сайдыг томилох зөвшилцөлийг танай намын бүлэг дэмжээгүй. Тэгэхээр Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн үг үү?

-Ер нь тэгж ойлгож болно. Дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ачаагаа олонх суудалтай нам үүрээд явах ёстой. Тэд асуудлыг бий болгосон. Асуудлыг өөрснөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

-Засгийн газрын сайд нарыг томилох асуудалд ямар байр суурьтай оролцох вэ? 

-Тухайн үед нь асуудлыг шийднэ. Сайд нарт ямар хүн нэр дэвших вэ гэдгээс хамаарна. 

-Засгийн газрын бодлогын асуудалд хэрхэн хандах вэ?

-Бид Засгийн газрын асуудал болгон дээр анхаарал тавьж, шийдвэртэй оролцож байсан. Зөв бодлогыг дэмжиж, бурууг нь шүүмжилдэг байсан.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд дийлэнхдээ буруу бодлого явууллаа. Үүний дүнд ард иргэдийн амьдарлыг доройтуулсан хямралт байдал бий болгосон. 

Шинэ Засгийн газар хямралаас гарах зөв бодлого явуулах юм бол бид дэмжинэ. Харин өмнөх засаг шиг буруу бодлого явуулах юм бол хариуцлагын асуудлыг дахин ярина.  

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/